
АНУ-д дэлгүүр дээрэмдэх гэж байсан этгээдийг саатуулан баривчлах үедээ буудуулж шархадсан хоёр залуугийн нэг Л.Бат-Өлзий гэрээр эмчилгээ хийлгээд шарх нь эдгэрч байна. Харин хүзүү, уушгиндаа шархадсан Г.Зоригоогийн бие тийм ч сайнгүй, “Оакландын Highland” төвд эрчимт эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Эмч нар Г.Зоригоогийн уушгинд тогтсон сумыг авах нарийн мэс засал удахгүй хийх гэнэ.
Баруун Америкийн Монгол-чуудын холбооныхон холбогдох байгууллага, хүмүүстэй уулзан Г.Зоригоогийн эмчилгээ, даатгал, өмгөөлөл болон бусад асуудлаар хөөцөлдөж эхэлжээ. Монголд байгаа Зоригоогийн ар гэрээс хүн явуулахаар ЭСЯ-ны ерөнхий консул Г.Ганболд бичиг баримт бүрдүүлэн Монгол руу илгээхээр болжээ.
Mөн Зоригоо, Бат Өлзий хоёрын эмчилгээ сувилгаатай холбоотой асуудлаар Эл Серито хотноо ажиллаж амьдардаг “Америк дахь Монгол эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын тэргүүн Сүрэнхорлоо хөөцөлдөж эргэж тойрч, тал бүрээр туслаж байгаа гэнэ.
Түүнчлэн Америкийн монгол-чууд гэмт этгээдийг эр зориг, авхаалж самбаа гарган баривчлаад хүнд шархдаж хөдөлмөрийн чадвараа алдан хохирч байгаа Г.Зоригоо, Л.Бат-Өлзий нарт туслах, цаашдын эмчилгээ сувилгаанд нь нэмэр болох зорилгоор “For the bebefit of Zorigoo and Bat Ulzii, Wells Fargo” банк, дугаар: 9422895350 гэсэн хандивын данс нээжээ.
Ш.Батболд