Бичлэгийн тоо 497
Бороо зогсох дөхөөд ирэнгүүт шууд нар гараад л, хэсэгхээн зуур нартай бороо ордгийн. Аав ээж "Миний охин чийгтэй өвсөн дээр хөл нүцгэн гүй, хоолойны ангинагүй болно" гээд. Гараад гүйнгүүт бусад айлын хүүхдүүд ч бужигналдаад гараад ирдгийн. Ногооны үнэр хамар цоргиод л... Таана хамгийн хурц үнэртдэг юм. Тарваганууд гарч ирж дошныхоо араас хошгироод л. Төд удалгүй манайхны зуслангийн зүүн хойно байдаг жижиг гүвээн дээгүүр солонго татдаг юм. Солонго дандаа зүүн талд татдагийн. Улаан шандны баруун урд талын өндөр хүрэн уулан дээгүүр солонго татахыг харах юмсан гэж их боддог байж билээ. Учир мэдэхгүй бацканууд солонго барьчих санаатай, үгүй ядаж хажууд нь очиж үзчих санаатай солонго руу гараад чавхадчихдаг юм. Харин би тэр гүвээн дээр гараад очингуут солонго дараагийн гүвээн дээр оччихдог, ахиад тэр лүү гүйж байтал ахиад дараагийнх дээр очдог, тэгсээр байгаад бүдгэрээд алга болдог гэж мэддэг болчихсон байсан үе. Өмнө нь солонго барих гэж гүйдэг ч байсан байж магадгүй, там тум тэгж санагдаад байдгийн, солонго зугтаасан гэж аавдаа гомдол мэдүүлж байсан ч юм шиг. Аав намайг дээшээ өргөөд "Одоо солонго нь ойрхон харагдаж байна уу?" гээд асуудаг байсийн. Харин жаахан том болоод ирэнгүүтээ солонго руу гүйхийн оронд тухтайхан зогсож байгаад долоон өнгийг нь ялгаж харах гэж хичээдэг болсон юм. Зүүн хойд хөтөл дээр гүйж гараад солонго харахаар гэрийн хажууд зогсож байгаад харснаас хамаагүй том харагддаг юм. Хараад л байдийн, хараад л байдийн, өнгө нь нэгээс нөгөөдөө уусаад, би долоон өнгөө ялгаж харж чаддаггүйн. Яг долоон өнгө нь ялрагч харагддаг солонго хэзээ гарах бол гэж ааваасаа их асуудаг байж билээ. Солонго руу харж харж байгаад гэнэт өөр тийшээ харангуут хаа сайгүй солонго анивчаад л, солонгон дотор ээж борооны өмнө хураагаад чингэлэгэнд хийсэн чигтэй цагаан идээгээ гаргаж дэлгээд, аав машиныхаа хажууд ямар нэг юм хийгээд, өвөө газар бэрзээнтээ дэлгэж дөнгөж түрүүн угсарсан хаалганыхаа яс модыг гаргаж ирж гэрээ түшүүлж тавиад, морин ширээн дээрээ суугаад ямар нэг мод харуулдаж харагддагийн. Төд удалгүй аав "Миний охин хүрээд ирээ" гэж дуудаад, өвөө ээж хоёр луу "Миний муу охин жаахан залхуу юм байгаан шд" гэж өхөөрдөхийг нь сонсдог юм. Би аавд өргүүлж байгаад солонго алга болохоос өмнө ахиад жаахан харах гээд нүдэндээ солонго анивчуулсаар буцаад гүйдгийн.