
Бичлэгийн тоо 4,494
Санхүү, эдийн засгийн хямралын нөхцөлд БНСУ-ын Хөдөлмөрийн яам гадаадын гэрээт ажилчдын ажлын байрыг аль болохоор хадгалах чиг бодлого барьж байгаа хэдий ч өнгөрсөн оны аравдугаар сараас хойшхи таван сарын хугацаанд гадаадын цөөнгүй гэрээт ажилчин ажлын байргүйгээс эх орондоо буцаж, гадны ажилчин хамгийн ихээр төвлөрсөн Ансан, Пусан, Үлсан хотуудын үйлдвэрийн цогцолборуудад ажиллаж байсан дөрвөн мянга гаруй гэрээт ажилчид ажлын байраа алдаж, шинэ ажил эрж хайх зэргээр хямралд өртөж байгаа тухай тус улсын төвийн зарим томоохон сонин хэвлэлд бичих болсон гэнэ. Үүнээс гадна гадаадын ажилчдад туслах тус улсын олон нийтийн байгуулагуудын зүгээс Засгийн газартаа хандаж, гадаадын ажилчид хоёр сарын дотор ажлын шинэ байр олж чадахгүй бол тэднийг эх оронд нь албадан буцаадаг, эсвэл хөдөлмөр эрхлэх визийг нь хүчингүй болгодог одоогийн мөрдөж буй дотоодын хууль тогтоомжоо хямралын үед эргэн авч үзэж өөрчлөх арга хэмжээ авах зэргээр гадаадын гэрээт ажилчдыг тогтвортой хөдөлмөр эрхлэж, оршин суух нөхцөлөөр хангах, ялгаварлан үзэхгүй байх асуудал хөндөн тавьсан байна.