帖子数 1,145

Киноны тухай:
Америкийн нэрт зохиолч Ф.Скотт Фицжеральдын 1921 онд бичсэн “Бенжамин Баттоны хачирхалтай хэрэг” нэртэй богино өгүүллэгээс сэдэвлэн кино найруулагч Дэвид Финчер уг киног бүтээсэн байна. Кино зохиолыг Эрик Рот, Робин Свикорд нар бичсэн бөгөөд гол дүрд нь Холливудын нэрт жүжигчин Брэд Питт болон Оскарын шагналт Кейт Бланшетт нар тогложээ. Киноны зураг авалт 2006 оны арваннэгдүгээр сарын 6-нд Нью-Орлеанд эхэлсэн бөгөөд дараа жилийн гуравдугаар сард зураг авалтын баг Лос-Анжелес руу шилжиж, тэнд зураг авалт хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн байна. Зураг авалтын ажил нийтдээ 150 хоногт багтана хэмээн төлөвлөж байсан ч Брэд Питтийн хөгшин үеийн зураг авалтад багагүй цаг зарцуулж, 2007 оны есдүгээр сард зураг авалтын баг ажлаа дуусгажээ. Улмаар 2008 оны тавдугаар сард нээлтээ хийнэ хэмээн мэдэгдсэн ч товлосон хугацаанаасаа хоцорч, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийсэн юм. Хойд Америкийн 2988 кино театрын дэлгэцнээ нэгэн зэрэг гарч эхэлсэн “Бенжамин Баттоны хачирхалтай хэрэг” кино нээлтээ хийсэн өдрөө 11.8 сая ам.долларын орлого олж, эхний долоо хоногтоо л зөвхөн Хойд Америкт 30 сая ам.доллар цуглуулж чаджээ. Кино театрын дэлгэцийг эзэлж байснаас гадна кино шүүмжлэгчдийн зүгээс ч өндөр үнэлэмж хүртэж чаджээ. 169 кино шүүмжлэгчдийн дүгнэлтээс үзэхэд 72 хувь нь эерэг хариулт өгсөн байна.

1918 оны арваннэгдүгээр сарын 11-нд Нью-Орлеан хотынхон Дэлхийн I дайн дуусч, энх амгалан цаг айлчлан ирснийг тэмдэглэн, олон нийтээрээ баяр цэнгэлд автах үеэр Томас Баттон гэгч чинээлэг айлынд бяцхан хүү мэндэлсэн нь 86 настай хүний дүр төрхтэй, бие физиологийн хувьд хэдийнэ хорвоог орхиход бэлтгэгдсэн гэмээр хачирхалтай хүү байв. Хүүг төрүүлсний дараа эх нь хүндрэлийн улмаас нас барж, харин эцэг Баттон эхийнхээ аминд хүрсэн тэр “хөгшин хүү”-г хөгшчүүлийн асрамжийн байрны үүдэнд хаяад зугтжээ. Асрамжийн газрын ажилтан хар арьст Квини хүүг олж, Бенжамин гэх нэр хайрлав. Бенжамин хүү биологийн хувьд залуужин, өсч томорсоор байлаа. 1930 он болоход тэр 70 настай хүн шиг болсон бөгөөд Дейзи гэх бяцхан охинтой танилцжээ. Охины эмээ нь асрамжийн газарт амьдардаг байж. Хүүхдүүд эмээгийнх нь ярьж өгдөг үлгэрийг сонсч, хамт тоглож өдөр хоног өнгөрүүлдэг байлаа. Хэдэн жилийн дараа Бенжамин усан онгоцоор аялж, Орост хэсэг хугацаанд амьдарч, Дэлхийн II дайнд эх орныхоо төлөө тэмцэв. Энэ хооронд тэр Томас Баттон гэгчтэй уулзах боловч өөрийнхөө эцэг гэдгийг мэдэлгүй өнгөрдөг ажээ. 1945 он болоход Бенжамин Нью-Орлеанд эргэн ирж, хорвоог орхих шахсан Томас Баттонтой дахин уулзана. Энэ л үед Томас Бенжаминийг өөрийн хүү гэдгийг хэлээд бизнесийн талбарт ихээхэн амжилтад хүрсэн гэр бүлийн бизнес, бүхий л өв хөрөнгөө өвлүүлээд, хорвоогоос хальжээ. Улмаар Бенжамин Нью-Йорк хотод амьдрах хугацаандаа алдартай жүжигчин болсон Дейзитэй дахин уулзсан боловч удалгүй мөр мөрөө хөөсөн байна. 1962 он болоход Дейзи Нью-Орлеанд ирж, Бенжаминтай дахин учирч, бие биедээ дурласан бөгөөд ид залуухан байсан хосууд 1960-аад онд хамтдаа амьдарч байв. Харин энэ үед Дейзи цаг хугацааны эрхээр хөгширч байсан бол Бенжамин эсрэгээрээ улам залуужсаар байлаа. Хэдэн жилийн дараа хосууд Каролин гэх охинтой болж, Дейзийг нэг биш, хоёр хүүхэд өсгөх шаардлагатай тулгахгүйн тулд Бен бүхий л өв хөрөнгөө хайртай бүсгүйдээ үлдээгээд өөрөө явж одсон байна. Каролин охиныг нэг нас хүрэх үед Бен өмсөх хувцаснаасаа өөр зүйлгүй гэрээ орхиж, дэлхийн улс орнуудаар аялж, тааралдсан ажлаа хийж явсаар багагүй хугацааг өнгөрүүлжээ. Гэхдээ тэр хаана ч явсан хайрт бүсгүйдээ болон охиндоо ил захидал үргэлж илгээдэг байжээ. Цаг хугацаа өнгөрсөөр оюун санаа нь хөгширсөн ч таван настай бяцхан хүүгийн биетэй болсон Бенжамин хайрт бүсгүй Дейзигийн асрамж, халамжинд амьдралынхаа сүүлийн он жилүүдийг өнгөрүүлж, хорвоог орхисон байна.
Бенжамины хачирхалтай түүхийн зангилаа нь тэртээ Дэлхийн I дайны хөлд хүүгээ алдсан Гетау гэгч сохор эрийн бүтээсэн ухарч явдаг цагтай холбоотой байжээ. Дайны улмаас хайрт хүүгээ алдсан тэрээр ухарч явдаг зүүтэй цаг бүтээснээр дайныг эргүүлж, хүү нь дахин хөл дээрээ босно хэмээн итгэсэн эцгийн бодол энэ кинонд амилсан нь энэ юм.

I will love you forever. . .
Our love will last as long as our lives. . .
Te amo emmanuelle
Our love will last as long as our lives. . .
Te amo emmanuelle