
Бичлэгийн тоо 4,494
Майкл Жексон тайзаа орхихоор шийдэж, хамгийн сүүлчийн тоглолтоо хийх тухай мэдээлэлд зарим хүн үл итгэж, ээлжит шуугиан мэтээр хүлээн авсан. Тэгвэл “Ирэх зун товлосон тоглолт цуу үг биш. Сүүлчийн тоглолт учраас хэзээ ч мартагдахааргүй, гайхалтай шоу байх болно” хэмээн тэрбээр мэдэгджээ. Үүний нэг жишээ нь тоглолтын үеэр тэрбээр заан унаж, тайзан дээр гарах тул зохион байгуулагчид Африкийн зааны эрэлд гарчээ. Gigwise сайтад мэдээлснээр тайзны засал, чимэглэл ширэнгэн ойг санагдуулам байх аж. Заан унасан дуучны араас олон шувуу дагалдах юм байна. Түүнчлэн тоглолтод Африкийн масаи омгийн 100 дайчин оролцож, зэрлэг онгон төрхийг улам сүрлэг болгохоор төлөвлөжээ. Мөн гурван сармагчин “уригдан” үзэгчдийг байлдан дагуулах сурагтай. Ийнхүү зэрлэг амьтдыг тайзан дээр гаргахад тэдний эрх хөндөгдөнө хэмээн зарим хүн дургүйцэж буй талаар “The Daily Mirror” сонинд бичжээ. Үүнээс гадна тоглолтод авто машин, нисдэг тэрэг ашиглахаар төлөвлөж байгаа ч М.Жексон ослоос болгоомжилж буй гэнэ. Дөрвөн жил завсарласны эцэст болох цуврал тоглолтын хөтөлбөрт нийт 50 шоу зохион байгуулах бөгөөд ирэх долдугаар сараас эхлэн 2010 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ гэж зохион байгуулагчид нь мэдэгджээ