ЗАХ ЗЭЭЛИЙН ШУУРГАНД
Нилээн хэдэн сарын өмнө захын үүдэнд орж ирэн нэхийний үнийг хөдөлгөж, доош нь навс унагаачихаад яваад өгсөн содноос содон час улаан өнгийн цоо шинэхэн Лада-07 унасан эрхмийг таниад жаал ажиглавал голдуу нэхий бөөндөж авдаг хоёр, гурван том гарын ченжүүдтэй хэсэгхэн зуур ярьж зогссоноо яваад өгөхийг харж зогссон Боргио хамтрагчаа нүдээр хайгаад, хайгаад олсонгүй. Нөгөө хоёр гурван ченж нь ачааны машин хөлслөн нэхийгээ ачихыг харах зуураа дэргэдүүрээ өнгөрч явсан арван тав, зургаа орчим насны хувцас муутай, ядруу байрын хүүг дуудан тaвин төгрөг харуулаад "Дүү хүү, ундааны мөнгөтэй болмоор байна уу? Тэгвэл тэр хүмүүс дээр очоод хөдөөнөөс хамаатны хүмүүс ирсэн, овоо хэдэн сайн нэхий байна, нэхий хэдээр авч байна гээд асуугаад ир" гээд явууллаа. Ундааны мөнгөний сураг дуулсан хүү төд удалгүй гүйж ирэн" Сайн нэхий таван зуугаар авна гэнээ" гэхэд нь "За ажил хийвэл дуустал гэсэн юм, гялс гүйгээд нэг такси олоод ир, ирэхээр чинь үүнийг өгнө шүү" гээд бас дахин нэг тавин төгрөг харуулаад амласан тавин төгрөгөө өглөө. "За энэ ч, гялалзахгүй бол ч болохоо байлаа шүү.
Үгүй ээ, энэ Бал дурак чинь хаашаагаа алга болчихвоо. Тээглэсэн шаар юм аа, яг хэрэг болоход алга болчихдог. "Хар хорин"- ны хэдийг мэдэхээс нь өмнө амжуулаад шахчих юмсан. Энэ "Хөгийн новш" одоо "Хар хорин" явах замдаа нөгөө хэдэн контейнерээр, гэрээрээ авдаг гаруудаараа орно, тэр л хооронд нь өрсөөд амжуулчих юмсан" гээд агдагнаж байх үед нөгөө хүү ашгүй хэлсэнээр нь дээрээ ачаатай хорин дөрөв хүнсний захаас бариад ирлээ. Бал багшыг ирэхгүй бол энэ бацаанаар л хамжаа хийхээс гэж бодон нэхийгээ ачиж байтал ашгүй, Бал хоёр нэхий барьсаар "Азны юм, яг л найман зуун тавиар авл! аа хө" гэсээр олзуурхангүй ирлээ.
Боргио: -Балаа, гялалзаарай! Яаравчилахгүй бол ч болохоо байлаа шүү! Хэмээн шавдуулан ачих зуураа нөгөө дүү хүүг: -За дүү завтай бол ах нартайгаа хамт яваад хуушуурын мөнгөтэй болохоос дургүйцэхгүй юм байгаа биз дээ гэж асуухад хүүгийн нүд сэргэн: -Мэдээжийн юм асуух юм. Ахаа, гэхдээ би энэ мөнгөөр ундаа ч, бас хуушуур ч авч идэхгүй ээ, ээждээ л аваачиж өгнө гээд идэвхийлэн хөдлөн үлдсэн хэдэн нэхийг нь ачилцлаа. Нэхийгээ ачих зууртаа жолоочтой "Аль болох л хурдан "Хар хорин" ормоор байна, хаана хүрэхийг дарга мэддэг, хаагуур явахыг жолооч мэддэг гэсэн юм. Ах хүү хаагуур явахаа мэд, өртөгөө тохиролц" гэснээр урд өмнө ачаатай энээ тэрээ гээд мянгаас мянга хоёр зуугаар тохиролцдог газраа "хамгийн гол нь маш хурдан" гээд мянга таван зуун төгрөгөөр харамгүй тохиролцоод өөрөө тэрэгний араас нь даган явгалж, гүйх газраа гүйн, сажлах газраа сажилсаар хүнсний зах өнгөрөн замдаа шуудархад л сая тэргэнд орж суун замаа хөөлөө. Тэгэхгүй бол арайхийн бусад ченжүүдтэй булаацалдан байж худалдаж авсан хэдэн нэхийнээсээ захын өбөөчдөд хэдийг нь ч сугалуулчихаж мэдэх учраас тэр л дээ. Замдаа хоршоо нөхөртэйгээ ярилцах хэрэг байсных нөгөө дүү хүүг урд талд, жолоочын хажууд суулгасаных бөөн баяр болчихсон нүүрэндээ инээмсэглэл тодруулан үе, үе эргэж харан, тэгсэнээ цонхоор толгойгоо цухуйлган салхинд үсээ хийсгэн хирэндэ! э л их аз жаргалтай, догь явна. Хөллөсөн тэргэндээ орж суугаад л түрүүхэн дурак, тээглэсэн шаар, бүр үеийн юм шиг Балаар нь дуудаж байснаа таг мартчихсан мэт: -Бал захирлаа, одоо л гялс энэ хэдийгээ үгүй хийхгүй бол болохоо байж байна шүү хө. Дараа тухтай ярилцъяа. Одоо харин энэ хэдэн нэхийг та, энэ дүү хүү, жолооч ахтай гурвуулаа шахна шүү! Яг одоохондоо "Хар хорин"- ыхон мэдээгүй байгаа, тэрэн дээр нь л ажиллахаас.
Намайг бол цаадуул чинь зүс таних учраас яагаад ч надаас авахгүй, хаширлана. Та саяханаас гарч байгаа болохоор цаадуул чинь мэдэхгүй болохоороо шууд л авна, ямар азаар та чинь дээлтэй гараа вэ, хөдөөний хүн болно доо хө... гэснээ тэмдэглэлийн дэвтрээ харан "хорин хоёр, таны саяын ав! ч ирсэнтэй хорин дөрвөн нэхий" гээд тэмдэглэлээ харан " гурван нэхий жижиг гэж мяалан арай хямд авсан, бүгд арван есөн мянга есөн зуун төгрөгөөр авсан байна. Цаад хэд чинь айхтар мяална шүү, хамаагүй мяалуулаад хорь хүрвэл л шууд өгчихөөрэй. Ямар нэгэн юм болоод бүр доошоо ярих гээд байвал..." гээд цээжээр бодож үзсэнээ " За даа, арван найман мянга л хүрч байвал эргэлзэх хэрэггүй шүү, шууд өгчихөөрэй! Юмыг яаж мэдэх вэ, цаад гарууд чинь арван долоо ч хүртэл буулгаж байж ч магад, эргэлзэх хэрэггүй шүү, шууд л өгчих! гэж Балд зааварчилахад ! Бал: -Чи чинь галзуурав уу? Хорин мянгаар авчихаад арван найм хүрвэл шууд өгчихөөрэй гэх, бүр арван долоо гэнэ үү? гэхэд Боргио нэг л сонин инээмэр аядсанаа: -Бал захирлаа, түрүүхэн таныг найман зуун тавиар хоёр нэхий аваад бөөн олз бодон явж байхад чинь сайн нэхий хэд болчихсон билээ, дүү хүү? гэхэд урд суудалд суун бөөн баяр болж явсан нөгөө хүү торсон ч үгүй: -Хамгийн сайн нэхий таван зуун төгрөгөөр авнаа гэлээ. Бал захирал баахан гайхашран: -Үгүй ээ, ер ойлгох юм алгаа хө. Үнэхээр сайн нэхий, тэгээд олон бол найман зуун жар, бүр далаар ч хамаагүй ав гэх. Тэгсэнээ тэгж авсан нэхийгээ... гээд цээжээр тоо бодсоноо: -Долоон зууд өгчих гэх, ойлгох ч юм алгаа даа гэж гайхан үглэх зуур аль хэдийн "Хар хорин" дээр ирсэний учир Боргио: -За, та гурав минь гялалзуулаарай. Эргэлзэх хэрэггүй шүү, Бал захирлаа. Би энд буухгүй бол цаад хэд чинь намайг харчихна гэсээр буулаа. Бал багш, нөгөө дүү хүү, жолооч өвгөжөөр эртэй хамжин нэхийгээ нэг бүрийг нь мянга тавьд гэж тохирон буулган тоолуулж үзүүлээд яг авч, өгөхдөө тултал "Өө энд ч нэг нэхий цоорхой, бас энд гээд дөрөв, таван зүсэгдсэн, захаасаа урагдаж цоорсон нэхий гаргаж ирсэнээр дахин наймаалцсаар ямартай ч хорин гурван мянгаар тохирч өгөн эргэлээ. Энэ үед жолооч: -За надтай тооцоогоо хийчэх, яаралтай бөөн ачаатай гээд хоёр мянгаар тохиролцсон гэж Боргиог ирэхээс өмнө амжуулж нэмж хэдэн төгрөгөн дээр ажиллахаар шавдуулсаар таван зуун төгрөг нэмж дэмбээдэн шалавлан арилах тэрхэн мөчид "Хар хорин" захын үүдээр содон гэгчийн цоо шинэхэн час улаан өнгийн Лада-07 маркын машин орж ирж байлаа..
