
Монголын биеийн тамир, спортын салбарын ахмадын улсын ээлжит хоёрдугаар чуулган энэ сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Төрийн ордны их танхимд болох гэж байна. Чуулганд нийслэл, аймаг, дүүргийн БТС-ын байгууллага, спортын холбоо, БТС-ын дээд сургуулийн ахмадын зөвлөлийн зэрэг олон арван байгууллагын 300 гаруй төлөөлөгчид оролцохоор уригджээ. Энэхүү арга хэмжээнд Монгол улсаас төрсөн үе үеийн олимп, дэлхий, тивийн аваргын медальтанууд, хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч, тамирчид, спортын мастер, зэрэгтэй байсан тамирчдын төлөөлөгчид, спортын салбарын ажилтан, удирдлагад ажиллаж байсан зүтгэлтэнүүд зэрэг алдар цуугаа дэлхий болон өөрийн эх орны тавцанд дуурсгаж байсан хүмүүс оролцох юм.
Бээжингийн олимпид Монголоос аваргууд төрсний дараагаар болох гэж байгаа энэхүү онцлог чуулганд ахмадууд залуу үеийнхэнтэйгээ уулзан, тэдний үнэт сургаалыг сонсох, залуусдаа хэрэгтэй олон санаачлагыг ахмадын зүгээс гаргах, төрөл бүрийн ажил зохиох, ахмадуудын хийсэн гавьяа, үйлсийг нь алдаршуулан сурталчилах, тэднийг шагнаж урамшуулах, баримтат кино, сэтгүүл гарган санал, сургамжийг нь хойч үеийнхэндээ өвлүүлэх зэрэг олон арга хэмжээг чуулгантай холбоотойгоор явуулж, үзэсгэлэн гаргаж байгаа талаар Монголын БТС-ын ахмадын хорооны дарга, МУ-ын гавьяат багш Ц. Даржаа ярьж байна.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТС-ын газраас ажлын хэсэг байгуулан ажиллаж, хөрөнгө зардлыг гарган аймаг, нийслэл, дүүргийн БТСХороо, МҮОХ, Спортын холбоод туслалцаа дэмжлэг үзүүлж ахмадын байгууллагатайгаа хамтран ажиллаж байгаа юм. Монголын биеийн тамир, спортын салбарын ахмадын анхдугаар чуулга уулзалтыг 2005 онд амжилттай зохион явуулж байжээ.