Бардамнал
  Халгин цалгих усаараа рашаан мэт тэжээсэн
Хадган хөх тэнгэрийн ивээл энэрэлд жаргасан
Халуун сэтгэлт ээжийнхээ энгэрт эрхэлж өссөн
Хайрын гэгээн диваажин өргөө гэр минь байна
Энэ миний бардамнал
Хатуу зөөлний алинд ч сэтгэл юугаа дэлгэсэн
Харгуй замын уртад зовлон жаргалаа өгүүлсэн
Харц болоод бодлын нууц бүхнээ хуваалцсан
Хан хорвоод үнэнч анд нөхөд минь байна
Энэ миний бардамнал

Хатиран цогих морьдын туурайн тоос боссон
Халх түмний үрс хүлгийн зоон дээр нь гийнгоолсон
Ханагар уужим талд нь анхилуун салхи наадсан
Хангай сайхан эх орон минь байна
Энэ миний бардамнал