* * * Нэхэн өгүүлэхүй дор: Боргио маань тэр л нэгэн өдөр баахан оюутнууд болон деканд амаар баалуулчихаад гэртээ харих гээд гартал арван жилийн ангийнх нь Болдоо тааралдан дуу алдан: -Пөөх, Боргиотон, бүлгийн дарга, эвлэлийн хүүрийн нарийхан бичгийн дарга! Ямар сонин хүн бэ гэж дуу шуу болон уулзжээ. Арваа төгсөөд л ер тааралдаагүй нэг ангийн хоёр дуу шуу болон "би, чи" болон хаачих вэ, яах вэ болоход Болдоо "Манайд очъёо, манайхаар оръёо" гээд дэргэдүүрээ явсан хувийн тэргэнд гар өргөн суугаад хороолол өгсөн нэгэн байрны суурийн хонгилд байх "Алтан шагай" ХЭАА (Хувиараа эрхлэх аж ахуй) гэсэн хаягтай хаалга руу ортол хоёр хүн томоо гээчийн сарзгар мяндсан гахайтай хувцас ангилан суусан нь ангийнх нь Дорж, Бүдээ хоёр байх нь тэр. Болдоо: -За, ямар сонин хүн олж ирсэнийг харж байна уу? Урдах замаа харахгүй ухаангүй явахад нь чирээд ирлээ гүм хэмээн дуу шуу болон, сургуульд байхдаа нэг их нийлж сүйд болдоггүй ч бас гэж нэг их дайсганалцаад байдаггүй байсан нэгэн ангийн дөрвөн нөхөр дуу шуу болон уулзалдваа. Болдоо Бүдээд: -Аль вэ, Боргио багштанд нөгөөхөөсөө бариарай.
Ардын хүүхэд сургах ариун үйлсэд тэмүүлж яваа, ардын багш хүн. Ямар чи бидэн шиг хөлжиж бэлжих гээд түмэн олныг шулж, мөлжиж яваа хүн биш гээд баалж, егөөдөөд ч байгаа юм уу нэг л их олон үг урсгалаа. Боргио: -Ардын хүүхэд сургахаа ч алд даа, ардын хүүхдүүдэд чинь ад үзэгдэж явна даа хөөрхий гээд хэнгэнэтэл санаа алдан өнөөдрийн болсон явдлаа ярихад нөгөө гурав нь: -За Боргио минь, цаг үе өөрчлөгдөж байна. Одоо ч хуучныхаар явахгүй шүү. Овсгоотойхон байвал ч амьдарч болохоор, бүр амьдарсан шиг амьдарч болохоор цаг үе ирж байна шүү дээ. Бид гурав яах вэ, эхлээд нэг нөхөрлөл байгуулан улсаас хоёр мянга таван зуун төгрөгний зээл аваад наймаа хийж эхэлсэн юм. Саянаас ХЭАА болгон Бүдээ хүүхний нэр дээр бүртгэлтэй болголоо. Нөхөрлөл байснаас ХЭАА байсан нь арай цэгцтэй дээр юм хө. . Яг үнэнийг хэлэхэд урагшаа наймаанд л явж байна. Үжин та хоёр ч гэсэн нэг юм бодно байгаа хө гээд таяг барьсан өвгөн хүний дүр! стэй хуванцар нимгэн хальсан ууттай шингэн юм авчран дөрвүүл тулгаад Болдоо, Дорж хоёр сурамгай нь аргагүй шүдээрээ таягных нь үзүүрийг тас татан залгилж орхиход дуурайн хоолой давуулж орхисон нь "өвгөнт" гэгч архи дөнгөж Монголд орж ирж байсан юмсанжээ. Боргио нэг татгалзах гэснээ өнөөдрийн оюутнууддаа баалуулаад, дээрээс нь декандаа нэрвүүлээд эмзэглэж явсан сэтгэл нь арван жилийнхээ найзуудтайгаа дөнгөж уулзалдчихаад барьсан