
Батлан хамгаалах яамын харьяа “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газрынхан удахгүй америк цэргийн хувцас оёхоор бэлтгэлээ базааж байна. Тус үйлдвэрийн ерөнхий захирал, хурандаа Б.Коля саяхан энэ талаар хийсэн судалгаа, саналаа холбогдох байгууллагад гаргасан бөгөөд удахгүй болох АНУ болон манай улсын Батлан хамгаалах салбар хоорондын зөвлөлдөх уулзалтад түүнийг оролцуулж саналыг нь хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.
Түүнчлэн “Бөртэ” үйлдвэр БНСУ, БНАСАУ-тай хамтран ажиллахаар болж удахгүй БНСУ-ын цэргийн хувцасны оёдлын үйлдвэрийн удирдлагууд тус үйлдвэртэй танилцахаар болжээ.
“Бөртэ” үйлдвэрийн газар энэ хүрээнд техник тоног төрөөхөмжөө шинэчилж, дэлхийн жишигт нийцэхүйц оёдлын машин бусад хэрэгслээр шинэчилсэн байна.
Тус төрийн өмчит үйлдвэрийн газар нь өнгөрсөн онд 210 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. “Бөртэ”-гийн захирлын зөвлөл өнгөрсөн пүрэв гаригт өргөтгөсөн хуралдаан хийж ажилчиддаа ашгаасаа хувь хүртээхээр шийдвэрлэсэн байна. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан үйлдвэрийн оёдолчин нийт 179 эмэгтэй байдаг бөгөөд бүх хүндээ 50-100 мянган төгрөгийн хувь хүртээж урамшуулал олгосон байна.
85 жилийн түүхтэй “Бөртэ” үйлдвэр 1998 оноос хойш нэг ч удаа ноогдол тарааж байгаагүй бөгөөд тус үйлдвэрийн дотоод дүрэмд 50 саяаас дээш ашиг олсон тохиолдолд ноогдол ашиг тарааж байхаар тусгасны дагуу ийнхүү хуваарилаж байгаа гэдгийг үйлдвэрийн захирал хурандаа Б.Коля ярьлаа.