Бичлэгийн тоо 5,522
Видео Тэнгэрийн ааш урьдын цагтай зүйрлэшгүй уясч дулаарсан ч ес эхэлсэн Монголын жавар цаанаа л нэг тачигнуур. Заяа бага үд өнгөрөв үү үгүй юу дэвхцэж эхэллээ. Газар хөдлөж, галт уул дэлбэрсэн ч бараагаа зарж байж явна даа гэж охин тэсвэрийг нь сорих жаврыг занаж зогслоо. Хажуугийн хүүхэн эрээнээс бөөндөж авчирсан гацуураа өндөр намаар нь ярайтал зогсоож, өнгө гэрлийг нь асааж байгаад л шуугиулсаар зарж эхэллээ. Гэрэлтэй, саатай, туузтай, чимэгтэй цоо шинэ гацууруудын дэргэд Заяагийн гацуур хуучин болоод ч тэр үү хамаг тоглоомыг нь зүүж өөд нь татсан хэрнэ цаанаа л нэг доожоогүй. Цагтаа энэ гацуур ямар сайхан бүтэн жил зүүдлүүлсэн сүрлэг амьтан байлаа даа. Хан уулын хаан гацуурыг голомтдоо залсан юм шиг Заяа хөөрч баярлаад л, жаахан ч байж, саваагүй ч байж дээ. Гацуурыг аав нь алтан Москвагаас авчирсан тэр өдөр л Заяа орой дээрх шилэн чимгийг нь, бас боргоцойт гацууруудтай нь цуг хагалж орхилоо. Ээж нь: -Хн, ингэж эдээрээ тоглоод байх юм бол эвдэхийн цондон гэдэг юм. Хамаг юмаа эвдээд байх юм бол яаж буян хишиг тогтох вэ дээ гэхэд аав нь тухайн үедээ юм хэлээгүй ч хэзээ хойно өнгөрсөн үед нь: -Эзэн нь юмаа мэдэж байна аа хө гэж охиноо өмөөрч дөгөөж суусан сан. “За хамгийн жижиг нь 60см, хамгийн том нь метр 80-тай сүлд модоо аваарай. Таньд ямар нь хэрэгтэй вэ, үзэж хараад, шалгаад ав. Гэрэл юмыг нь асаагаад, эргүүлээд авч болно ш дээ. Үнийг нь сайн ярина шүү, за ингээд үзээд байгаарай” гэж завсар зайгүй сурталчилсаар байгаад дахиад нэгийн зарчихлаа. Бүсгүй зуун мянган төгрөг тов хийтэл тоолоод, тоомжиргүйхэн түрүүвчлэхийг Заяа атаархангуй ажлаа. Хоёр гурван жилийн ая даах үгүй нь тодорхойгүй эрээний гацуурыг хүмүүс аваад л байдаг. Гэтэл хориод жил зассан хирнээ нуруу нь хотойгоогүй жинхэнэ Орос гацуурыг хүн тоож ч харахгүй байгаа нь Заяад даанч гомдолтой санагдлаа. Хэрэв гамтайхан эдлэвэл дахиад ч төдий дайтай наслах энэ гацуурыг хэн ч тоож ажиллахгүй байлаа. Хэрэв хэн нэг нь л асуух юм бол -Та миний сүлд модыг хараа, ямар ч модтой зүйрлэхээргүй, гол төмөр нь ёстой бат бөх, харин одооны моднуудтай зүйрлэхээргүй мөчир шилбүүс нь адилхан бат бөх, ямар ч тоглоом зүүсэн даана шүү. Гэхдээ л тоглоомнууд нь шилэн болохоор хагарчихаж магадгүй гэж магтаж, сануулах үгээ бодож зогстол хяслантай нь хэн ч гацуур дээр нь харц тогтоохгүй өнгөрсөөр л байлаа. Гэнэт нэг залуу: -Хөөе, наад ямбийгаа хэд гэж байгаан? -Наян мянга гэж Заяа сүлд модыг нь доромжлогчид эгдүүцлээ илэрхийлэн хэлжээ. -Хн, наадахыг чинь 80-аар битгий хэл 8-р ч тоож авахгүй юм байна гэж хэлэхэд Заяа дугуйхан харц ширэвсэн