өргөсөн идээнээс татгалзах нь эвгүй санагдан нэрээ бодсондоо явуулж орхилоо. Болдоо цагаа харсанаа ! Бүдээд: -Өвгөөн, нөгөө захиалсан хоол юу болсон бэ, чи нэг ухасхийгээд ирэх үү хө. Боргиод хоол нэмж авахаа мартав аа гээд үлдлээ. Тээр жил зургаад орсон намар Болдоо, Боргиотой үг сөргөж байснаа цүнхээ аван суудал солин суусан нь энэ Бүдханд байсан юм. Эдний ангиас энэ дөрвөөс өөр гэр бүл болон гарсан хүмүүс үгүй бөгөөд, сургууль төгссөнөөсөө хойш сурах, ажиллах гээд толгой өндийх завгүй болсоноос хойш Боргио маань ер нь ангийнхантайгаа тун ч нэг тоотойхон уулзалдсан билээ.
Харин Үжинг ээж болох бүрд ангийнханаас нь хэдэн найз нар нь ирдэг ч орой болгон сүүлчийн автобусанд л арайхийн амжиж суудаг, заримдаа хоцорчихоод сургуулиасаа алхсаар арван хоёр өнгрөөж нэг дөхүүлж ирдэг Боргио маань хэрхэн яаж ангийнхантайгаа тааралдах билээ дээ. Ингээд төгссөнөөсөө хойш ер уулзалдаагүй ангийн найзуудтайгаа уулзалдсаных, бас ч гэж өдрийн болсон явдлаас болоод үдээс хойшхи ажлаа хаяж орхиод ганц удаа эрт харихаар алхалж яваад Болдоотой санамсаргүй тааралдан орж ирсэн, дотроо нилээд сэтгэлийн шаналантай, сэтгэлийн донсолгоотой явсандаа болоод дараа, дараагынхаас нь татгалзаж чадалгүй гурвыг ч нэмж явуулчихаад угийн архи дарс, гашуун нясуунаас хол хөндий хүний учир амархан гэгч нь эрс муудахад нь нөгөө гурав нь такси барин мөнгийг нь урьдчилж төлөөд гэрийг нь сайтар зааж өгө! өд явуулсан нь тэр байж билээ.
* * * Хойд хөршид коммунизмын, манайд социализмын биелэгдэшгүй зөгнөлт үлгэр нуран унаад ардчилсан хувьсгал эхэлсний дараах үе айл өрх болгонд тун ч нэг хатуугаар тусч байлаа. Ялангуяа засгийн газрын хорь дугаар тогтоолоор мөнгөний ханш нэг дахин унасан тэр цагаас эхлэн мөнгөний ханш жил сараар биш өдөр хоногоор уруудан унаж, дэлгүүрийн лангуун дээр дотоодын үйлдвэрийн боодолтой давснаас өөр юу ч байхгүй болон, картын бараанд алалцдаг болсон тэр үед багш нарын цалин амьдархад бүү хэл, юунд ч хүрэлцэхээ байсан тийм цаг үед хадгаламжинд байсан зургаан мянган (Уг нь ч гурван мянга байсан боловч хорь дугаар тогтоолоор зургаан мянга болсон ч ханш нь бүр шалчийн бараг л мөнгө биш болсон үед) төгрөгөө аван дээрээс нь аав ээж хоёроосоо болон хадам ээжээсээ хамж шимэн нийлүүлсээр хорин мянган төгрөгтэй болж аваад урагшаа Эрээн рүү наймаанд явсан боловч барааны сонголт муутай, сонгож авч ирсэн бараа нь тал хувь нь типекттэй байсных арай л хийн амь бариулж аваад хаширсангүй хойшоогоо гараад мөн л амжилт олсонгүй.
