
Гадаадад
байгаа монголчуудын өргөнөөр ашигладаг Жи-Мобайлын 9868, 9869 тай
дугаарууд өчигдрөөс эхлэн бусад оператор компаниудын утсанд холбогдох
боломжгүй болжээ.
Энэ талаар Жи-Мобайлын албаны хүнээс тодруулга
авахад сүүлийн үеийн дэвшилтэт NGN технологид суурилж дэлхийн хаанаас ч
интернет сүлжээ ашиглан ярих боломжтой Жи-Интернетфон үйлчилгээ нь
хэрэглэхэд хялбар хямд үнэтэй учир бусад оператор компаниудын зүгээс
шүүмжлэлд өртөх болсон байна. Тэдний шаардлагаар бол Жи-Интернетфон
үйлчилгээний үнэ одоогийнхоос 3-5 дахин өндөр байх ёстой бөгөөд энэ нь
Жи-Мобайлын хувьд хэрэглэгчдийн эрх ашиг хохирсон үйлдэл болох тул
өнөөг хүртэл татгалзсаар иржээ.
Иймд бусад компаниуд 2009 оны 4-р
сарын 27-ноос тодорхойгүй хугацаагаар Жи-Интернетфон үйлчилгээний
9868..., 9869... бүхий дугааруудад хаалт хийжээ. Учир нь тус опертаор
компаниудын гадаадаас тэр дундаа Солонгос улсад ажиллаж амьдарч буй
Монголчуудаас олдог орлого нь эрс багассан сурагтай.
Харин
Жи-Интернетфон үйлчилгээ нь Жи-Мобайлын болон МЦХ , Нисэх, Төмөр зам,
Төрийн холбооны сүлжээнд урьдийн адил хэвийн ажиллаж байна.
Дээрх
оператор компаниуд эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хэрэглэгчдийнхээ
эрх ашгийг хүндэтгэн үзэж харилцан холболтоо ойрын хугацаанд сэргээнэ
гэдэгт тэд найдаж байна.
Дашрамд Жи-Интернетфон үйлчилгээг товчоор
тайлбарлавал энэ нь Жи-Мобайлын урьдчилсан төлбөрт үйлчилгээний
интернет хувилбар бөгөөд гадаад дотоодод байгаа хүмүүс Жи-Мобайлын
дугаарыг ашиглан дурын сүлжээ рүү яриа хийх мөн хүлээн авах боломжтой
үйлчилгээ юм байна.
Гадаад улсад ажиллаж
амьдарч буй монголчуудын хувьд ар гэртэйгээ холбоо барьж эх оронтойгоо
холбогддог цорын ганц зүйл бол харилцаа холбоо. Хэдий үнэтэй болов ч ар
гэрээ санахын эрхэнд овоохон мөнгө төлж багахан хэрэглэдэг олон улсын
ярианы картуудад хүссэн хүсээгүй зовж олсон хэдээсээ тэд маань
зарцуулдаг. Эх орондоо байгаа бид ч гадаад руу утсаар ярих гэж
хэрэндээ зүдэрнэ. Гарцын дугаар, нууц дугаар, улсын, хотын код гэх мэт
түмэн зүйлийн тоо цуглуулж байж тасарч, шуугисан, хоцорч, чирэгдсэн муу
сүлжээгээр нэлээдгүй өндөр төлбөртэй ярина.
Харин хоёр жилийн өмнөөс үндэсний оператор Жи-Мобайл компаниас Жи-Интернетфон хэмээх шинэлэг үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн нь нүдээ олсон хэрэг болж өдгөө хэрэглэгчдийнх нь тоо хилийн чанадад 10,000 хол давжээ.
Энэ
нь орчин үеийн харилцаа холбооны NGN буюу Next Generation Network
технологит суурилж интернетийн сүлжээгээр дамжуулан яриа хийх боломжтой
үйлчилгээ бөгөөд өөрөөр хэлбэл Жи-Мобайлын урьдчилсан төлбөрт
үйлчилгээний интернетэд суурилсан хувилбар гэж ойлгож болно. Энэ
үйлчилгээ нь Монголдоо байгаа та бидэнд ч ашигтай. Хаа холын сумын
малчин өвгөн гадаадад байгаа хүүтэйгээ ярихын тулд толгой эргэм олон
тоог гар утсандаа оруулж өндөр тарифтай сүлжээгээр холбогдох
шаардлагагүй болжээ тэд 98... гээд яг л монголдоо байгаа мэт залгаж
хэдэн цагаар ч хамаагүй хөөрөлдөж сууна.
Орчин
үеийн технологид суурилсан ийм шинэлэг үйлчилгээ нэвтрүүлсэн нь шудрага
бус биш л бол энэ үйлчилгээ хэний эрх ашгийг зөрчөөд байна вэ?
Жи-Интернетфоны
хэрэглэгчид нэмэгдсэнээр олон улсын ярианы картын хэрэглээ эрс
багасчээ. Япон, Солонгосын хөрөнгө оруулалттай бусад оператор
компаниудын ийм төрлийн картын борлуулалт ч багассан сурагтай. Энэ
байдалд тэд ихэд дургүйцэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт
хандан албан бичиг илгээх болов.