ч дотроо “Чамд тоож зарахгүй юм чинь” гэж шивнэж зогслоо -Хн, өөртэйгээ адилхан ямбий юм барьчихаад, юун ч онгироо амьтан бэ гэж хажуудаа тасралтгүй зүүгдэх хачин ганган хүүхэнтэй дуу нийлүүлж тас тас хөхрөлдсөөр алга боллоо. Заяа хичнээн даарч, яаж ч зовж байсан ийм хүйтэн сэтгэлтэй хүнд бага насны баяр баясгалангаа өгөхгүй юм шүү гэж дотроо бодож зогслоо. Наймаачдын ярих нь Америкт эдийн засгийн хямрал болоод Монголд барааны гүйлгээ муудсан юм байх. Монголчуудын бараа ноднин гэхэд л өдөртөө хорь гучин гацуур борлогддог байсан бол энэ жил чүй чаймай 10 хүрэхтэй үгүй л гацуур арай гэж нэг юм зарагддаг болсон гэнэ. Хаа холын Америкчуудын байр худалдаж авахаа больсон нь Нарантуулын наймааныханд яаж нөлөөлөөд байгааг Заяа сайн ойлгоогүй ч өдөр бүр юм болгоны үнэ ямхаар биш алдаар өсч байгааг тэр сайн мэдэж байлаа. -Уучлаарай, гацуур ямар үнэтэй вэ гэх аятайхан дуунаар баярлаж харвал нэгэн нүдэнд дулаахан хөвгүүн хажуугийн хүүхний сүлд модыг сонирхжээ. Уг нь өчигдөр Заяагийн модыг нэг бүсгүй авахыг ихэд хүссэн ч хэлсэн үнэ нь Заяагийн зарахыг хүссэн үнээс хоёр дахин бага байлаа. Уг нь ганц бие хүүтэй нь хамт шинэ жилээр тэр эмэгтэйг баярлуулахыг хүссэн ч хоёр дүүгээ бодохын эрхэнд хэлээ хазаад сайхан сэтгэлээ, өрөвч сэтгэлтэйгээ цуг нуугаад л үлджээ. Гэтэл тэр хоёрын гацуурын дэргэд нэгэн эрхэм саатлаа. Тэр хүн гацуурыг нь хэсэг зуур сонжиж, шохоорхох нь хуучны Орос гацуурын биш харин мөчирт нь бөнжигнөх тоглоомнуудыг нь цуглуулагчийн нүдээр л олзолсон байж. Хэдийгээр үнийг асууж мэдсэн ч гэсэн: -Ммм, таван мянгаар авъя гэж хэлэхэд нь Заяа тав тавь хоёрын сайн ялгаагүй ч шуудхан л толгой сэгсэрчээ. Нөгөө эрхэм хэсэг зуур тоглоомыг, сүлд гацуурыг шохоорхож байснаа гийгүүлж, гялтайлгасан аятай “тэгвэл 60-н мянга, болно уу?” гэж хэлэх нь ийм үнэ хэлсэн чамд их аз шүү гэх шиг сонсогдлоо. -Уучлаарай ах аа, би ийм үнээр өгөхгүй ээ гэж хэлэх тэр хоёрын яриаг хөдөөний боловч нас ахимаг эр тасалж орхилоо. -Хөөх, энийг хараач ээ миний охин, ёстой жинхэнэ Орос гацуур байна даа, яс чанар ч гэж янзын даа. Яасан сайхан эдлээ вэ, бараг шинээрээ шахуу юм. Хоёулаа энийг Итгэлтдээ авчихья. -Аав аа, та одоо яасан сонин юм ярьдаг юм бэ. Юу гэж хүний хуучин нойтон юмаар яах гэж байгаан. Тэгээд ч орчин үеийн хүүхдүүд нь гэрэлтэж асдаг, эргэдэг, хөдөлдөг тоглоомонд дуртай болсон ш дээ. -Миний охин, асдаг тоглоомын нэмээд авчихаж болно. Чи энийг хар даа, тоглоомнууд нь яасан хөөрхөн юм бэ, хэдэн төгрөгөөр зарах вэ миний хүү? -Наян мянга, наян мянган төгрөгөөр би шууд л өгчихнө. Та тоглоомтой ийм гацуурыг 90-н мянгаар