Гадаадад байгаа Монголчуудыгаа Монголынхоо хөгжилд хувь нэмэр оруулах үйлсэд оролцуулахын тулд Орлоо сайт, ''Бүтээлч үрс'' нийгмийг хөгжүүлэх төвтэй хамтран ажиллахаар болоод 86400 студиогийн хийсэн нэвтрүүлгүүдийг тавьж эхэллээ. "86400" нийгмийн хөгжлийг дэмжих аяны талаар болон Бүтээлч үрс төвийг та бүхэндээ танилцуулж байна. Энд дарж анхны дугаарыг үзнэ үү.
Зорилго: "86400" нийгмийн хөгжлийг дэмжих аян нь бүтээлч, хөдөлмөрч үйл ажиллагааг дэмжих, нийгмийн хөгжилд иргэд, албан байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, Монгол улсын хөгжилд тулгамдаж буй тодорхой асуудлуудыг төр, төрийн бус байгууллагуудын хамтын хүч, хялбархан арга замаар даван туулах хандлага, чадварыг нэмэгдүүлэхэд оршино.
Дэлхийн улс орнууд өөр өөрийн хөгжлийн замыг туулж ирсэн байдаг. Улс орнуудад тулгардаг нийтлэг бэрхшээл нь хог хягдал, утаа, зам засвар гэх мэт хүний бүтээлч үйл ажиллагааг шаардсан асуудлууд байдаг. Улс орон бүр тэрхүү бэрхшээлийг даван туулах хялбар арга барилыг хайж олсон бөгөөд Монгол улс ч гэсэн тэрхүү арга барилаас суралцах, нийгмийн хөгжил дэвшилд иргэдийн дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч үрсийг олноор төрөн гаргах зорилгоор "Бүтээлч үрс" нийгмийн хөгжлийг дэмжих нэвтрүүлгээс "86400" нийгмийн хөгжлийг дэмжих аяныг зохион байгуулж эхлээд байна.
Хэцүү бэрх энэ цаг үед хүмүүсийн эв эетэй байж, хамтран хөдөлмөрлөж, хамтдаа хөгжлийн төлөө алхасанаар эдийн засгийн бэрхшээлийг даван туулах боломжтой юм. Та бид өмнөх цаг хугацаанд тус тусдаа олон арван төсөл, аян, бүтээлч үйлсийг хөхүүлэн дэмжиж, уриалан дуудаж зохион байгуулсан ч үр дүн нь тухайн газар нутагт л үлдээд хоцордог муухан зуршил бий болжээ. Иймээс "86400" нийгмийн хөгжлийг дэмжих аяныг Монголчууд бид бүгдээрээ хамтран ажиллах нь зорин тэмүүлж буй хөгжил дэвшилд хүрэх хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга мөн гэдгийг ухамсарлан нийгмийн бүхий л салбарт, шийдэж болох бүхий л асуудлыг, хамтарч болох бүхий л байгууллагуудтай хамтрахыг зорьж байгаа болно.
Монголчууд өнөөдөр улс орон, нийслэл хотоо хөгжүүлэх цаг иржээ. Нийгмийн хөгжлийг улс төрчдөөс, төрийн байгууллагаас бус өөрсдөөсөө, гэрээсээ эхлүүлэх нь "86400" нийгмийн хөгжлийг дэмжих аяны гол зорилго юм. "86400" нийгмийн хөгжлийг дэмжих аян бол улс төрийн аливаа нам, эвслээс хараат бус зөвхөн Нүүдэлчин Монгол түмнийхээ сэтгэлгээ, бусад улс орны туршлага дээр тулгуурлаж нийгмийн хөгжилд учирч буй саад бэрхшээлийг даван туулахад иргэд, залуусыг оролцуулахад чиглэгдэж байгаа юм. Далайд дусал гэдэг шиг хүн бүр өөр өөрийн Монголжуу ухаанаараа нийгэмдээ тулгарсан саад бэрхшээлийг даван туулах арга замыг сэдвэл хог, утаа, замын хальтиргаа, түгжрэл гэх мэт хөгжлийн алтан замд саад болж буй асуудлыг хялбархан шийдэж болох юм. "86400" нийгмийн хөгжлийг дэмжих аян нь төрийн, төрийн бус, олон улсын байгууллага, компани, хуулийн этгээдтэй хамтран ажиллаж шийдвэрлэж болох асуудлуудад аливаа бизнесийн ашиг сонирхолгүй зөвхөн нийгмийн хөгжил дэвшилд иргэдийн оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Тиймээс та бүхнийг манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Үйл ажиллагааны хөтөлбөр:
1."Цэвэр орчин - эрүүл амьдрал" хялбаршуулсан хогийн сав хийх ажил 2. "Эрхэм баян эрдэм" номын аян, лекц 3. "Шөнийн амьдрал - Хотын залуус" 4. "Оюутан оюутандаа" хөгжлийн аян 5. "XXI зууны Bus stop" хот тохижилтын аян 6. "Дэлхийд гайхуулах Монгол өв соёл" өртөөчилсөн аялал 7. "Эрүүл мэнд - энх амьдрал" бүх нийтийн гүйлт 8. "Ажлын байр амьдралын баталгаа" үзэсгэлэн 9. "Бүтээлч үрс" хүүхдийн наадам 10. "86400" бүтээлч залуучуудын аяны хаалтын ажиллагаа 11. "Утаагүй Улаанбаатар" аян 12. "Цэвэрч Улаанбаатар" нийтийн цэвэрлэгээ |