Албан бичигт шаардсанаар Жи-Мобайл нь шудрага бус үнэ тарифтай үйлчилгээгээ нэн даруй зогсоох шаардлагатай бөгөөд эс бөгөөс энэхүү үйлчилээний бусад операторууд руу хандах гарцыг хаана гэв. Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө байгууллага ч тэдний шаардлагыг дэмжиж эдийн засгийн хямралтай энэ хүнд үед хэрэглэгчдийг өндөр үнээр яриулж монголчуудынхаа халаасыг гөвж, гомдол гаргагч гадны компаниудын ашиг орлогыг урьдын адил өндөрт хадгалах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Харилцаа холбооны салбарт явагдаж буй үйл ажиллагааг хянан зохицуулах үүрэгтэй төрийн статустай газраас ч энэ явдалд анхаарлаа хандуулж Жи-Интернетфон үйлчилгээг судлах ажлын хэсэг байгуулаад байна. Тэднээс энэ талаар лавлахад “Бид олон талаас нь судалж байна. Одоогоор албан ёсны дүгнэлт гараагүй байхад ингэж зүй бус шаардлага тавих нь буруу” гэж албаны хүн нь мэдэгджээ.
Ийнхүү хэрэглэгчид хохирох нь байтугай харин ч сэтгэл хангалуун байхад хэрэглэгчдийн төлөө үйлчлэх үүрэгтэй байгууллага нь бухимдаж гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын өмнөөс бичиг барин гүйсээр.
Улс хоорондын ярианы үйлчилгээ, түүний тариф, төлбөр тооцоог хянаж, зохицуулахаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталж гаргасан Тариф хянан батлах тухай 30 дугаар тогтоол гэж бий. Энэ нь зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үнийн асуудлыг зохицуулдаг. Гэтэл уг тогтоолд интернэтийн сүлжээ ашиглан яриа хийсэн тохиолдолд ямар үнэ хөлстэй байхыг тусгаагүйгээр барахгүй ийм үйлчилгээ бий болно гэж төсөөлөө ч үгүй байх үеийн баримт бичиг юм билээ. Тэгэхээр Монголд анх удаа Жи-Мобайлын нэвтрүүлсэн энэ үйлчилгээ хуулиар хэний ч эрх ашгийг хөндөөгүй харин ч хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн үйлчилгээ болсныг онцлон хэлэх хэрэгтэй.
Техник
технологи тэр дундаа мэдээлэл харилцаа холбооны салбар дэлхий дахинд
асар хурдацтай хөгжиж тэр хэрээр улам бүр даяарчлагдаж байгаа өнөө үед
бид ийнхүү шинэ бүхнээс хоцорсоор эсвэл хүлээж авахгүй ад шоо үзсээр
байх уу. Монголчууд бид яагаад хоорондоо өндөр үнээр ярих ёстой гэж?
Нэмж хэлэхэд уг үйлчилгээний ач холбогдлыг гадаад орнуудад эх орноо төлөөлөн суугаа элчин сайдын яамныхан ч өндрөөр үнэлж албан хэрэгцээндээ өргөнөөр ашиглах болсон байна.
Үгийн төгсгөлд Жи-Интернетфон үйлчилгээний талаар товчхон танилцуулья, уншигч авгай та чухам хэний эрх ашиг зөрчигдөөд буйг мэргэн оюундаа тунгаана уу.
Та бид интернет дээр суурилсан Yahoo-Messenger, Skype зэрэг үйлчилгээг өргөнөөр ашиглаж заншсан тэгвэл Жи-Интернетфон үйлчилгээ нь зарчмын хувьд төстэй. Энэ нь урьдчилсан төлбөрт Жи-30 болон Жи-10 үйлчилгээний интернет хувилбар бөгөөд эдгээр үйлчилгээний үнэ тарифаар тооцогдож, Жи-Мобайлын үүрэн холбооны хэрэглэгчид Жи-Интернетфоны хэрэглэгчид рүү ТЭГ төгрөгөөр ярих боломжтой юм. Түүнчлэн гадаадад ашиглагдаж буй Жи-Мобайлын дугаарт Монголын ямар ч операторын дугаараас холбогдоход олон төрлийн нэмэлт код хийх шаардлагагүйгээр шууд л ярих дугаартаа залгадгаараа давуу талтай.
Ердөө интернэтэд
холбогдсон комьпютер байхад л зориулалтын программ татан суулгаж
хэрэглэгчийн дугаар, нууц үгээ оруулснаар дуудлага хийх мөн хүлээн авах
боломжтой болно. Түүгээр ч зогсохгүй заавал комьпютерт холбохгүйгээр
интернетэд холбогддог суурин утас ашиглаж гэрийн утас мэт ашиглана.
Та бүхний сонорт:
Үүрэн холбооны харилцан холболт тасарснаар гадаадад яваа болон тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудад хүндрэл үүсээд байгаа юм. Энэ асуудлын талаар санал бодлоо бидэнд мэдээлэхийг хүсвэл info@news.mn хаягаар мэдээллээ илгээнэ үү. Та бүхний сонирхсон, мэдэхийг хүссэн асуултыг бид холбогдох хүмүүст уламжилж хариулт өгөх болно.