
<!--[endif]-->
Шагнал эзнээ олжээ. Боксын ОУХМ Урамчимэгийн Мөнх-Эрдэнийг оны өмнөхөн Монгол улсын гавьяат тамирчин болсныг сонсоод ийм бодол хамгийн түрүүнд төрсөн юм. Үнэндээ Мөнх-Эрдэнэ энэ шагналыг нилээд эрт авчих боломжтой байлаа. 2003 онд Тайландад болсон ДАШТ -ий медалийн төлөөх тоглолтонд манай хүн эзэн орны боксчинтой ямар сайхан тоглосныг боксын хорхойтнууд санаж байгаа нь лавтай. Гэсэн ч бүх л тоглолтын турш илүүрхсэн хэрнээ онооны зөрүүгээр ялагдаж байсан гашуун түүх түүнд бий. Харин ДАШТ -н дараа Шинжааны олон улсын тэмцээнд нөгөө боксчноо илт давуу ялж билээ. Үүгээрээ тэр дэлхийн рингнээс медаль авах хэмжээнд хүрснээ харуулсан юм.
Ер нь Мөнх-Эрдэнэ гавьяатын болзол биелүүлэх олимп , дэлхийгээс л медаль авч чадаагүй. Аль алинд нь медалийн төлөө тоглоод ялагдаж байв. Харин бусад томоохон тэмцээний ихэнхэд нь медальтай. Анх 2001 онд Осакад болсон зүүн азийн наадмаас Монголын багийн цорын ганц алтан медалийг авчирсны дараа хүн бүр түүнийг таньдаг болсон. Үүнээс хойш Азийн АШТ -ий хүрэл (2002-Малайз) , Азийн наадмын мөнгө (Катар-2006) , Дэлхийн цомын мөнгөн (2008-ОХУ) медалиудыг авчраад байна. Мөн 2007 онд Германы ‘Химийн цом’ Чехийн Устинад Лабемийн олон улсын тэмцээнүүдэд түрүүлсэн билээ. Ер нь түүнийг гавьяатын тэмдэг зүүгээд явж байхад голох , дургүйцэх хүн гарахгүй бизээ.
Мөнх-Эрдэнэ анх 1996 онд 14 настайдаа боксоор хичээллэж эхэлжээ. Түүний анхны багш нь спортын мастер Дашиймаагийн Батмөнх. Хүү боксын спортод төрөлхийн авьяастай байсан тул амжилт дорхноо гарч эхлэв. Ширэн бээлийтэй анх нөхөрлөснөөс хойш дөрвөн жилийн дараа буюу 2000 онд 18-тайдаа насанд хүрэгчдийн УАШТ -д түрүүлсэн нь үүний нотолгоо. Үүнээс хойш түүнийг дийлэх боксчин Монголд лав гараагүй. Өнгөрсөн хугацаанд УАШТ-д найман удаа түрүүлж , нэг мөнгөн медаль (2001) хүртээд байна. Түүнчлэн тив дэлхий , олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож , чамлахааргүй амжилт гаргажээ. Ялангуяа сүүлийн хоёр олимпод эрхээ авч оролцсон нь түүний хэр боксчин болохийг гэрчлээд өгнө. Анх 2004 оны Афиний олимпод ороод шөвгийн 16-д БНСУ-н боксчинд дийлдсэн. Тэр үед Монголын боксчдын амжилт даруухан байсан тул тэр ганцаараа боксчдын нүүрийг тахлан олимпод хүч сорьсон билээ. Эрх олгох сүүлийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр Афинд зодоглох эрхтэй болсон хэрэг. Харин 2008 онд мөн л сүүлийн тэмцээнээс эрхээ халааслав. Казакстанд болсон тэрхүү тэмцээний өмнө 64 кг -д Азийн боксчдод ганцхан эрх үлдээд байлаа. Өөрөөр хэлбэл түрүүлж байж эрхээ авах хүндхэн даалгавар түүнийг хүлээж байв. Манай хүн ч үүргээ гялалзтал биелүүлж , учраа бүрээ буулгаж авсаар Бээжинд хүч үзэх эрхтэй болсон билээ.