Ингээд хилийн худалдаа хийх ч миний хийх ажил ч биш юм байна даа гээд аргаа барж явах үед нь нэгэн шавь өөр дээрээ авч тус болсон билээ. Оюутнууд нийлж дарвиад, сургууль дээр архидан согтуурч улмаар зодоон цохион болон зарим нэг нь эрүүлжигдэн, бөөн асуудал үүсэхэд аль хэдийн хамгийн түрүүнд тасраад уначихсан байсан хөдөөний нэгэн хүү дээр хотын хэд нь новшийн зан гарган новширч, хэргийг тохон хүмүүн бусын зан гаргаж байхад нь нэг нөхөр нь Боргилд итгэн сэм матсанаар сургуулиас хөөгдөх гэж байхад нь урдуур нь орж өмөөрсөөр байгаад авч үлдсэн нь "аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ" гэгчээр хожим нь чингэж Боргиод тус болж билээ. Сургалтын төлбөр хийх гэж намар сургуульдаа ирэх, өвлийн амралтаар нутаг яваад ирэхдээ арьс нэхий авчирч тушаадаг байснаа эндээс л мөнгө ургуулж болохыг мэдрэн улмаар сургуулиа орхин арьс нэхийний ченж болсоноос нь хойхно авга ах Готовынхоо хөдөө өөрийн гараар төхөөрч хийж, авчирч өгсөн өвлийн идэшний ганц үхрийн ширээ өгөхөөр хойд зах дээр очин нөгөө шавьтайгаа санаандгүй тааралдан жаал ярихад шавь нь: -Боргио багшаа, танд л гэж хэлэхэд амьдрал хэцүү байгаа одоо үед дан ганц багшын цалингаар зургаан ам бүл тэжээх ч хэцүү хэрэг шүү дээ. Та сайн бодоод болно, бүтнэ гэвэл над дээр хүрээд ир. Би танд заагаад өгье, та ченж хий гэснээр арьс ширний наймаа эрхлээд бараг бүтэн жилийн нүүр үзэж байгаа билээ.
Нөгөө шавь нь ч уйгагүй дагуулж яаж авдаг, яаж буцааж шахдаг, цагийн байдал, ханшны хөдөлгөөнийг хэрхэн мэдрэх гээд түүхий эдийн наймааны арга барилыг сайтар зааж овоо дөртэй болоод ирэх үед нь нэг удаа авсан нэхийнүүдээ аваачиж боломжын үнээр эргүүлэн шахаж овоо ашиг орсон нэг өдөр такси хөлөглөн буцах замдаа ганц шил архи задлаад: -За Боргио багшаа, та нэгэн удаа намайг сургуулиас хөөгдөх гэж байхад цор ганцаараа өмөөрөн, бусад багш захирал, декантай зад тулан байж намайг үлдээж байж билээ. Би өөрийгөө тийм ч муу эр хүн гэж боддоггүй юм. Яах вэ, залуу хүн алдаж оноо л биз. Одоохондоо бол сургуулиа орхичихсон. Яваандаа наймааны алтан үе хумигдаад, бас ч гэж мэдлэг боловсрол үнэлэгддэг цаг ирэхнээ ч магадгүй. Тэгвэл эргээд сургуулиа дүүргэнээ. Шавь нь гадагшаа гарахаар хөөцөлдөж байгаа. Тун удахгүй бүтэх ч байх. Тэр үед та миний энэ хоёр туслах залууг дэргэдээ аваад, өөрийн итгэлтэй нэг найз нөхрөө ч юм уу хажуу даа аваарай. Ер нь хэт олуулаа байх дэмий. Бас хэт цөөхүүлээ байх ч ийм наймаанд тусгүйг та одоо бол мэддэг болсон. Хоршоо нэг нөхөртэй, хоёроос гурван ийм итгэлтэй чихний бацаантай байх хэрэгтэй. Энэ хоёр ч ер тун удахгүй өөрсдөө бие даагаад танд олдохгүй болно байхаа даа. Та шавьдаа