“Чингис хаан” үзэсгэлэн Хьюстон хотноо нээгдэв

Техасын Хьюстон хотын Байгалын шинжлэх ухааны музейд Чингис хаан болон Их Монгол Улсын түүхийн сэдэвтэй үзэсгэлэн 2009 оны 2 дугаар сарын 25-нд нээгдэв. Тус үзэсгэлэн нь Чингис хааны түүхийг харуулахын сацуу 13 дугаар зууны Монголчуудын аж амьдрал, соёлтой холбоотой үзмэрүүд тавигдсан байна.

Үзэсгэлэнд Чингис хаан болон 13 дугаар зууны Монголын түүхтэй холбоотой нийт 150 гаруй үзмэр байгаа бөгөөд тэдгээрийг Монголын музейнүүд болон ОХУ-ын Улсын Эрмитажийн музейгээс зээлж тавьж байгаа аж.

Үүнд, чулуун хөшөө, шаазан эдлэл, зэр зэвсэг, алт мөнгөн хэрэглэл болон өмнө нь Америкийн олон нийт үзэж байгаагүй хосгүй нандин үзмэрүүд орсон байна.

Үзэсгэлэнг АНУ-ын ДайноДон Продакшнс /DinoDon Productions/ компанийхан зохион байгуулж байгаа бөгөөд тэд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Үндэсний түүхийн музей, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Үндэсний Төв номын сан, Цэргийн түүхийн музей, Дорнод аймгийн музейгээс үзмэрүүдээ авсан аж. 2 дугаар сарын 25-ны өдөр буюу Монголын Цагаан сарын баярын шинийн нэгний билэгт сайн өдөр Хьюстон хотноо тус үзэсгэлэнг нээж Музейн Ерөнхийлөгч Жоул Бартч, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат нар үг хэлэв.

Нээлтийн ажиллагаанд БСШУЯ-ны Соёл, урлагийн газрын захирал Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид мөн ирж оролцож, Улсын ардын дуу бүжгийн жүжигчид монгол ардын ая дуу өргөн барив.

Энэ өдрийн нээлтийн ажиллагаанд Хьюстоны Байгалын түүхийн шинжлэх ухааны музейн хандивлагч, гишүүн дэмжигч 200 орчим хүн ирж оролцсон байна. Энэхүү үзэсгэлэн нь 2009 оны 9 дүгээр сарын 7 хүртэл гарах бөгөөд цаашид АНУ-ын томоохон хотуудад гарах төлөвлөгөөтэй байгаа аж.  
Үзэсгэлэнгийн тухай мэдээг дараах хаягаар авч болно.
http://www.hmns.org/exhibits/special_exhibits/genghis_khan.asp
  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий