Бичлэгийн тоо 5,522
Үнс намайг үнс
Өвдтөл бүр цус гартал үнс
Буцлам халуун зүрхний халгиа
Тэсгим хүйтэн дур хүсэлтэй нийлэхгүй
Хөнтрүүлээд орхисон сэнжтэй аяга
Хөгжилтэй бидэнд зориулагдаагүй юм шүү
Найз бүсгүй минь үүнийг ойлго
Нартад ганцхан л удаа амьдардгийг сана
Саран авхай шар хэрээ шиг
Сансар орчлон дээгүүр
Харанхуй будан дунд
Харуулдан эргэсээр байгааг
Харцаа тогтоон сайн ажигла
Үнс л дээ. Би үүнийг хүсч байна
Өндөр сансарт эргэлдэгч эрлэгийн элч
Үхэхийг минь мэдсэн бололтой
Үдэлтийн дууг надад дууллаа
Хүч тамир ч сульдлаа
Хэзээд л үхэхээс хойш
Үхэн үхтлээ үнэнч амрагийнхаа уруулыг
Үнсмээр санагдаад л байна
Ингээд зүүд нойрондоо дандаа л
Ичиж нуух ч үгүйгээр
Монос модны ялдам шивнээнд
"Би чинийх" гэж дуулдаж л байгаасай
Бялхтал дүүргэсэн сэнжтэй аяганы
Бадарсан гэрэл хөөс шиг бүү замхраасай
Амраг бүсгүй минь уугаач, дуулаач
Алаг дэлхийд ганц л удаа амьдардгийг санаач
"Өнөөдөр" сонин 2005-10-07
