
Бичлэгийн тоо 4,494
2010 онд Японд болох Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд явагдаж байна. Манайхан урьдчилсан тоглолтын нэгдүгээр шатанд Макао, Гуам, Умард Марианы арлын багтай нэг хэсэгт өрсөлдөхөөр болсон. Эхний тоглолтдоо урьд нь дандаа хожиж ирсэн Гуамын хөлбөмбөгчдөд 1:0-ээр дийлдсэн манайхан алдаагаа засаж үүний дараа хоёр дараалж хожлоо. Баасан гаригт хамгийн эвгүй учраа Макаог 2:1-ээр буулгаж авахад довтлогч Н.Цэдэнбал, хамгаалагч, багийн ахлагч Д.Лүмбэнгарав нар 67, 69 дэх минутад тус бүр айлын хаалгыг мялаажээ. Макаогийн Хо Ман Хоу 79 дэх минутад тооны харьцааг ойртуулсан ч манайхан үүнээс хойш алдаа гаргасангүй. Харин өчигдөр манай шигшээ сүүлийн тоглолтоо Марианы аралтай хийж 4:1-ээр хожжээ. Тав дахь минутад Марианы арлынхан эхний гоолыг оруулсан бөгөөд Д.Лүмбэнгарав (16), С.Гэрэлт-Од (42), Н.Цэдэнбал (71), Б.Мөнгөнсүх (90) нар хариуг нь барьсан байна. Ийнхүү Монголын хөлбөмбөгийн шигшээ энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцож, хоёр ялалт байгууллаа. Хэрвээ Гуамд хожигдоогүй бол хэсгээ тэргүүлж, дараагийн шатанд Тайвань, Хонконг, БНАСАУ-ын хөлбөмбөгчидтэй тоглох байлаа. Манайхныг хожсон Гуам сүүлийн тоглолтод Макаотой 2:2-оор тэнцэж, 7 оноотой болсноор цааш өрсөлдөх эрхээ авчээ.