
Бичлэгийн тоо 4,494
| |
Ченжуудтэй хаяа нийлэх шахуу байдаг “өвгөнтийнхөн” тэднээс арай л өөр хүмүүс. Тэдний нүднээс нойроо харамласан бүлцгэр нүд, шуналтай ширүүн харцыг би ер олж харж байсангүй. Өөрт нь байсан шунал тачаал, хүсэл мөрөөдөл, эрмэлзлэлээ тэд нар өдөр бүр шилтэй шингэнээр худалдсаар байгаад тэдэнд одоо юу ч байхгүй болсон байх. Тэдний үнэ цэнэтэй жил хэдхэн жил, хэдэн арван жил гээд олон төрлийн харьцангуй хугацаанд хүсэл мөрөөдөл, сайн сайхан бүхний төлөө хундага тулгаж, тулгасан хундагныхаа тоогоор хүсэл мөрөөдөл бүхэн нь урсан алга болсон ч гэсэн нийгэм тэднийг хүн хог болгочихсонд харамсалтай санагдана. Одоо тэдэнд шилтэй шингэнд шунах шунал нь л үлдэж сүүлчийн энэ чанараараа хамгийн хортой, хамгийн муу шингэн зүйлээр худалдан авч “хамгийн жаргалтай” хүмүүс болж хувирчээ. Миний таньдаг энэ хүмүүс өдөр өдрөөр хорогддог боловч шинээр шилжин ирэгсдийн цуваа жилийн 4 улиралд үл тасалдана. Энэ хүмүүс нийгмийн хог болсон ч тэдэнд адгууснаас ялгагдах хайр дурлал, гэр бүлийн амьдралын аз жаргал байдаг бөгөөд өөрсдийн овгор атаман, дагаж мөрдөх хууль дэг байдаг бололтой. Гэхдээ тэднийг хэн ч үл тоомсорлоно. Тэднийг тоодог хүмүүс нь тэднээр амжиргаагаа залгуулдаг ШАГ-чид. Шагчид нь өөрсдийн байрлал, хил хязгаар байхгүй мөнгө хаана олж болох уу? тэнд “түргэн тусламжийн тэрэг” шиг давхиж явдаг хүмүүс. Хэрэгцээтэй цагт нь ирж үйлчлүүлэгч нараа “төрийн хуулийн ивээлээр орж ирсэн” хороороо угжиж өгнө дөө. Тэдэнд спиртын наймаагаар баяжиж улс төрд орж ирсэн цөөн тооны Олигархуудтай адилхан үйлчилдэг хууль гэж байхгүй. Манай спиртны “том наймаачид” наймааг нь дэмжсэн үе үеийн өвгөнтийнхөнд хүндэтгэл үзүүлээсэй. 1994 онд Жириновский өөрийн нэртэй архиа зарж дуусаад хүндэтгэл илэрхийлж байсан юмсан. Хүүхдийн паркны мөндөл-д хүндэтгэл үзүүлэгч наймаачдын мөр одоо хүртэл балраагүй л байна.Шагчид л өвгөнтийнхний хувьд “Тэнэгэрийн ариун элч” нар гэсэн үг. Өвгөнтийнхөн шагчдын үгнээс гарахгүй үнэнч хүмүүс, ууж согтуурчхаад ч гэсэн тэдний өмнө хонь шиг байдаг болохоор тэдний дусал нулимас юу ч үгүйлэхгүй хоосон байдаг. Дээр үеийн архичид аргагүй л хүний сайн, архины чанартайд туйлсан тэмээ шиг байдаг байждээ. Өвгөнтийнхөн бидний дунд үргэлж бэлтгэгдэж байдаг болохоор маргааш магадгүй хэн нь ч хамгийн сүүлчийн сэтгэл зүрхээ Мефистофельд хороор худалдаж уух вии гэж байнга бодож байх хэрэгтэй. Би одоогоор сайн архийг сайн нөхөдтэй нийлж уухыг хүсдэг болохоор архичин биш байх гэх боловч энэ нь хэмжээнээсээ ихэдвэл яах бол??? Энэ хор миний Монголоос холуур байгаасай.Өвгөнтийнхөн маань хаяаагаа нийлэн үргэлжлэх наймаачид, цайны газрыг НОХОД-той хамт царайчлан амьдардаг. Тэднийг өдөр бүр захаас хөөх боловч бид зугатааж чадахгүй шүү дээ.