Ээжээ та сайн сууж байна уу?

Холын хол алсын алсад дулаахан байна уу? агаар нь зөөлөн юм уу?
Өчигдөр зургийн цомог үзлээ.
Залуухан сайхан ээжийнхээ хормойноос зүүгдээд хушуугаа метр сунгасан эрх зургаа үзлээ.
Залуухан сайхан ээжтэйгээ адилхан болсон өөрийгөө өнөөдөр өглөө толинд харлаа. Ингээд бодохоор ижий минь та ямархуу болсон болдоо? нас тань өтөлж зүс тань өөрчлөгдсөн болов уу? намбайсан зөөлхөн эмээ болсон болов уу? ядаж нэг харах юмсан даа таныгаа....



Шуудан байдаг бол наанаасаа сайхан зургаа явуул гэх юмсан....
И-майлээр ч болсон илгээ гэж нэхэх юмсан.
Нэхээд явуулахгүй бол нээх сайхан бахирж ирээд эрхэлж уйлах юмсан....

Даанч энэ хорвоод зэгэлхэн бүдэгхэн зүүднээс өөр холбоо үгүй болсон болохоор сэтгэлдээ үлдсэн зурагтайгаа ...
Залуухан сайхан ээжтэйгээ хамт өтөлсөөр одоо танаасаа хөгшин болох нь ээ....

Сайхан, залуухан ээж минь та надад зургаа зүүдний минь ертөнцөөр дамжуулаад илгээгээч ээж ээ
Сайхан, залуухан ээжийнхээ энгэрт нь наалдаж зүүдлэх гэхээр залуухан сайхан ээждээ зөнөг харагдаад байх юм аа...
Намуухан, зөөлхөн буурал ээжийнхээ өврийг дэрлэж, унтаж нэг зүүдэлмээр байна аа ээж ээ