Бичлэгийн тоо 497
Хүний амьдралд саад бэрхшээлгүй бүтэх зүйл гэж бараг үгүй. Аар саархан саад тотгороос аваад асар том бэрхшээл саад урагшлах замд чинь хөндөлсөнө. Саад бэрхшээлийн өмнө сөхрөлгүй давж гарч байж зорьсондоо хүрч, бодсоноо хэрэгжүүлэх зам чинь нээгдэнэ. Сөхрөлгүй давахын тулд цөхрөлгүй хичээх хэрэгтэй.



Саад бэрхшээлийг давж чадаагүй учир шалтгааны дийлэнх нь өөрөөс чинь болсон байдаг. Би мэдэхгүй, би чадахгүй, би сурахгүй, би дийлэхгүй, би ялахгүй, энэ бүтэхгүй гэх зэрэг үгнүүд дааж дийлэмгүй хүнд чулуу чиний хүзүүнээс оосорлоод уячихсан юм шиг дотор талаас чинь чангааж, хөдөлгөөнгүй болгосон байдаг. Чи мэдэхгүйг мэдэж болно. Чадахгүйг чадна гарцаагүй. Сураагүйгээ сурна. Дийлэхгүй гэж байснаа дийлж, цаана нь гарна. Хэзээ ч ялахгүй гэж байснаа хялбархан ялна. Бүтэхгүй гэж өнгөцхөн бодож байсан зүйл чинь ид шидийн юм шиг хялбархан бүтэхийг хараад өөртөө баярлана. Энэ бүгдийг хийхийн тулд чи чухам юу хийх хэрэгтэй вэ? Юуны урьд өөрийгөө ялж сурах хэрэгтэй. “Бүх ялалт өөрөө өөрийгөө ялахаас эхэлдэг” юм. Өөрийгөө ялсан өчүүхэн төдий ялалт ч чамайг үлэмж хүчтэй болгоно. Энэ үлэмж хүч чадал чиний дараа дараагийн ялалтыг чинь найдвартай баталгаажуулна. Ер нь “өөрөө өөрийгөө ялж чадсан хүнээс илүү хүчтэй ялагч байдаггүй” гэнэ. Залуус та нар агуу хүчирхэг болохыг хүсч байна уу? Чин сэтгэлээсээ хүсч, өөрийгөө ялж дийлвэл эргэлзээгүйгээр агуу их хүчирхэг болж лавтай чадна. “Хүмүүсийг мэддэг хүн хэрсүү ухаантай. Өөрийгөө мэддэг хүн боловсорч гэгээрсэн байдаг. Хүмүүсийг ялж буй хүн хүчтэй. Өөрийгөө ялж байгаа хүн агуу их хүчирхэг” гэж эртний нэгэн сэтгэгч хэлсэн байна. Өөрийгөө ялахын тулд сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуул. Гагцхүү сэтгэлийн тэнхээтэй хүмүүс л өөрийгөө ялна. Өөрийгөө ялахын тулд өөрийгөө бүү гол. Чадал боломжоо бүү чамла. Өөрийгөө дорд үзэж хэзээ ч болохгүй. Өөртөө итгэ. Өөрийгөө хайрлах хэрэгтэй. Чи өөрийгөө ялж чадна. Агуу хүчирхэг болно. Хичээгээд үзээрэй.
 
Солонгосын нисэх буудал дээр нэг монгол залуу намайг таниад гүйгээд ирлээ. Тэнд ажил хөдөлмөр эрхэлж байгаа монголчуудын нэг. Хөдөөний залуу гэнэ. Өмнө хэзээ ч хийж үзээгүй хүндхэн ажил хийдгээ хуучиллаа. Анхандаа ийм хүнд ажил хийж дийлэх болов уу, удаан тэсэх болов уу гэж шантарч байж. Хүний газрын хоол унд, цаг агаарт нь дасахад эхэндээ хүндхэн л байсан. Бусад хүмүүс болоод л байна. Би тэднээс юугаараа дутуу юм бэ? Гүрийх хэрэгтэй гэж өөрийгөө зоригжуулсан. Хүндрэл бэрхшээлтэй үеэ давсан. Одоо дажгүй. Чамлахааргүй мөнгө олж байгаа. Хамгийн гол нь энд ирснийх бэрхшээлийг сөрж, ажил сурч, тархи толгойдоо жаахан мэдлэг цуглуулж аваад нутаг буцах санаатай гэж хэвлүүхэн, хэрсүүхэн надад хэлээд инээж байна. Солонгос хэл сурч байна уу гэж асуулаа. Энд юу ч мэдэхгүй, таг ирсэн. Одоо өөрийгөө болгочихно оо. Цаашдаа овоо болчих байх гэж нүүр бардам хэлж байна. Би энэ бүхнийг сонсоод овоо доо гэж дотор сэтгэлдээ баяртай байлаа. Тэр залуу дийлэхгүй болов уу гэж айж байсан ажлаа дийлэн хийдэг болжээ. Мэдэхгүй байсан харь хэлийг мэддэг болж байна. Чадахгүй байснаа чаддаг болж. Хамгийн гол нь өөрийгөө ялж чаджээ. Тиймээс тэр хүчтэй ялагч.
 
