
Chelsea BARCELONA 1 1 ИНГЭЭД БАРСА МАНЧЕСТЕРИЙН АРААС РОМЫГ ЗОРИХ БОЛЛОО
Уншсан 2466 vote 0 2009.05.08 00:53:20Барселонагийн хагас хамгаалагч Андрес Иньеста шүүгчийн мэдлийн цагт буюу тоглолтын 90+3 дахь минутанд тэнцээний гоолыг Челсигийн хаалганд хийснээр Испаний баг 2009 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд шалгарлаа.
Майкл Эссьений гайхамшигтай гоол Челсид дөнгөж 9 дэх минутанд л тэргүүлэл авчирсан бөгөөд талбайн эзэд 90 дэх минут дуустал тооны давуу байдлаа хадгалж чадаж байсан ч шүүгчийн мэдлийн цагт харамсалтайгаар хаалгандаа гоол алдав. Челси багийн, мөн энэ багтай холбоотой бүх л хүмүүсийн хувьд Андрес Иньеста гоол хийчихээд цамцаа тайлан баярлан гүйж буй мөч хар дарсан зүүд шиг байсан нь мэдээж.
Энэ тоглолтын гол баатар нь Андрес Иньеста байсан. Харин гол бусниулагч нь, бантан хутгасан этгээд нь Норвегийн шүүгч Том Овребо байлаа. Тэрээр тоглолтын явцад Челсид торгуулийн цохилт хийх 2 эрхийг заавал өгөх байсан, тийм момент гарсан. Ялангуяа 2-р үед Барсагийн хамгаалагч Пике өөрийн 16-ын талбайдаа гар хүрэхэд эргэлзээгүй торгуулийн цохилт заах ёстой байлаа. Мөн эхний үед Абидаль Дрогбаг унагаахад ч торгуулийн цохилт.
Нөгөө талаас 66 дахь минутанд Абидальд улаан хуудас өгөх ямар ч алдаа байгаагүй, шар хуудасны алдаа байсан гэхэд ч хэцүү. Ер нь тэр халзан Норвег эр өнөөдөр ажлаа “ТЭГ” хувийн гүйцэтгэлтэй хийсэн гэж хэлэхэд болно. Олон олон Челсигийн фэнүүд түүнийг харааж зүхэж байгаа нь тодорхой. Тоглолтын цаг дууссаныг илтгэсэн шүгэл дугарсны дараа Челсигийнхэн бүгд шахуу шүүгчид уураа гаргаж байсан, Дрогба бүр ч онцгойрч байлаа.
Эсрэгээрээ Барса 10 хүнтэй үлдсэн ч төгсгөлийн мөчид гайхамшиг бүтээж чадсан баяраа тэмдэглэж байв.
Рафаель Маркес гэмтэлтэй, Карлес Пуойль торгуультай тул Пеп Гвардиола хамгаалалтаа хэрхэн бүрдүүлэх нь сонирхол татаж байв. Тэр Пикег хагас хамгаалагч Яаяа Туретэй төвийн хамгаалалтанд гаргаж, Турегийн оронд дунд Бускетсийг, мөн гэмтэлтэй Анригийн зүүн жигүүрт Иньестаг гаргаад, Иньестагийн оронд дунд С. Кейтаг томилсон байлаа. Абидаль, Касерес нарын нэгийг төвийн хамгаалалтанд гарна гэж байсан олонхийн таамаг зөрсөн нь энэ. Гэхдээ Пэпийн энэ шийдвэр ерөнхийдөө буруу байсан нь тоглолтноос тод харагдсан гэхэд. Туре, Пике нар тун ч удаан байсан, хамгаалалтандаа олон алдаа гаргаж байсан. Дунд шугамны Бускетс, Кейта нар Чавид тусалж ерөөсөө чадаагүй.
Харин Челси Анелька, Дрогба 2-ыг зэрэг гаргасан нь арай ч эхний тоглолт шиг хамгаалахгүй гэсэн бодлыг бүгдэд бодуулсан. Үнэхээр ч хамгаалаагүй, тоглолт тун ширүүн, нээлттэй эхэлсэн. Лампардын дамжуулалт чиглэлээ өөрчлөн огт өөр тийшээ очсон ч Эссьен хаалга руу шууд цохин, үнэхээр гоёмсог гоолыг оруулж Челси тэргүүлж эхэллээ. Эхний гоолыг хийж чадсан Челсид том давуу тал ирж, аюултай сөрөг довтолгоонуудыг хийж, өрсөлдөгчийнхөө алдаануудыг ашиглан Барсаг, хаалгач Вальдесийг ихээхэн сандаргаж байв. Барса бөмбөгийг 70 хувьтай эзэмшиж, довтолгоон зохион байгуулахыг оролдсоор байсан ч Челсигийн хамгаалалт ямар ч алдаагүй байсан нь зочдын хаалга руу онож нэг ч цохиж чадаагүйгээр бүрэн харагдана. Энэ байдал 90+2 дахь минут дуустал үргэлжилсэн. Яг энэ үед Мессигийн дамжуулалтаар Иньеста багийнхаа, өөрийнхөө анхны хаалга руу чиглэсэн цохилтыг хийтэл тэр нь гоол болох нь тэр. Барсагийн хувьд гайхамшигтай. Үгээр хэлэхийн аргагүй. Челсигийн хувьд сүйрэл…
Хөлбөмбөгийг 90 минут тоглодоггүй, шүүгч бас цаг сунгадаг гэдгийг л хэлье. 5-р сарын 27-нд Италийн Ром хотноо Барселона - Манчестер Юнайтед багууд 2009 оны Аваргуудын лигийн аваргын төлөө тоглох боллоо.
Челси - Барселона 1:1
Гоол: Эссьен, 9 - Иньеста, 90
Челси: Чех, Э.Коул, Эссьен, Лэмпард, Дрогба (Беллетти, 72), Баллак, Малуда, Босингва, Терри, Алекс, Анелька
Барселона: Вальдес, Пике, Эрнандес, Иньеста (Гудьонсен, 90), Это’О (Силвиньо, 90), Месси, Кейта, Алвес, Абидаль, Туре, Бускетс (Кркич, 85)
Шар хуудас: Эссьен, 74; Алекс, 77; Баллак, 90; Дрогба, 90 - Алвес, 30; Это’О, 90; Иньеста, 90
Улаан хуудас: Абидаль, 66
Шүүгч: Oвребэ (Норвеги)
Лондон “Стэмфорд Бридж”
Эхний тоглолт - 0:0