Гадаадад байгаа иргэдээсээ тодорхой санал авч, судлах зайлшгүй шаардлагатай.
查看 1097 推荐 0 2009.06.10 19:12:45Хилийн чанадад амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан Засгийн газрын ажлын албаны дэргэдэх зөвлөл саяхан хуралджээ. Иймээс хуралдааны дараа тус зөвлөлийн дарга Б.Долгортой уулзан хэлэлцсэн асуудлынх нь талаар тодрууллаа.
-Хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл хуралдлаа. Ямар асуудалд голлон анхаарахаар болов?
-Ерөнхий сайдын зүгээс гадаадад суугаа монголчуудаа зориулан захидал бичсэнийг та бүхэн мэдэж байгаа. Тэр захидлыг зүгээр ч нэг биччихээгүй. Гадаадад байгаа монголчуудтайгаа хамтран ажиллах, тэднийхээ эрх ашгийг хамгаалах, эх орондоо эргэн хувь нэмрээ оруулах үүднээс ямар ажлыг хийх шаардлагатай байна гэх утгаар нь асуудалд хандсан. Ерөнхий сайдын захидалд хариу ирсээр байгаа. Иймээс яамдын үйл ажиллагааг хооронд нь уялдуулан зохицуулах, мөн Ерөнхий сайдын анхаарлын төвд энэ асуудлыг байнга байлгах үүднээс орон тооны бус зөвлөл байгуулагдсан. Манай зөвлөл ажлын албатай байх юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнд ГХЯ, БСШУЯ, ХЗДХЯ, НХХЯ, ЭМЯ болон Хүний эрхийн үндэсний комиссоос орж төрийн нарийн бичгийн даргаас дээш төвшинд хамрагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бодлогын хэмжээнд салбар салбарын бодлогыг нэг гараар зангидна л гэсэн үг.
Зарчмын асуудлуудаа холбогдох газруудтай нь хамтран судалсаны дараа сая зөвлөл хуралдан ерөнхий чиглэлээ гаргалаа. Нэгдүгээрт хилийн чанадад ажиллаж, сурч байгаа иргэдэд тухайн оронд нь аятай таатай нөхцөлийг нь бүрдүүлэхэд анхаарах юм. Тэнд байгаа хүүхдүүдийн сурах боломжийг хангахад анхаарна. Мэдээж хэрэг ажиллаж байгаа хүмүүсийн бичиг баримт, бүртгэлийн гэхчилэн бэрхшээл их байдаг. Энэ бүхэнд нь туслахын тулд тухайн улс орны холбогдох байгууллага, Засгийн газартай нь хамтран ажиллаж, асуудлуудыг шийдвэрлэнэ. Хоёрдугаарт гадаадад байгаа монголчуудыг эргээд Монголтойгоо, ар гэртэйгээ холбогдож хөрөнгө оруулалт, амьжиргааны дэмжлэг үзүүлэхэд нь бэрхшээлгүй болгоход голлож үйл ажиллагаагаа явуулах юм.
-Цагаачлалын асуудалд манай Засгийн газар ямар байр сууринаас хандах гэж байна?
-Шилжин суурьшигчдын тухай конвенци буюу цагаачлалын асуудалтай холбоотой конвенцид нэгдэн орох тухай асуудлыг нэг мөр шийдвэрлэнэ. Хоёр Засгийн газрын хооронд энэ асуудлаар гэрээ хэлэлцээр хийнэ. Манай Улсын хувьд ч гэсэн хууль эрхзүйн зохицуулалт хийх асуудал нэлээд байгаа. Хоёрдмол харъяалал зайлшгүй шаардлагатай. Гэхдээ гарцаа байхгүй Монгол Улсын эрх ашигт нийцсэн тодорхой хязгаартайгаар зөвхөн монгол хүмүүстээ үйлчилдэг хууль эрхзүйн орчин байх ёстой.
-Гадаадад байгаа монголчууд маань ар гэртээ мөнгө илгээх зэргээр өнөөгийн нийгмийн амьдралд тус нэмрээ өгсөөр байгаа. Гэхдээ үүнд нь бас саад, бэрхшээл гарах нь их байх шиг?
-Яг наад асуудлыг чинь бас судалж байна. Гадаадад байгаа иргэдээсээ тодорхой санал авч, судлах зайлшгүй шаардлагатай. Ядуурал, ажилгүйдлийг багасгах, өрхийн амьжиргааг дэмжих Засгийн газрын бодлоготой нийцэж бодитой ажил болгох ёстой гэж үзэж байна. Түүнээс гадна гадаадад байгаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах дээр голлон ажиллана. Одоо чинь бараг хаана, хэдэн хүн байгаа нь мэдэгдэхгүй байгаа шүү дээ. Ер нь нэгдсэн бүртгэл мэдээлэлтэй болж, юу шаардлагатай байгааг нь мэдэх хэрэгтэй байна. Манай зөвлөл ажлаа интернэтийн орчинд явуулах юм.
-Гадаадад байгаа иргэд ихэвчлэн төрөөс иргэддээ олгож байгаа газар хувьчлал гэх мэтийн халамжийн асуудлаас хоцорч байдаг?
-Эх орны хишиг хүртээнэ гэж байна. Монголчууд бүгдээрээ л хүртэх эрхтэй. Мөн сонгуулиа монгол хүн л бол өгөх эрхтэй. Газраа ч гэсэн Монгол Улсын иргэний хувьд авах эрхтэй. Гэтэл эдгээрт хамрагдаж чаддаггүй. Энэ бүх асуудлыг нэг мөр шийдвэрлэнэ.
Моононгийн Мөнхчимэг