Бээжингийн рингэд тэр урамтай тоглон хоёр дараалж ялаад медалийн төлөөх тулаанд тунан үлдлээ. Гэвч Францын залуу боксчинд харамсалтай дийлдэв. Ингээд олимпийн медалийг дахин дөрвөн жил хүлээх хэрэгтэй болжээ. Гэхдээ олимпийн дараа Москва хотноо болсон Дэлхийн цомын хагас шигшээд өнөөх боксчноо ялж хариугаа авсан нь саяхан. Мөнх-Эрдэнэ тэмцээнээс ирчихээд ‘’Ямар ч байсан Францын Вастинегээс хариугаа авах зорилготой байсан. Чадсандаа баяртай байна. Вастине олимпод орж байсан үеэсээ хамаагүй сайжирсан байна билээ’’ хэмээн ярьж байв.
Энэ тэмцээнээс ирсний дараахан ерөнхийлөгч түүнд Монгол улсын гавьяат тамирчин цол хүртээсэн билээ. Гавьяат авах үеийн үйл явдал ч бас их сонин. Өмнөх өдөр нь түүн рүү утасдаж төрийн шагнал авах болсныг нь дуулгажээ. Гэхдээ яг ямар шагнал авахыг хэлсэнгүй.
Мөнх-Эрдэнэ ч өөрийгөө гавьяат болно гэсэн бодолгүй төрийн ордонд очсон аж. Харин Ерөнхийлөгчийн зарлиг унших үед л өөрийгөө гавьяат тамирчин болсныг мэдсэн гэнэ. Жинхэнэ гэнэтийн сюрприз болсон байна.
Боксоос гадуурх түүний амьдрал их энгийн. Рингэн дээр хортай ,шартай , дайчин харагддаг хэдий ч жирийн үед их даруухан хэмээн найз нөхөд нь нь түүнийг дүгнэдэг юм билээ. Үеийнхэн дундаа муугүй барилддагт тооцогддог гэж байгаа. Шигшээ багийнхан цугларалтанд гараад байх үедээ бэсрэг наадам зохиоход тэр бүгдийг нь хаян түрүүлж байсан удаатай. Мөнх-Эрдэнэ энэ жил 27 настай хүрнэ. Өөрөөр хэлбэл дахиад хэдэн жил тогтвортой тоглох нас байна гэсэн үг.
Түүний хамгийн ойрын зорилго нь Италийн Милан хотноо 9 -р сарын нэгэнд эхлэх ДАШТ. Тэр жин хасахаа багасгаж , 64 кг -д орох болсноос хойш амжилт нь тогтвортой байгаа. Энэ жилийн ДАШТ -ээс медаль зулгаачихвал түүний олон жилийн хүсэл , мөрөөдлийн томхон хэсэг нь биелэх билээ. Харин хэтийн зорилго нь мэдээж Лондонгийн олимп. Харамсалтай нь энэ жилийн УАШТ -д бид Мөнх-Эрдэнийн тоглолтыг харж чадахгүй нь. Учир нь зүүн гартаа авсан гэмтлээ сайн эмчлүүлэх шаардлагатай байгаа тул УАШТ -г өнжихөөр болсон юм. Уг нь энэ гэмтэл тийм ч ноцтой биш байсан хэдий ч Дэлхийн цомд оролцох үедээ сэдрээчихсэн аж. Одоо тэр гэмтлээ бүр сайн эдгээж байгаад удахгүй рингэндээ эргэн ирж , ДАШТ -н бэлтгэлдээ шамдан орно. Монголоор овоглон улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа шинэхэн гавьяатдаа шинэ онд тавьсан зорилгодоо хүрэх ерөөл тавин энэхүү бичлэгээ өндөрлөе.