Баларсаан. Залхуу зангаасаа болж дөнгөж 20 насандаа рецедив гэмт хэрэгтэн болчихлоо. Бууны замаг онгойлгож чадахгүй ийм рецедив гэмт хэрэгтэн гэж байх уу даа.Хорьж болдоггүй хорин нас гэж ямар ухаантан нь хэлсэн юм бол. Сайн яривал миний буруу биш л дээ. Яасан гэхээр адууны шаант цонхоор гаргаад шидчихсэн чинь нөгөө шаант нь манай цонхны дор хог шүүрдэж байсан төрийн түшээгийн толгой дээр буугаад "умаахан" болгочихож. Яасан бүтэлгүй хүүхэн гэхээрээ ийм байдаг байна аа. Ядаж байхад нөгөө төрийн түшээ нь дөрвөн жилд ганцхан удаа тойргоороо ирэхдээ очиж очиж манай цонхны дор хог шүүрдэж зогсдог нь ч юув. Санаатай, зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн гээд хэрэг маань хүндэрлээ, эрүү үүслээ.
Уг нь хуульдаа санамсар, болгоомжгүй, айж цочирдсоны улмаас хэрэг үйлдэхэд хөнгөлж үздэг гэнэ. Гэтэл Эрүүгийн шинэ хуульд залхуурснаас гэдэг зүйл анги огт байдаггүйгээс үүдэн миний хувь заяа эвгүй тийшээ эргэчихлээ.
Мөрдөн байцаагч нь надаас асууж байна "Миний дүү харахад хүнд муу юм хийхээр охин биш байна. Ах нь тийм хүмүүсийг андахгүй. Харин чиний ард хэн байна" гээд салдаггүй. Яг намайг цонхоор шаантны яс шидэж байхад миний ард 80 настай эмээ маань эрхиэ эргүүлээд зүүрмэглэж суусан юм. Би тэгээд л нөгөө мөрдөн байцаагчид "Миний ард эмээ байсан" гээд л хэлэв үү, үгүй юу эмээг нөгөө хойно байдаг эвгүй газар цоожилчихлоо. Бүдэрсэн дээрээ бүдрэнэ гэдэг шиг эмээгээ чирдэг нь юув дээ гээд манай гэрийнхэн бөөн юм болох нь тэр. Гэтэл хэд хоногоос манай тойргийн төрийн түшээ эмнэлгээс эдгээд гарчээ. Би ч түүний өмнө өвдөг сөгдөн:
-Та бид хоёр бие биеэ танихгүй, энэ бол золгүй учрал байсан юм шүү гэж ирээд гуйвал төрийн түшээ: -Миний дүү ахыгаа юу гэж хорлов гэж. Ер нь манай тойргийнхон энэ хэрэгт буруугүй, буруутай ч байсан манай тойргийн сонгогч л бол намайг алсан ч болно. Миний халаасанд хутга байгаа гээд халааснаасаа тохой хэрийн урт балиус гаргаад ирэх нь тэр. Тэгснээ нөгөө төрийн түшээ чинь цээжээ яраад:
-Май, энд дүр. Эсвэл зүрхэн тушаа газар нь онолдуулж байгаад хатга гэснээ туслахаа дуудлаа. "Миний толгой руу лантуу, жоотуугаар балбах уу" гэж байна. Ийм солиотой амьтан төрийн түшээ гээд явж байдаг. Гэхдээ би эндүүрчээ, тэрбээр тийм тэнэг хүн биш байж. Манай тойргийн сонгогдогч чихэнд дуулдах төдий "Чиний ард хэн байсан бэ" гээд түрүүчийн байцаагчийн асуултыг давтаж байна. Би "Хэн ч байгаагүй, эмээ маань эрхиэ эргүүлээд сууж байсан. Харин одоо эмээ Нэг худаг билүү Хоёрхудаг бил үү муухай газар хоригдож байгаа" гэвэл УИХ-ын эрхэм гишүүн:
-За яахав, би чамд хэн гэдгээ үзүүлээд өгнө өө хэмээн шазуур зуун гарч одов.Тэгээд хөөрхий муу эмээгээс минь ахин дахин байцаалт авч: -Бид таныг ойлгож байна. Та бол харахад л хүн хорлох сэтгэлтэй хүн биш. Монголын мянга мянган эхчүүдийн нэг байна. Харин таны ард захиалагч нь хэн байв? Гээд баахан шахсан гэдэг.
Хөөрхий эмээ минь бодож бодож "Миний ард хана байсан" гээд л гүрийсээр. Бүтэн зургаан cap өнгөрлөө. Төрийн түшээтэйгээ уулзах тоолонд "Чиний ард хэн байсан бэ. Тэр хүнээ гаргаж өгвөл эмээг чинь суллана" хэмээн гөжүүдлэнэ. Харин эмээ "Мянганы өршөөлийн хуулиар саяхан суллагдлаа. Намайг тэр дуудан "Чи ч эвгүй гар юм аа. Би чамайг энэ хэргийг над руу бухна гэж даанч бодоогүй. Хэрэг хам нь гэхдээ ядраагүй" гээд л хачин хачин яриагаар ярьж байна.. Би ч төрүүлсэн эцэг, эхээс минь өөрцгүй өсгөсөн эмээгийнхээ царайг нь харж чадсангүй. Эмээ тэр хавиар "Очиж очиж үхэх насан дээрээ ийм юм үзэх гэж. Хүн тэжээвэл толгой цусдана гэж яасан үнэн үг вэ." гээд л уйлагнаад салдаггүй. Ойрноос эмээ бид хоёр хэд гурван үг сольж эхэллээ.
Эмээ нулимсаа арчин "Эмээ нь яахав, хөгшин хонины насгүй болсон хүн чамд гомдоод ч яах билээ. Чи тэр газар орсноос би тэр харанхуй нүхэнд үхсэн минь дээр" гэж байна. Тэгснээ эрхиэ эргүүлэн маани уншиж дуусаад "Миний ач охион, ингэхэд чиний ард хэн байсан юм бэ" гэж надад нухацтай шивнэж билээ.
Н.Буян |
Аян замд гарахдаа хөгшидөөс зөвлөлгөө ав
Алсаас гэртээ ирэхдээ хүүхдээс сонин сонс.