гомдохгүй байгаа юм биз дээ гэж ярисаар нэг шил архиа хоёулаа замдаа суллан явсаар Боргиог гэрт нь хүргэж өгөөд явсанаас тэр өдрөөс хойш нэг их удсангүй хэлснээрээ Сөүлийг зорьсон юм. Түүнээс хойш нөгөө хоёр туслах залуу нь ч яг л шавийнх нь хэлснээр биеэ даан наймаа хийцгээж Боргио маань ганцаардахын эрхэнд Үжингийн хоёр дүүтэй нийлж нэг хэсэг үзээд гар нийлсэнгүй салцгааж, МУИС-ыг орхисоныхоо дараа багшилж байсан нэгэн дунд сургуулийн захирал байсан Бал багштай хамтраад удаагүй байгаа билээ. Бал багш гэж дөч нилээн гаран тавь дөхүү насны насаараа л хүүхдүүдтэй зууралдсан багш хүн бөгөөд мөн л саяхнаас амь зуухын эрхээр наймааны мөр хөөхөөр шийдээд байсан тэр үед нь Боргио тааралдан хоршоогоо болгоод сар гаруйхан болж байгаа билээ.
Харин нэг онцлог нь Бал багш насаараа хэн нэгний захиргаан доор, хэлсэн ярисанаар нь явж ирсэний учир өөрөө бие даан шийд гаргах, ганц нэхий ч тааралдсан өөрөө худалдаад авчихгүй бусад чихний бацаануудтай булаацалдан чирсээр яаж ийсээр байгаад Боргио дээр аваад ирдэг байснаа саянаас арай өөрчлөгдөн Боргиогын хэлсэн үнээс нь дээш гарчихгүй бол худалдаад авчихдаг, бас ч гэж наана цаана ярин ганц нэг хөдөөний хүнийг бол хөөрхөн дөнгөх аргаа олдог болчихоод байсан тэр л үед нь уг наймааг ахалж яваа Боргио багш нь хорин мянгаар авсан нэхийнүүдээ арван наймд, бүр болохгүй бол арван долоод ч эргэлзэхгүй өгчихөөрэй ! гэхэд нь гайхаж ядсаар, яагаад ч тоглоом хийгээгүй нухацтай яриа, нухацтай захиас, нухацтай харцнаас нь бултаж зугтаж чадалгүй "Хар хорин"- луу хөдөөний хүн болон орохдоо бүр түүнээс ч гайхалтай зүйл үзэж, хэдийвээр хорин мянган төгрөгөнд авсан нэхийгээ хорин гурван мянга болгон өгч дөнгөсөн боловч, хоёр мянган төгрөгийг нь хөлсөлсөн таксины жолоочид өгөн ганц мянган төгрөгний ашигтай ажиллсандаа нэг л итгэж ядан эргэхэд "Хар хорин" захын хаалгаар түрүүхэн Боргио багшын хэлсэн цоо шинэхэн содон улаан өнгийн Лада-07 орж ирж байлаа. Гэнэ! т хажуугаас нь ургах мэт гарч ирсэн Боргио: -Түргэн холдъёо, автобусанд суу хэмээн шавдуулан араас нь түлхэх нь халаг яаравчилсаар автобусанд суун хөдлөхөд л сая амсхийн: -За яав, хэд болгов? Бал багшаа гэхэд нь Бал: -Уг нь хорин гурваар өглөө. Таксинд хоёр мянгыг нэхээд авчихлаа гэхэд хоёрхон хоногын өмнөхөн таксинд хариулт байхгүй гээд зуун төгрөг илүү төлчихлөө гэхэд "Захын зальтай халтуурчингуудад зуу, зуун төгрөгөөр идүүлээд байх юм бол наймаа хийдэг гэж сэрүүн зүүдэлж, сэрж мөрөөдөөд ч яадаг юм" гэж уурлаж байсан хүн чинь нөгөө илүү муруйлсан таван зуун төгрөгийг юман чинээ бодож, огт тоосон ч үгүй: -Хэ хэ, бүр мянган төгрөг уначихаж гээч гээд баясан мушийлаа.