Наймаачид, Захын ажилчид энэ захын хамгийн ажилсаг мөртлөө ширүүн давалгайт тэнгист сэлүүрээ гээсэн “азгүй” завьчид шиг хэцүү амьдралтай хүмүүс. Тэд хаяаа нийлэх өвгөнтийнхөн шиг болохгүйн тулд бор зүрхээрээ явж байгаа ажилсаг хүмүүс. Тэдэнд ийм хувь заяааг Нийгэм нь өөрөө заагаад өгчээ. Энэ хүмүүсийн ихэнх нь манай МАСС-ыг тэжээж яваа “ЭХ”-чүүд. Тэд хэнээр ч заалгахгүй ажлаа эртлэн эхлэнэ. Өглөө эртлэн бараагаа зөөж байрлуулах, үнс муу усаа асгаж түлээ түлшээ бэлтгэх үед нь миний ажлын зам таардаг болхоор ажил нь хэрхэн өрнөхийг, цаашид ямар төлөвлөгөөтэй өчүүхэн ч үл мэднэ. Шоргоолж шиг бужигнан ажиллах тэдний дунд тэрэгчингүүд хамгийн их эрэлттэй байдаг. Хэн хэн нь тэрэгчингүйгээр ажлаа амжуулна гэдэг хэцүү мөртлөө бие биендээ дургүй. Тэгсэн атлаа бие биегүйгээрээ амьдарч чадахгүй. Энэ бүх хүмүүст нэг л том эрх чөлөө байдаг. Тэд хэнээс ч цалин авдаггүй ч цалинтай ажилчдаас илүү цаг нарыг сайн барьж, мөнгөний үнэ цэнийг мэдэрдэг “ажилсаг хүмүүс” юм.Түүний дараа миний ажлын зам гуанз, тэрэгчдийг хаяалсан нохой сүрэг, хогийн цэгийг дайран үргэлжилнэ. Замбараагүй олон юмс үзэгдэл цугласан газрын ноход нь хүртэл замбараагүй үржил явуулдаг бололтой. Жилийн 4 улирлын турш хөлөдж үхсэн, өмхийрч үхсэн замд байнга таарна. Тэдний нарын эволюци хаана хүрч ямар ч үр дүнд хүрж болох ч үл тоомсорлох хүмүүс өчүүхэн ч чөлөө завгүй хөдөлмөрлөнө. Юм хяналтаас гараад түүнийг буцаагаад хяналтандаа оруулах нь дайны хэмжээний гамшиг авчирдаг зүйл гэж генерал Маршалл дайнаас сургамж аваад хэлжээ. Нохойдоо хамт юм булаалдах хогчид зун нь хог түүж, өвөл нь нүүрс түүж цагийг өнгөрүүлнэ. Тэдний ихэнх нь өвгөд, эмгэд. Сүүлийн мөрөөдөл, найдлага болсон үр хүүхдүүд нь тэднийг ийм ажил хийлгэхэд хүргэсэн юм болов уу? Эсвэл хувь заяаны эрхээр шийтгэл эрт ирсэн хүмүүс юм болов уу? Энэ хүмүүсийн тухай мэдээллийн хэрэгслээр зөндөө л гарлаа. Харин үзэгчид нь ТВ-ын нэвтрүүлэгч, Нийгмийн өмнө биднийг хариуцаж байгаа хариуцлагатнуудаасаа ялгаагүй ханддаг болж дээ хөөрхий. Бидэн шиг ийм хөлдүү ширүүн нийгэм удалгүй өнгөрч Бурхан тэднийг хамгаалж, хайрлан диваажинд ясыг нь сэтгэлтэй нь хамт амраагаасай гэж би лав хүсдэг юм.Хогийн цэгийг өнгөрөөгөөд Хар хорин зах дуусаж тэгээд би төмөр зам дээгүүр алхана. Төмөр зам гараад Монгол орны худалдаа, үйлдвэрийн нэг хэсэг намайг угтаж авна. Энэ дүүрэг үйлдвэрийн дүүрэг гэхээсээ илүү эмх замбараагүй аймшигтай том агуулах сав, нефтийн ёмкостууд юм. Тэнд би залуучууд голдуу шинэ үеийн ажилчин ангитай улирлын чанартай тааралдана. Зун таарах залуусын ихэнх нь хөдөөгөөс орж ирээд ажил сургуульгүй байснаас хужаа юмуу солонгос эзэнтэй жижиг үйлдвэрүүдэд 24 цагаар ажиллаад ээлжээс бууж буй ажилчин залуус оёдлын, зам асфальт, цемент зуурмагны, ноос угаах зэрэг үйлдвэрт цөөн хэдэн төгрөгний төлөө ажиллаж байгаа залуучууд юм. Өдрийн 2-3 ээлжээр хонож ажилласан улаан нүдтэй ядрангуй царайтай залуусын нүднээс баяр баясгаланг зөвхөн цалин буусан өдөр л харах боломжтой байж магадгүй. Ийм үйлдвэрийн эзэд нь хонинд зоолсон чонон аятай дураараа дээгүүр зантай харьцдаг, цалин бага болохоор өглөө бүр таарах залуучуудын тоо нь цөөрөхгүй ч хүн нь байнга солигдоно. Өвөл дээрх үйлдвэрүүд хаагдаж харуул хамгаалалтын ажилтан залуучууд тааралдах нь элбэг. Тэдний орыг шуудай түүсэн нүүрсчид залгамжлан авна.Ингээд би автобуснаас буугаад 10 ерөнцийн төрөл бүрийн өнгийг зэрэг харсаар “Монголчуудын ирээдүйн төлөө” гэсэн визионтой Монгол компанийн хаалгаар орж миний ажил эхэлдэг дээ.PS: Манай нэг найз энэ нийтлэлийг уншаад зурагаар баримтжуулаад нийтлүүлбэл илүү сонирхолтой гэж байсан. Зураг харах шаардлагагүйгээр бид ийм нийгэм дунд амьдарч байгаа шүүдээ. |