
Мөрөөдөл нь дахиад л биелсэнгүй. Кливленд хотынхон 45 жилийн турш мөрөөдөж байна. Энэ хотын мэргэжлийн спортын баг нь 45 жилийн турш мэргэжлийн лигт түрүүлээгүй. Харин ЛеБрон Жеймсийн ачаар эндэхийн сагсны баг нь НБА-ын аварга болох боломжтой болсон.
2007 онд аваргын төлөө шалгарсан ч Спэрс тэднийг юу ч болгоогүй. Яахав тэр үед ЛеБрон 22-хон настай, туршлага ч арай бага байсан байх.
Харин энэ улиралд Кавальерс улирлын турш лигийн шилдэг баг байсан. 66 хожил, 16 хожигдол. Талбай дээрээ 39-2. Кавальерсийн онооны зөрүү нь дунджаар +8.9. ЛеБрон улирлын хамгийн Үнэ цэнэтэй тоглогч. Кливленд хотынхон төдийгүй олон олон сагсан бөмбөг сонирхогчид Кавальерс энэ жил аварга болох өндөр магадлалтай гэж бодож байсан болов уу. Аварга болдоггүй юм гэхэд ямар ч байсан Коби - ЛеБроны супер финал үзэхийг хүсч байсан байх.
Гэвч Кавальерс шигшээ тоглолтонд шалгарч чадсангүй. Плей-оффийн эхний 2 шатыг тус бүрд нь 4:0-ээр ялж, юунд ч бүдрэхгүй мэт байсан Кавальерс конференцийн аваргын төлөө Орландод 2:4-өөр хожигдлоо.
Хожигдлын шалтгаан нь Орландогийн сайн тоглолт, тухайлбал тэдний холын шидэлтүүд байсан. Цувралын 6 тоглолтонд Мэжик нийт 62 удаа холын шидэлтээ оновчтой болгосон. Уг нь Кавальерс энэ улирлын лигийн хамгийн сайн хамгаалалттай багийн нэг, тэр дундаа эсрэг багаа 3 онооны шидэлтийг хамгийн муу амжилттай шидүүлдэг баг. Гэвч Орландогийн Рашард Льюис, Хедо Туркоглу зэрэг өндөр тоглогчид нь 3 онооны шидэлтийг хайр найргүй оновчтой болгож байлаа. Тэднийг хамгаалж байсан Илгаускас, Варежао, Бен Уоллес зэрэг удаан тоглогчдыг үүнд буруутгах аргагүй л дээ. Бас Дуайт Ховард дээр дабл-тим хийх үед Мэжикийн мэргэн буучид сул гарах нь зайлшгүй. Энэ мэтчилэн Мэжик бүх л цувралын турш амархан оноо авч байлаа.
Эсрэгээр Кавальерсийн Мо Уилльямс зэрэг гол тоглогчид нь төдийлөн сайн байсангүй. ЛеБрон мэдээж хийх ёстойгоо хийж байсан ч Рашард Льюисийн хэлснээр ганц хүнээс илүү 5 хүн сайн тоглох нь чухал. Энэ цувралын хамгийн сайн тоглогч нь Кливлендийнх байсан ч дараагийн 4 тоглогч нь Мэжикийнх байсан.
Хожиж байгаа багийн бүх л юм төгс харагддаг. Мэжикт хожигдохоос өмнө Кавальерст сул тал бага мэт санагдаж байсан. Гэвч хожигдсоных нь дараа харахад Кавальерс төгс баг биш гэдэг нь илхэн байна. Майкл Жордан ч ганцаараа Буллзыг аварга болгоогүй. Буллзд өөр нэгэн агуу тоглогч Скотти Пиппен байсан. Одоо лигийн өнгийг тодорхойлж байгаа бусад багуудад 2-3 маш сайн тоглогчид байгаа.
Кобид Газоль тусалж байна, мөн Одом хэмээх олон талт тоглогч байна. Байнумийг саяхан болтол л лигийн ирээдүй гэж байсныг ч дурдъя.
Орландод Дуайт, Рашард, Хедо 3 ямар сайн ойлголцож байна аа. Бас Бүх оддын тоглолтонд сонгогдсон Жамеер Нельсон байгаа. Гэснээс Нельсон Лейкерсийн эсрэг шигшээ тоглолтуудад тоглохоо мэдэгдээд байгаа.
Наггетсд Мело, Биллапс гэсэн 2 од, дээр нь Нене, Жи. Ар, Мартин.
Селтикст мэдээж “Их гурвал”+ Рондо. Спэрст Данкан, ПАркер, Жинобили.
Харин Кавальерст ЛеБроноос өөр хэн байна?Мо Уилляьмс Бүх оддын тоглолтонд оролцсон л доо. Гэхдээ өмнөх сонгогдсон тоглогчид нь гэмтээгүй бол Дэвид Стерн түүнийг Оддын тоглолтонд оролцуулж чадахгүй л байсан. Тэгэхээр Кавальерсийн бүрэлдэхүүн хангалтгүй байна. ЛеБрон ганцаараа зүтгээд харин ч хол явах шиг. Кавальерсийн удирдлага энэ зун Шакилыг Варежаогоор солих тухай ярьж байгаа бололтой.
Угаас Кавальерс энэ улиралд хамгийн сайн амжилт үзүүлсэн ч Бостон, Орландо, Лейкерсийн эсрэг нийт 9 тоглохдоо 6-д нь хожигдсон байна. Эдгээр 6 хожигдол нь дунджаар 13.8 онооны зөрүүтэй. Топ багуудын ийм муу тоглож байсныг нь бодохоор ерөөсөө л Кавальерс болоогүй байна. Өшөө сайжрах хэрэгтэй. Ганц тоглогч бүгдийг хожиж чадахгүй.
ЛеБрон залуу байна, дахиад олон улирал тоглоно. Аварга болох нь гарцаагүй байх л даа. Гэхдээ ирэх улирал дуусаад ЛеБрон чөлөөт агент болно. Тэр Кавальерсийг орхивол яах вэ? Кливленд хотынхны аварга багтай болох гэсэн мөрөөдөл дахиад л замхарлаа л гэсэн үг.