Тэр ч атугай нөгөө унасан гэх мянган төгрөгөөрөө нөгөө хамжаа болгон замаас олж авсан дүү хүүтэй гурвуул Дэнжийн мянгын хүнсний захын гуанзанд орон гурвуулаа цадталаа хооллоод гарахдаа нөгөө хүүд дөнгөж шинээр гүйлгээнд гараад удаагүй байгаа цоо шинэхэн ногоон халзан таван зуун төгрөг сугалан өгөөд: -Ах нартайгаа ажилламаар байвал өглөө болгон түрүүний уулзсан газарт хэлсэн цагт бэлэн байж байгаарай. Маргаашнаас ханшны байдал харж байгаад ямар нэгэн юм хийхийг бодноо хө. Орлого сайтай, наймаа амжилттай үед дүү хүүг үнэнчээр зүтгэх юм бол хоёр ах нь чадлаараа л харж үзнэ шүү гээд саллаа. Тэгээд дээшээ алхах зуураа сая хүнсний захаас худалдан авсан дөрвөн шил хятад пийжүүгээ хүний нүднээс далдлан шимэн алхах зуураа: -Бал багшаа, та түрүүн тэр улаан "нойл долоо"-г анзаарав уу? Та бид ч ёстой ам мөлтөс л амжиж нэхийнээсээ салж санаа амарлаа. Тэр нөхөр чинь нэхийний хар захын үнийг барьж байдаг эр байхгүй юу. Харин "Хар хорин"-ны хэдэн ченжүүд ч өнөөдөр уйлах ихдэж, уурлах багадах тэмдэглэлт өдөр боллоо доо. Хиншүү гартал шатчихаад зад архидан өм, цөм зодолдон нэг хоёр нь ч эрүүлжиж таарна даа, та харж л байгаарай гэсээр захын үүдэнд ирвэл энд, тэндгүй л "Нэхий авна, нэхий авна" гээд орилон угтдаг ченжүүдийн ихэнх нь алга болж гуравхан цагийн өмнө найм! ан зуун тавь байсан, хоёрхон цаг гарангын өмнө таван зуун төгрөгний ханштай байсан нэхий дөрвөн зуун төгрөг болчихсон ч авах ч хүн олдохгүй ирсэн нэхий бүхнийг мяалан хоёр, гуравхан зуун төгрөгөөр тохирч чадвал аван, тэгж өгөхөөргүй бөөнд нь өндөр үнээр өгнө гээд ирсэн улсууд бол аргаа баран буцаагаад аваад явж байгаа нь харагдлаа. Бал багш өөрийн эрхгүй гайхашран: -За даа, над шиг амьтан наймаа хийнэ гэж яриад ч хэрэггүй юм байна даа.
Балрах нь байна шүү гэж шогширсоноо: -Боргио хө, түрүүний чи бид хоёрын авсан хорин дөрвөн нэхий яах аргагүй хэмжээ томтой, яах аргагүй ямар нэгэн урагдсан, цоорсон, исгэгдсэн нэхий байгаагүй дээ. Тэгэхэд "Хар хорин" дээр аваачаад шахахад л яах аргагүй дөрвөн нэхий энд, тэндээ зүсэгдчихсэн байх юм, замд тэгж зүсэгдэх юм болоогүй, чи бид хоёр яах аргагүй л сайтар үзэж, бүр нэг бүрчлэн үзэж авсан биз дээ гэхэд Боргио доогтой нь аргагүй мушийн инээмсэглэж: -Тэр ч тэдний гэм биш зан л даа, мяалах аргагүй сайн нэхийнүүд байсан болохоор л хамгийн дээд ханшаар авна гээд дуугарчихсан болохоороо ганц нэгийг нь зах хөвөө газраар нь гартаа нууж атгасан шилний хагархай, магад ч үгүй жижиг тонгоргоор багавтар зүсэн өө гаргаад мяалан үнэ хаялцан ашигаа гаргаж байхгүй юу гэлээ. Тэгсэнээ: -За байз хө, маргаашнаас юу хийдэг юм билээ дээ. Өнөөдрийн дүү хүүг хоёулаа өөд нь татах хэрэгтэй юм байна даа. Дажгүй чихний бацаан болохоор бацаан байна. Одоо ч нэг хэсэгтэй л нэхийгээр тоглохгүйгээр боллоо доо гэхэд бараан захын үүдэн дээр эргэж ирж байж л ханш гээч юм айхтар булгиатай байдгийг өөрийн нүдээр, анх удаа биечлэн үзсэн, Боргиог дагасанаас хойш өдөр болгон л доод тал нь тав, зургаан зуун төгрөг, дундаж нь хоёроос гурван мянган төгрөг авч амташиж эхэлж байсан, магад ч үгүй цөм хийсэн өдрөө сарынхаа цалинтай тэнцэхүйцээр дөрьөөс таван мянган төгрөг өвөртлөн харьж, өөрийнх нь хэлдэгээр "Алтан загасны эмгэн, ааштай чавганц" буюу насны ганц ханьдаа барьж очсоор муу зан сургаж байгаа ч өнөөдрийн өдөр огт гарт барих орлогын мөнгөгүй, дээр нь хэдэн хятад пийжүү Боргиотой хуваан хүртэж архи үнэртүүлэн очих гэж байгаа даа санаа нь огтхон ч зовсонгүй ээ.