ч энэ хавиас олохгүй шүү гэж Заяа дуржигнуулахдаа дотроо “Энэ ах л авчихаасай, авчихаасай” гэж чин сэтгэлээсээ залбирч зогслоо. Гэтэл түрүүхэн хорголоо тоолох шахаад байсан нөгөө харь эрхэм: -Би, би авъя, наян мянгаар гэж шавдуулсан ч Заяа тэр эрхэмд хариуг нь өгөх гэж яарсангүй ээ. Харин ч нөгөө хөдөөний эрд, -Ах аа, та миний гацуурыг авчих л даа, тэгэх үү гэж хэлж амжаагүй шахам байтал охин нь тэндээс: -Ааваа, нааш ир дээ. Яг наадах шиг чинь гацуур энд 80-р өгнө гэж байна гэж хэлээд аавыгаа дуудлаа. -Ах аа, та миний гацуурыг авчих, тэгэх үү гэж дахин дахин гуйхад хөөрхий хөдөөний эр охин уруугаа нэг харж, Заяа уруу нэг харж, тэгснээ Заяагийн зарж байгаа Орос гацуур, нөгөө гялтганасан Хятад гацууруудыг дахиж нэг харьцуулж ажигласнаа: -Өршөөгөөрэй дүү минь, зээ хүүхдээ авах бэлэг болохоор ээжийнх нь үгийг сонсолгүй горьгүй нь гэж хэлээд яваад өгчихлөө. Заяа золтой л хэнгэнүүлчихсэнгүй. Хэрэв энэ ах сүлд модыг нь авсан бол Заяагийн гацуур мод Монголдоо үлдэхгүй юу. Гэтэл хаа газрынх нь мэдэгдэхгүй энэ эрхэм модыг нь биш тоглоомнуудыг нь сонирхоод байсан, аягүй бол авсан хойноо гацуурыг нь хаячих ч юм бил үү гэж бодохоос л Заяагийн харуусал төрж: -Эрхэм ээ, та хэрвээ нутаг буцахаар бол над руу заавал утасдаарай. Би өөрийнхөө гацуурыг буцаагаад худалдаад авчихна шүү гэж хэлээд халааснаасаа захын тасалбараа гаргаж ард нь хурдхан шиг утасны дугаараа бичээд сарвайжээ. “Модыг нь зарчихвал баярын дараа тал үнээ олчихно, тал үнийг нь олно гэдэг чинь цуглуулгаа бараг үнэгүй шахам баяжуулчихлаа гэсэн үг. Монголд ч юм хямдхан, Монголчууд ч гэнэн улс дөө” гэсэн шүү юм бодож баясаж зогссон нөгөө харийн эр хайнгадуухан инээмсэглээд утасны дугаарыг нь авчээ. Тэгснээ сүлд модыг нь нямбайлж эвхээд, хамаг тоглоомнуудыг нь цоо шинэ торонд хийгээд захын гарах хаалга уруу зүглэлээ. Тийм ээ, Заяа энэ мөчид л аавынхаа тухай хачин их өгүүлж бодлоо. Заяагийн аав нь их хэрсүү ухаантай, бас өглөгч хүн байсан сан. Аав нь мөнгийг овоо ч олно, олсноо ч сайн тараана даа. Ээж нь хааяа үглэхэд “зүгээр дээ хө, намайг өнгөрсөн хойно миний ах дүү нар хэдэн хүүхдүүдийг минь харж бодоод л байна” гэж хэлээд инээгээд өнгөрдөг сөн. Харин аав нь өөрийнхөө амьдарч байгаа байрыг өөртөө хувьчилж авахын тулд хамаг ягаан тасалбараа цуглуулж, алс хэтийг нь бодож гэр бүлийнхээ цэнхэр тасалбарыг хуу хамж нэг жижигхэн барилгын компанид өгсөн сөн. Хожим тэр барилгын компани нь овоо хөл дээрээ босож, их л нэр хүндтэй компани болсон дуулдаж билээ. Гэхдээ л амьдрал аавынх нь тооцсоноор өрнөөгүй ээ. Эцгийнх нь оршуулганаас хойш авга ахынх нь тэднийхээр