Саад бэрхшээлээс айх, хулчийх хэрэггүй. Аймхай, хулчгар байж саад бэрхшээлийг амжилттай давж туулна гэж бодохын ч хэрэггүй. Хүн “нэг удаа хулчийсан бол дараагийн удаа бас хулчийдаг” гэнэ. Хулчгар зантай бол түүнийгээ үтэр түргэн засахыг оролд. Хулчгар занг засч болно. Зөвхөн өөрөө зориглон хичээх хэрэгтэй. “Хулчгар амьтан өдөртөө зуу дахин үхдэг” гэдэг юм. Хулчгар зан айдсаас үүдэлтэй. Хүн зөвхөн мэдэхгүй зүйлээсээ айдаг. Аливаа айдсыг мэдлэгээр ялдгийг мэдэж ав. Цаг ямагт айдсаас чичрээд байх юм бол хэзээ ч аз жаргалтай амьдарч чадахгүй. Түүнчлэн мөнхийн айдастай амьдарч буй хүнийг эрх чөлөөтэй гэж хэлэх аргагүй. Аймхай хулчгар зангаа хаях эр зориг чамд хэрэгтэй. Зөвхөн өрсөлдөгчөө ялсан төдийгүй, өөрийн сул тал болох аймхай хулчгар зангаа ялж чадсан тэр хүн эр зоригтон. Эр зориг чамд бэрхшээл саадыг улаан нүүрээрээ угтахын тулд ч хэрэгтэй, улмаар саад бэрхшээлийг даван туулахын тулд ч хэрэгтэй. Их бага гэлтгүй бэрхшээл саадыг шантралгүй, залхууралгүй даван туулах явцад эр зориг чамд өдрөөс өдөрт хуран хуримтлагдаж төлөвшинө.
 
Бэрхшээл саадыг давахад тэвчээр хэрэгтэй. “Бүхнийг тэсвэрлэн давах чадвартай хүн бүхнийг шийдэж чадна”. Тэвчээргүйгээс болж саад бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөн бууж өгөх тохиолдол цөөнгүй. Би үүнийг хийх ёстой, хийж чадна гэж зорьж тэмүүлсэн л бол ямар ч бэрхшээл саад тулгарч байсан тэвчин давахыг эрмэлз. Саад бэрхшээл чиний эр зориг, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатыг сорьж шалгах шалгуур болно. Шалгуурыг амжилттай давснаар дараа дараачийн саад тотгорыг хялбар давах тэвчээрт сургаж, сэтгэлийн тэнхээ суулгаж, дархлаажуулж өгнө. Тэвчээр гэдэг нь зүгээр л тэвчээд суугаад байхын нэр биш. Цаг нь ирэхээр бүтэж л таарна гээд нүдээ аниад, гараа хумхиад хэвтээд байх ч хэрэг биш. Тэвчээр гэдэг нь чадахгүйгээ чадахын төлөө, сураагүйгээ сурахын төлөө, хийгээгүйгээ хийхийн төлөө бүх чадлаараа мэрийн хичээж, уйгагүй хөдөлмөрлөхийг хэлж байна. Ийнхүү хөдөлмөрлөх явцад тохиолдох элдэв саадыг тэвчин давж, цаана нь гарч, урагш тэмүүлэхийг хэлж байна. Том үйлийг бүтээе гэж зорьсон хүнд том тэвчээр хэрэгтэй. Том хэргийг бүтээхийг зорьсон хүн жижиг зүйлээр оролдвол том саад бэрхшээлтэй учирч болохыг мэд. “Үржил шимгүй элс, марааг тэвчээр л цэцэгт тал болгон хувиргана”. Хүнд бэрхийг давж гарахын тулд боломжтой бүх оролдлогыг хийж, бололцоотой бүх аргыг ашиглах хэрэгтэй. Харин ашиглах хэрэгтэй, гэхдээ хортойгоор ашиглаж болохгүй гэсэн мэргэн ухааны дүрэм байдгийг мартахгүй байх нь чухал. Хүнд бэрхийг туулж өнгөрөөхдөө бусдад муу зүйл хийхгүй байхыг эрхэмлэ. “Ямар нэг муу зүйл хийчихсэн бол чи түүнийгээ нууж болно гэж бодохын ч хэрэггүй. Учир нь чи бусдаас нуулаа ч өөрийнхөө хүн чанараас нууж чадахгүй шүү дээ”. Гагцхүү тэсвэр тэвчээртэй хүн л эхэлсэн үйл хэргээ дуусгана, тэсвэр тэвчээргүй хүн замын хугаст шантран зогсоно.
 
