Залуу бүсгүйд ээжээс нь захидал ирж, захидал улс орны аж байдал болоод наашлан буй зун цагийн эхлэл найртай сайхан байгаа тухай, ах дүү, амраг садан цөм амар амгалан амьдарч байгаа гээд хол ойрын сонин хачинг түүнд хүргэсээр эхлэв.
Бүсгүй нүүрэндээ инээмсэглэл тодруулан захидлыг цааш уншин аанай л ижийтэйгээ уулзан суугаа мэт царай нь нялхарч, хэдэнтээ уртаар санаа алдана. Аав ээжээс хол харийн газар амьдрах түүнд хил дамнан нисч ирэх захидал болоод захидлын дугтуйнууд хамгаас илүү үнэ цэнэтэй хөрөнгө нь болж хадгалагдан үлддэг.
Уртаас урт захидлын төгсгөл хэсэгт дэхь " Ах нь нэг хүүхэн дагуулж ирээд байх болсон, хүүхэдтэй л юм гэнэ, өмссөн зүүсэн нь жаахан тааруухан л юм, том ах чинь өнгө алдсан хувцастай, арчаа муутай хүүхэн гээд байгаа, нээрээ ч харахад тийм л байна " гэх өгүүлбэр бүсгүйн анхаарлыг ихээр татаж, хэдэнтээ давтан уншлаа.
Инээж байсан бүсгүйн царай алгуурхан бүүдийж, нүдээрээ цонх хий ширтэн бодолдоо ижийтэйгээ ярилцана.
.... Ээжээ өнөөдөр та айлын охиныг хүүхэн гэж дуудаад өмссөн зүүснээр нь шинжин сэтгэлдээ гоочилж суухад маргааш яг тань шиг нэгэн ээж таны жаахан гэж боддог эрх охиныг чинь хүүхэн гэж нэрлээд, өмссөн зүүсний сайн муу, өнгө будгаар нь үнэлж, өөр нэгэнд танилцуулан байх нь сайхан гэж үү.
Өмсөж зүүсэн хувцасны чанар болоод өнгө зүс яахав дээ хоёр хүний сэтгэл нийлээд сайхан амьдарвал тэр байтугайг л шинэчилж болно. Өнгөө алдсан нь хувцас нь болохоос сэтгэл нь биш байх та минь ойлгож, зөөлөн л ханд хүний бүсгүй үрд.
Үйл заяаны хорвоод таны сэтгэлийн өглөг үрийн чинь амьдралыг тэтгэн гэрэлтүүлэхийг бодож өгөөмөр байгаарай ээж минь та. Хүүхэдтэй л байг дээ яахав, урсаад өнгөрсөн түүх бүхэнд төрж биш, төөрч учирсан эцэг үр олон байсан, тэр нялх ертөнцийн сэтгэлд хэрэв бид хайр үрслүүлж, элгэндээ ивлэгэж чадвал хожмын өдөр хүүг тань ачлах ачтан ч болж мэднэ.
Ойлгож байна аа таныхаа сэтгэлийг, муугаас холдож сайнтай ханьсаад хүний амьдралын эдэлж болох бүх жаргалыг амсаасай гэсэндээ үрээ харамлаж байгааг, гэхдээ ээжээ таны нүдэнд өөнтөглөгдөн байгаа тэр бүсгүй бас л ах бид хоёр шиг айлын нялх үр, аминаас тасарсан амь шүү дээ.
Ганц хүүгээ өгөх та минь гадаад дотоодгүй харж байхад хоёр хүнээ өгөх айл түүнээс ч илүүгээр шинжиж суугаа биднийг, эхлээд хүний сэтгэлд сүү дуусаавал хожим гэм хийсэн ч цайрдаг, ус дусаавал хожим гавъяа байгуулсан ч хорон атаа дагуулдаг гэж та минь сургадаггүй гэж үү.
Алдаагүй ариун хүн гэж хаана байхав, эхлээд нэг алдсан бүсгүй энэ удаад алдах гэж бус амьдрах гэж тэмүүлж яваа, хайраар л тосоод авчих ээж минь. Тань шиг уяхан сэтгэлтэй зөөлөн ээж голох юм бол өөр ямар ээж тэднийг тосч аваад элгэндээ ивлэгэх юм бэ.
Өнөөдөр ээж минь та айлын охины тухай хөндий хүйтэн үгтэй захидал бичиж суухад өөр нэгэн өдөр, өөр нэгэн ээж миний тухай ийнхүү бичиж суувал сайхан байх уу. Үгүй дээ миний охин цэвэр цэмцгэр, чамин ганган гэж магад та охиноо өмөөрөх байх, гэвч ээж минь голохоо хүрвэл эрдэнэс адил мянгантаа гялалзаад ч тусыг эс олно...
Бодолдоо ижийтэйгээ зөрчилдөж, зүрх гарган том дуугарсандаа бүсгүй түмэнтээ гэмшинэ, гэвч бүсгүй заяанд төрсний учир ам хамхин дуугүй сууж чадсангүй Ижий тэнгэр өршөө гэж сэтгэлдээ залбирч л суугаа.