Өглөөний 9 цаг 45 минут. - Хэдхэн хоногийн өмнө л бороо орж байсансан , харин одоо нар дээш хөөрөөгүй болоод ч тэрүү үүрийн хүйтэн жавар хувцас нэвт жиндүүлэн солонгосын жихүүн чийглэг бас ч гэж тэсгим хүйтэн өвлийн улирал нэгэнтээ эхэлжээ. Би хэдийгээр цаг агаарын мэдээ сонсоод хасах 6 хэмийн хүйтэн болно гэсэн анхааруулгыг даган дулаан хувцасласан ч гэсэн нэг л жиндэн даарсандаа нөмөр газар хайн согкей ёогийн гол хаалганы өмнөхөн нар туссан хэсэгхэн талбай байхыг хараад тийшээ шатаар уруудлаа. Нээрээ ч илч муутай ч гэсэн өглөөний нар ээгээд овоо дулаахан ажээ. 10 цаг арай л болоогүй байна , манайхан ч нөгөө зангаараа жаахан хоцорсхийгээд ирэх биз гэж бодон дээшээ харвал дөнгөж сая миний уруудсан шатны эхэнд нэг монгол залуу ер даарсан шинжгүй энгэрээ задгай тавин зогсох агаад бас намайг олж харсан бололтой инээмсэглэн байхыг сайн ажвал мэйссэнжэрээр аль хэзээний зураг хөргөө хараад эчнээ танилцсан ээмжиэлийн " даруухан 01" гишүүн мөн болохыг танилаа. Бид хоёр дуу шуу болон уулзаж бусдыгаа хүлээх зуур халуун кофе ганц ганц аягыг олоод уучих санаатай гудамжны мухлагууд руу зүглэх гэснээ бас хэн нэгэн нь ирвэл нүдэнд ил үзэгдэх газар эндээ л байж байя гэж шийдээд хэн хэн ирэх бол тэр ч уул нь яг ирнэ гэсэндээ харин тэр ажил гараад очиж амжихгүй боллоо гэсэн гэх мэтийн ойр зуурын яриа хөвруулж байтал ганц нэгээрээ цувран ирсээр бас зарим нь цуглаан болох сүмийн байранд хэдийн оччихоод байна гэсний дагуу бид хэд taxi хөлөглөн тийшээ зүглэлээ. Өдрийн 12 цаг 45 минут Нэгэнт байрыг нь ашиглахаар тохирсон болохоор бид хэд Есүс Христийн цуглааны мөргөлийн ажиллагаанд оролцож, үдийн хоол идчихээд бидэнд зориулж гаргаж өгнө гэсэн байр сулрахыг хүлээвэл хэтэрхий оройтох бас зарим нөхөд аргагүй шалтгаанаар түрүүлж явах байсныг үдэж өгчихөөд ойрхны нэг монгол хоолны газарт орж ганц ганц шар айраг захиалаад тухаллаа. Тэгээд Энхлэн , Ганаа , Батхүү гишүүний мэндчилгээ шүлгүүдийг уншин бас өөрсдийн шинэ бүтээлээ сонирхуулж тэнд орж ирсэн ганц нэг зочид бас бидний ширээнд ирж шүлэг сонсон яруу найргийн тухай халуун яриа өрнүүллээ. Бас энэ дашрамд YUOMI гишүүн шөнөжин сууж эчнээ оролцогч нөхдийнхөө шүлгүүдийг цааснаа буулгах нөр их ажлуудыг гүйцэтгэж өгсөнд нь талархалаа илэрхийлье. Үдээс хойш 16цаг Бидний уулзалт гишүүний гэрт үргэлжиллээ. гэрийн эзэн хонины дал дөрвөн өндөр чанаж сайхан амталж болгосон ногоо , кимчи бас яаж хоосон байхав дотор халаах шар айраг гээд л ер дутуу юмгүй ширээ засан бүгдээрээ тухлан суугаад ирж амжаагүй нөхдийнхөө тухай, ерөөс бидний энэ уулзалтын анхны суурийг тавьж өгсөн Отгонбаяр гишүүний тухай, бас яг энэ мөчид эмнэлэгийн уйтгартай, нам гүм нэг л зэврүүхэн цагаан өрөөнд ганцаархнаа уйтгарлан байгаа мэт санагдах Цацрал гишүүний тухай ярилцангаа зав чөлөөндөө үүнийг бичигч бивээр холбооны тусгай мэргэжилтэйн хувьд харилцаа холбооны талын үүргийг хүлээн Цацралтай утсаар холбогдчих санаатай нилээд оролдсон боловч Цацрал утсаа авах боломжгүй байна гэсэн үгийг нэгэн солонгос эмэгтэй эелдэгхэнээр байн байн давтан хэлсээр байх тул би холбоо барьж чадаагүй буруутан болон донго сонсох " бодол" гишүүний шүлгээр зохиогдон монголд хит болж байгаа нэгэн дууг зохиогч өөрөө гитартай дуулж өгөх мэтээр хөгжилдөн байсаар нэг л мэдэхүй орой болсныг мэдэгдэн ханын цагны хөхөө шаардангуйгаар есөнтээ донгодохыг сонсоод одоо аргагүй өндөрлөх цаг болсныг мэдэж хувцсаа өмсөн гадаалавай. Бас энд нэг зүйлийг анзаарснаа хэлэхэд ""-ийн цагны хөхөө тамхины утаа, яруу шүлгийн алинд согтсныг мэдэхгүй нэг л сэжигтэй байдлаар ойр ойрхон дуугараад байх шиг санагдаад байсан нь үнэндээ хөөрхий муу хөхөөний ч буруу биш бид өөрсдөө хөөрсөн сэтгэлдээ тийнхүү цаг хугацаа хэрхэн өнгөрөхийг үл анзааран байсных бөлгөө. Гадаа хэдийнээ шөнө болж их хотын өдрийн шуугиант нүргээнд ядарсан хүмүүс гэр гэртээ өдрийн алжаал тайлан амран байгаа цаг боловч аанай л бид хэд шууд тараад явчихаж чадахгүй сэтгэл хоргодон байх тул хол гэртэй " Анурад "гишүүнийг метроны буудал хүртэл үдэж өгөөд Мёнмугдун хорооллын нэгэн караоке дууны гэрт оржухуй. Манай монголчууд хэзээнээс дуу хууранд дуртайнхаа адилаар ер хэн нь ч гэсэн цагаа болоход хувиа хүнд өгөхгүй дуучин хүмүүс байх аж . Тэр дундаа манай " даруухан " маш сайхан дуулдаг нь биднийг эрхгүй баясган нэгэн дуугаар баяр хүргэн бас " даруухан" "yuomi" хоёр хэзээний хамтран дуулж сурсан дуучид мэт : Хөвөн зөөлөн цасан ширхэг Хацар дээр чинь буулаа хайрт минь ... гэж дуулсан нь одоо хэр чихнээ сонсогдсоор байх ажгуу. Ингээд энэ өдөр хэдийгээр санаанд хүртэл олон хүн цуглаагүй ч бас ч гэж ажлын боломж , цаг заваа тааруулан хамгийн гол нь яруу найрагаар дамжуулан эв нэгдлийн төлөө гэсэн сайхан сэтгэлээр цугларсан бидний хэсэг журмын нөхөд дуу хуур, инээд хөөр , шүлэг найраг цалгисан нэгэн гэгээхэн дурсамж болон үлдэх нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлж дараа бүр олон найз нарынхаа хамтаар дахин уулзахын ерөөл дэвшүүлэн энэ удаагийн уулзалтыг өндөрлөвэй.

бичсэн:Энкел
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.