Жил бүрийн гуравдугаар сарын 6-ны өдрийг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийн баярын өдөр хэмээн сүүлийн хэдэн жилд тэмдэглэх болсон.
1920 оны арваннэгдүгээр сарын 10-нд "Үнэн" сонины анхны дугаар хэвлэгдсэн тэр өдрийг "Хувьсгалт хэвлэлийн анхны өдөр" хэмээн үздэг байснаа хожим нь үүх түүхээ судлан үзсээр Монгол хүний ухаан бодол, гараар сонин бий болж байсныг олж мэджээ. Тэр нь 1913 оны гуравдугаар сарын 6-нд тухайн үеийн сэхээтнүүдийн гаргасан "Шинэ толь" нэртэй сонин юм. Үүнээс үндэслэн энэ өдрийг Монголын хэвлэлийн өдөр буюу хэвлэлийн эрх чөлөөний өдөр гэх болжээ.
"Шинэ толь" сонинг тухайн үеийн тэргүүний сэхээтэн Д.Бадрахбаатар, Б.Намсрай, Ж.Цэвээн, их зохиолч С.Буяннэмэхнар гаргаж байжээ. Ялангуяа сэтгүүл зүйг үндэслэхэд Ж.Цэвээн эрдэмтний сэтгэл, зүтгэл их байсан гэдэг. Тэрээр сэтгүүл зүйг үндэслэж, анхны сонин гаргасан төдийгүй Судар бичгийн хүрээлэн, Монголын хэвлэх үйлдвэр байгуулах их суурийг тавьжээ. Мөн Монголоос гадаадад суралцах хүүхдүүдийг авч явж байсан гээд буян номын өглөг ихтэй хүн байсан гэдэг.
Тэр үеийн "Шинэ толь" сонинг Монголын дэвшилт, ардчилсан сэтгүүл зүйн эхлэл гэж түүхэнд тэмдэглэжээ.
"Шинэ толь" сонин 1913 оны үеийн нийгмийн амьдрал, төр засгийнхаа үйл ажиллагааг магтаж, шүүмжилж байсны дотор хамгийн гол нь эх орноо гадаадын харьяатаас бүрэн гаргаж тусгаар тогтносон улс болгоё. Улс орноо хөгжүүлэхийн тулд өөрсдөө сурч боловсорч, бичиг үсэгтэй хүн болъё. Ийм хүн олон зүйлийг мэдэж сурч чадна хэмээн нийгмийн оюун санаанд өөрчлөлт хийхийг зорьж байжээ. Мөн танин мэдэхүй, гадаадын уран зохиолтой Монголын ард түмнийг танилцуулж Л.Толстой зэрэг тэр үеийн Оросын сонгодог зохиолчдын бүтээлийг нийтэлдэг байжээ. Энэ бүх зүйлээс "Шинэ толь" сонинг Монголын сэтгүүл зүйн түүхийн тулгын чулууг тавьсан, дэвшилт ардчилсан сонин байсан гэж зүй ёсоор үздэг байна.
Доктор Б.Дэлэг судалгаандаа "Шинэ толь" сонин бол сэтгүүл, сонины цогц шинж чанарыг хадгалсан. Тухайн үед хэвлэл мэдээлэл, Монголын тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулахад, монгол хүн гэсэн эрхэм чанарыг мэдрүүлэхэд санаа өгч байсан. Үүний тод жишээ нь энэ сонинд гарч байсан Д.Бодоогийн "Эргэцүүлэл" Д.Бадрахбаатарын "Цахилгаан мэдээ", "Дорж мэйрингийн Заяатын шунал" гэсэн өгүүллэгүүд юм" гэж тэмдэглэсэн байдаг аж.