Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярт БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Ил бараалхав. Ерөнхий сайд С.Баяр эрхэмсэг ноён Жон Илийг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд БНСУ-тай харилцаагаа улам хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг дурьдаж, өөрөө Ерөнхий сайдаар томилогдоод анхныхаа гадаад айлчлалыг БНСУ-д хийснээ онцлон тэмдэглэв.
С.Баяр БНСУ, Монгол Улсыг эдийн засгийн шилжилтийн анхны үеэс дэмжин тусалж ирсэнд Монголын ард түмэн гүнээ талархаж байдгийг тэмдэглэж, өнөөгийн эдийн засаг, санхүүгийн хямралыг даван туулахад ч анхаарч дэмжлэг үзүүлж байгаад талархалаа илэрхийлж, хоёр орны харилцааг “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны Түншлэл”-ийн зарчмын дагуу бүхий л салбарт хөгжүүлэх, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэв. БНСУ-аас 1990-2008 оны хооронд нийт 185,4 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийгдэж, худалдааны эргэлт 2008 онд 224.4 сая ам. долларт хүрчээ.
Уулзалтын үеэр БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа дэд бүтцийн зарим төслүүд удаашралтай байгаад аль аль талдаа дүгнэлт хийж, ойрын үед ажил хэрэг болгох нь зүйтэй хэмээн хоёр тал ярилцлаа.
Ерөнхий сайд С.Баяр Монгол Улсын Засгийн газар ашигт малтмалынхаа нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд БНСУ-ын оролцоог дэмжих, хоёр талын болон бүс нутгийн хэмжээнд харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийг энэ дашрамд дурдлаа. Тухайлбал, БНСУ-ын Консорциум Таван толгойн ордод хөрөнгө оруулах тодорхой санал тавиад байгааг сайшааж, Засгийн газар, УИХ-аас хөрөнгө оруулах орчны эрхзүйн нөхцөл, бодлогыг тодорхой болгох ажлууд хийгдэж байгааг дурьдав.
Ерөнхий сайд хоёр талын харилцааны дунд хугацааны хөтөлбөр байгуулахаар тохиролцоонд хүрсэнийг сайшаан тэмдэглэж, уг баримт бичигт энэ ондоо багтаан дээд хэмжээнд гарын үсэг зурах сонирхолтой байгаагаа уламжилж, Элчин сайд энэ саналыг дэмжлээ.
Түүнчлэн 2010 онд тохиох хоёр улсын димломат харилцааны 20 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэхийг хоёр тал дэмжив. Хоёр орны иргэд ч харилцан визгүй зорчиж болох нөхцөл жилээс жилд сайжирч байгааг харгалзан хоёр тал энэ асуудлыг судлаж ажил хэрэг болгохын чухлыг тэмдэглэв.
Элчин сайд Жон Ил Хоёр орны хоорондын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг хөгжүүлэх, агаарын харилцааны гэрээний байдлын талаар судлан шийдвэрлэх, хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг үзэглэх, Монгол орон руу БНСУ-ын том компаниудын сонирхолыг чиглүүлэхийн төлөө анхааран ажиллахаа мэдэгдэв. Элчин сайд БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтөй байгааг дурьдаад тэр үеэр олон асуудлыг шийдэх боломж бүрдэнэ гэдэгт найдаж байна хэмээн хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
http://news.gogo.mn/r/54615