үзэгдэх нь битгий хэл холбоо ч барьсангүй. Аргагүй л хүмүүсийн яс чанарыг амьдралын хатууг ойлгуулах гэсэн юм шиг таг чиг алга болжээ. Энэ үеэс л Заяа ээжтэйгээ нөгөө барилгын компани дээр очиж, аавынхаа хувьцааны ноогдол ашгийг авах гэж очтол гэрээт брокерын пүүс хамаг хувьцааг нь аавынх нь гарын үсгийг хуурамчаар үйлдээд зарчихсан байлаа. Хөөрхий дөө, ижий нь ч гэсэн энэ бүх маргааны учрыг олж чадаагүй өнгөрсөн юм. Одоо Заяад илүү ч үгүй дутуу ч үгүй наян мянган төгрөг л хэрэгтэй байсан юм. Энэ мөнгөөр тэр байрныхаа хөлсийг төлөөд, ээжийнхээ алтан ээмгийг ломбарданд тавьсан хугацааг нь сунгуулж хоёр дүүдээ зул сарын баярын бэлэг зэхээд шинэ оноо унд хоолтой угтах гэж л тэр хамгийн хайртай гацуураа зарах гэж байгаа нь энэ. Өнчин ядуусыг дээрэлхэх хүмүүс ямар мундах биш дээ, хөөрхий Заяаг СӨХ-ийн дарга авгай нь тайван байлгана гэж үгүй. Уржигдархан тэр авгай орж ирснээ “За хүүхдүүд ээ та нар чинь одоо байрынхаа хөлсийг сар болгон хугацаанд нь төлөхгүй юм аа. Ингэж байхаар энэ байраа эгчдээ зарчих” гэж шавдуулсан нь Заяагийн үнэхээр дургүйг хүргэжээ. Заяа яаж ч ядарч, хичнээн зовж байсан ч “байраа л зарж идэхгүй юм шүү” гэж хатуу шийдээд өөртөө байгаа хамгийн үнэтэй, хамгийн нандин хөрөнгө болох гацуур модоо аваад зах гарсан нь энэ. Одоо тэр захын хаалга уруу холдож одох харь хүний гарт тэврүүлж яваа гацуур модоо харууслын нүдээр харж зогслоо. Яг л энэ мөчид охиндоо л гэж нандигнаж хадгалсан гацуурыг нь зарчихсандаа ижий, аав хоёроосоо өршөөл эрж мэгшлээ. Гэнэтхэн гарт нь ямар нэгэн юм тэмтрэгдлээ. Гаргаж ирээд харвал эрхий чинээхэн авдар. Тийм ээ, Заяа өнөө өглөөхөн зах дээр хүрч ирээд сүлд модоо засахдаа энэ авдрыг газар унагаагаад халаасалчихснаа саналаа. Энэ л авдар Заяад бүхэл бүтэн сүлд модыг нь орлож “Амьдрах л хэрэгтэй, Араа шүдээ зууж байгаад ч гэсэн амьд явах хэрэгтэй, Амьд явахад арга нь олдно, аргыг нь олно” гэсэн Галсансүхийн шүлгийн мөртүүдийг үглэж дуулах шиг дотно санагдлаа. Нээрээ Заяад ээжийнх нь алтан ээмэг үлдсэн шүү дээ. Одоо тэр ээжийнхээ алтан ээмгийг заавал ломбарднаас авна. Бас хоёр дүүдээ ч бэлэг авна. Хавар болохоор дээд сургуульд орно, завсар зайгаар нь ажил олоод хийчихнэ. Ажилтай цалинтай байж байхад хоёр дүүгээ тэжээж л таарна” ийм бодолд автаад гэгээн мөрөөдөлдөө умбахад Заяагийн нулимс нь эгшжээ. Энэ өдөр зул сарын баярын өдөр байлаа.
Минийх гэж бардам хэлэх монголоо. Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай. Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт. Унаган нутаг монголоо чи. Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий