Хүсэх зүйлс хүнд дуусах цагт чи
Хүн биш хүүр болсон гэж бод
Хүслийг минь хясал болгосон
Хүний нутагт хүүрээ орхихгүй л юмсан

Жаргах гэж ирсэн биш дээ, өнөөдөр
Жаргандаа заавал жаргана, маргааш
Жаргал үзээгүй болоод зовлонгоо танихгүй байна уу?
Жаргалын оргил амирлангуй руу жамаа мэдэхгүй зүтгээд байна уу?

Зүүний үзүүр оносон хүн заяа
Зургаан тэрбүмаас сонгож учирсан заяа
Зурвасхан өнгөрөх хүний амьдрал
Зүрхэнд л ганцхан багтах миний нутаг.

Боллоо, одоо ханалаа гэсэн
Баячууд ер нь байна уу?
Баясах сэтгэл зүрхээ будантуулсан
Буурал нэгэн болох нь ээ.

Харьяа харья хүний нутгаас гэж
Хүү нь дандаа бодоостой ч болохгүй
Хүслийг хясал болгосон
Хүний нутаг буруугүй шүү.

Эдгэшгүй өвчтэй нэгнийг асравч
Ээжийгээ би асарч чадахгүй, хяслан
Амь тасрах хүнд хань боловч
Аавынхаа сүүлчийн үгийг сонсоогүй хяслан.

Зовж байна би зовж байна, хүслэн хясландаа
За даа жаргаж байгаа нь ч алга шив дээ
Харих л юмсан даа тэгээд нэг удаа,
Харин очоод яах болдоо,

Арван мянганы тэртээх шарил алттай олддог
Алтгүй ч гэсэн олохоо хүрвэл олдох л шарил
Амь алдахад алт л ганцаараа үлддэг юм байна
Айлаас хайхаар авдараа уудлахгүй дээ, бид

Харьмаар байна, хүслэн
Буцмаар байна, хяслан
Хүсэл хяслын хорвоод юм юм л
Бодож явахсан даа,болдогсон бол

Жаргал даахгүйн зоволон юм уу
Зовлон даахын жаргал юм уу
Жаргал үзээгүй зовлонтой чиг амьдрал уу
Зовлон үзээгүй зоволонтой чиг амьдрал уу даа.

Нар мандаж өглөө боллоо
Настай ээжийн минь цайны үнэр үү дээ...

M-M

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn