Оруулсан bataka


Өлөгчин гийнана
Ингэ гунганана
Ижий өмөлзөнө
    Энэ ертөнцийн ижий бүхэн
    Элгээ эмтэлж урласан
    Эх цэнхэр дэлхийг
        Өөрөөсөө амь тасалж
        Үндэс зулж үргэлжлүүлсэн
        Өөрөөсөө өөр нутаггүй
        Өнчин цэнхэр дэлхийг

Өлөгчин улина
Ингэ буйлна
Ижий уйлна
    Энэ ертөнцийн ижий бүхэн
    Нулимс цувуулж хэлхсэн
    Эх цэнхэр дэлхийг
        Өөрөөсөө урсаж
        Сүүн ундарга ивлүүлсэн
        Өөрөө өөрийгөө ундаалдаггүй
        Гандуу цэнхэр дэлхийг
Өлөгчин гийнана
Ингэ гунганана
Ижий дуулна
    Энэ ертөнцийн ижий  бүхэн
    Бүүвэй  аялж гийгүүлсэн
    Эх цэнхэр дэлхийг
        Зөөлөн уянга цацрааж
        Дуун цацал цалгиасан
        Өөрөөсөө өөр эгшиггүй
        Солгой цэнхэр дэлхийг
Эв зүйж таталсан
Он цагийн улбаатай
Эрсэж тэрсэж учруулсан
Од сарны зовлонтой
    Энэ ертөнцийн ижий бүхэн
    Уйлж дуулан өмөлзөж
    Элгээ эмтэлж урласан
    Эх цэнхэр дэлхийг
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...