
|

Мэргэжлийн сүмогийн 2009 оны хаврын барилдаан Харү башё энэ сарын 15-29-ний хооронд Осака хотноо болно. Энэ удаагийн башё өмнөхөөсөө ч илүүтэй үзэгч хийгээд сүмогийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна.
Гурван башёд зодоглоогүй мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү 2009 оны нэгдүгээр сарын Хацү башёд түвэггүйхэн түрүүлсэн. Тэрбээр барилдааны сүүлчийн өдөр хүртэл нэг ч унаагүй башёг ганцаараа тэргүүлэн өөрийг нь шүүмжлэгч, өөнтөглөгчдөд ёстой нэг үзүүлээд өгсөн.
Харин ёкозүна Хакүхо нэгдүгээр сарын башёд түрүүлэх хэмжээний өрсөлдөөнд байж барилдааны сүүлчийн өдөр их аварга Асашёорюүг хазайлган нэмэлт барилдаанаар түрүү бөхийг тодруулахад хүргэсэн удаатай. Нэмэлт барилдаанд их аварга барилдааны туршлагаар илүүрхэн Хакүхог давж өөрийгөө сүмогийн ертөнцөд эргэн ирсэнээ зарласан удаатай.
Гэсэн ч ёкозүна Хакүхо 2008 оны зургаан барилдааны дөрөвт нь түрүүлж Японы эзэн хааны цомыг найм дахь удаагаа хүртээд байгаа. Энэ бүхнээс харахад Харү башёгийн түрүү, эзэн хааны цомын төлөө хоёр аварга ширүүхэн үзэлцэх болов уу.
Нөгөөтэйгүүр өөрийн эргэн ирсэн тухайгаа зарлан тунхаглаж 2009 оны эхний башёд түрүүлээд байгаа их аварга Асашёорюү дахин түрүүлэх үү, эсвэл түрүүлэх боломжоо нэмэлт барилдаанд алдсан ёкозүна Хакүхо ахаасаа даагаа нэхэх үү гэдэг нь хамгийн их сонирхол татаж байна.
Энэ хоёр аваргын араас түрүүлэх бөхийн хэмжээнд барилдах озэки, сэкиваке цолтон зарим мэргэжилтнүүдийн нүдэнд одоохондоо харагдахгүй байгаа бололтой. Тэгээд ч хоёр аваргын бэлтгэл нь бүрэн ханасан, ир нь орсон тухай японы хэвлэлээр шуугиж байна.
Энэ сарын 2-ны өдөр Японы сүмо бөхийн холбооноос хаврын барилдааны оноолт-банцүкэг зарлалаа. Харү башёгийн банцүкэгээс харахад энэ удаагийн барилдаан ихээхэн сонирхолтой болох нь ээ. Мэдээж башёгийн зүүн жигүүрийн их аварга Асашёорюү, барууныг ёкозүна Хакүхо нар магнайлна.
Харин озэки цолтнуудыг Болгарын "Гулливер" хэмээгдэх Котоошюү магнайлжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын барилдаанаас эхлэн озэки цол, шинэ нэртэй барилдаж байгаа Харүмафүжи озэки цолтнуудын дөрөвт эрэмбэлэгдсэн байна.
Тэрбээр нэгдүгээр сарын барилдаанд найм давж тавиас дээш хувийн амжилтаа үзүүлсэн.
Хүчит озэки Котомицүки өнгөрөгч башёд төдийлөн сайн барилдсангүй. Улмаар тавин хувийн амжилтаа ч үзүүлээгүй тул энэ удаад кодобан буюу цолоо хамгаалах болзолтой барилдаж байгаа.
Гэхдээ түүний хувьд энэ бол тийм айж, эмээгээд байх зүйл биш. Хууччуул болох Кайо, Чиётайкай озэки нар ч өөрсдийн хэмжээнд барилдаж үзэгч, хөгжөөн дэмжигчдээ баярлуулах бололтой.
Эстонийн бөх Барүто энэ удаагийнхтай нийлээд гурван ч башёд сэкиваке цолтой зодоглоно. Түүнийг мэргэжилтнүүд дараагийн их аварга хэмээн онцлон үзэж, барилдааныг нь шинжиж байгаа.
Тэр ч мэргэжилтнүүдийн урмыг хугалалгүй өмнөх хоёр башёд 10-аас дээш давсан. Харин энэ удаагийн башёгоос япончуудын олимпийн найдвар, ирээдүйн ёкозүна хэмээгддэг Кисенесато сэкиваке цолтой хүч үзнэ.
Дөрвөн ч башёгийн өмнө сэкиваке цолонд хүрч байсан хэдий ч хамгаалж чадалгүй маэгаширагийн тав хүртэл унасан удаатай. Одоо тэрбээр цолоо бататгаж цаашаа дэвшинэ гэж л зүтгэх болов уу.
Банцүкэгээс харахад манай бөхчүүд энэ сард нэлээд дээгүүр эрэмбэлэгдэж, томчуудтай гал гарсан барилдаан хийх нь. Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Цэвэгням Харү башёд комүсүби цолтой барилдана. Харин Какүрюү Ананд маэгашира цолтнуудын баруун жигүүрийг магнайлжээ.
Токитэнкү Хүчитбаатар маэгаширагийн барууны гурваас босох бол Асасэкирюү маэгаширагийн зүүний 11-ээс гарч барилдана. Макүүчи зиндаанд дөрөв дэх башёдоо хүч үзэх Тамаваши Мөнх-Оргил маэгаширагийн зүүн жигүүрийн 14-өөс гарч барилдана. Ийнхүү гуравдугаар сарын Харү башёд манай улсын найман хүчтэн макүүчи буюу дээд зиндаанд зодоглохоор болжээ. Энэхүү найман хүчитний дотроос эзэн хааны цом, башёгийн түрүү бөх тодорно хэмээн японы сүмогийн мэргэжилтэн, спортын сэтгүүлчид үзэж байна.
Х.Улсболд