Бэрхийг гэтэлж чадалгүй шантарсан бол сэтгэлээр унан, доош орох хэрэггүй. Хэдийгээр амжилт олоогүй ч чадах бүхнээ хийсэн хүнийг буруутгах, өөлөх хүн төдийлөн байдаггүй юм. Хүч ухаанаа хуримтлуулан, алдаагаа давталгүй, дахин оролдоод, дахиад чармайгаад үз. Чи гарцаагүй чадна. Чармайлт бол амжилтын эх булаг байдаг юм. Холыг зорьж, алдрын оргил өөд тэмүүлж байгаа бол саад бэрхшээлгүйгээр тэнд очно гэж мөрөөдөхийн ч хэрэггүй. “Цэцэг бүрхсэн зам хэзээ ч алдарт хүргэхгүй”.
 
Бэрхэд бүү цухалд. Хий цухалдсанаас олох олдвор, хожих хожвор байхгүй. Эхнээсээ л тэр хүнд бэрхийг би гэтэлж дийлэхгүй гээд цухалдан бодчихвол сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуулж давж гарахад хүнд болно. Тиймээс уужуу тайвуу, ухаантай бай.
 
Бэрхийг давж цаана нь гарч чадсан хүн урамтай. Би чадлаа шүү дээ гэж өөрөөрөө бахархах сэтгэл аяндаа төрнө. Бэрхшээлийг давах болгонд чамд шинэ эрч хүч хуримтлагдана, шинэ мэдлэг, чадавхи нэмэгдэнэ. Туршлага сууна. Хэрсүүжнэ. Няцашгүй эр зориг хуримтлагдана. Няцашгүй зоригтой байвал чи ямар ч саадыг давах хүч чадлаар сэлбэгдэж байх болно.
Бэрхийн өмнө хүлцэнгүй сөгдөх биш, бэрхийг хүчлэн давж амьдар.

Сэтгэл байвал сэрээгээр газар хагална

Зүтгэл байвал зүүгээр худаг ухна

Итгэл байвал индүүн дээр хуушуур хайрна аа гэж...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1637636/401/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
257 ТИТЭМ ҮГ - Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч болохгүй finepix 2009-05-01 10574
256 ТИТЭМ ҮГ - Сайн эхнэр амьдралын аврал finepix 2009-05-01 10772
» ТИТЭМ ҮГ: Бэрхийг давж амьдар finepix 2009-05-01 9098
254 ТИТЭМ ҮГ: Өөрийн замаа өөрөө бүтээ finepix 2009-05-01 9379
253 ТИТЭМ ҮГ: Бусдыг аялдан дагалдагч салбадай болох хэрэггүй finepix 2009-05-01 9664
252 ТИТЭМ ҮГ-Илүү ухаанаас дутуу ухаанаа дүүргэж ав finepix 2009-05-01 9760
251 ТИТЭМ ҮГ - Сайхан сэтгэлээр сайн үйл хий finepix 2009-05-01 10662
250 ТИТЭМ ҮГ - Эр зориг finepix 2009-05-01 9183
249 ТИТЭМ ҮГ - Бага боддог хүн их алддаг finepix 2009-05-01 9356
248 ТИТЭМ ҮГ - Итгэл finepix 2009-05-01 10341
247 ТИТЭМ ҮГ-Эрхэлсэн ажилдаа эзэн бол finepix 2009-05-01 9577
246 ТИТЭМ ҮГ - Өөрийгөө хүндэтгэ finepix 2009-05-01 10878
245 ТИТЭМ ҮГ-Чин сэтгэлээсээ талархаж суръя finepix 2009-05-01 15848
244 ТИТЭМ ҮГ-Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун finepix 2009-05-01 10668
243 МОНГОЛ ХАЙР-3 ITGE-ИТГЭ 2009-05-01 10568
242 "Монгол Таун"-тай ойрхон Зоогийн газар зарна. [2478] 2009-04-28 10402
241 МОНГОЛ ХАЙР-2 [1] ITGE-ИТГЭ 2009-04-27 10949
240 МОНГОЛ ХАЙР-1 ITGE-ИТГЭ 2009-04-27 10844
239 Дондог, Янжмаа хоёр chups 2009-04-26 10796
238 WWW.MONGOLNOM.COM [1] Enk 2009-04-25 11890
배너신청
자생병원

배너신청