* * * Зах зээлийн ханшаа гэж өглөөхөн мянган төгрөгөөр авч эхэлж байсан нэхийний үнэ тавь, зуун төгрөгөөр нэмэгдсээр мянга дөрөв, таван зуу болох нь бүү хэл нэг дахин нугаран хоёр мянга болох нь ч энүүхэнд байх нэгэн үе байхад өглөөхөн гурав, дөрвөн мянган төгрөг байснаа гэнэтхэн навс унаж мянга ч хүрэхгүй болох ч үе байх. Ёстой л аавын хүүгийн аз, алтан шооны нүх л мэдсэн хэрэг бөгөөд олохдоо ч олж, алдахдаа ч алдаж хиншүү гартал шатах үедээ шатсаар наймаанд гараад нэг л мэдэхэд таван жил гаран болчихсон байлаа. Энэ хооронд хэд, хэдэн хамжаа х! оршоо нөхөдтэй болж салж нийлэн ямартай ч анхлан такси барьж унадаг байсан үеэ бодвол муу ч гэсэн өөрийн "хорин дөрөв"- тэй болж, ойрноос түүнийгээ сайжруулан "Ексель" болгочих санаатай үе, үе Шар хадруу "Да хүрээ" орон ханш харах хоббитой болоод байгаа билээ. Түүхий эдийн наймаа "Цайз" зах дээр төвлөрөөд гурван жил гаран болчихсон байсан тэр үед МУИС хамт төгссөн ангийнхаа нэгэн нөхөртэй санаандгүй тааралдан гэртээ авчран ганц юм хуваангаа хууч хөөрч суулаа. Нөгөө найз нь бас ч гэж өөрийн бизнестэй болчихсон, тэр нь өмнөд Солонгосын виз гарган, өөрөө дагуулан аваачиж хилээр оруулж өгч байгаа ажээ.
Яриандаа болон уусан юмандаа халсан ангийн хоёр эргэж гаран бас нэг шил юм авчран хуучилсаар Боргиогын наймааны талаар ярилцаж байснаа нөгөө нөхөр нь: -Тэгвэл чиний сарын дундаж орлого дөрвөн зуугаас таван зуу юм бол ч нэг их бүтэлтэй ч эд биш л байна даа. Гэхдээ ч одоохондоо улсад ажиллсаныг бодвол ч хамаагүй дээр л юм даа. Бас ханшны зөрүүнээс шатдаг гэж байна. Тэгснээс чи Сөүлд очиж ажиллаач хө, сардаа мянган ногоон, гайгүй сайн үйлдвэр олж ажиллаж чадвал мянга таван зуу, хоёр мянгын ч ажил хийнэ шүү дээ хө. Гэхдээ энэ мөнгө чинь цэвэр цаашаа хийх мөнгө шүү дээ. Яах вэ дээ, найз нь чамд бусдад виз гаргадагаасаа хоёр, гурван зуун ногооны татуутай гаргаад өгье. Чамайг би буулгаад л зүгээр хаячихгүй, надад ажилд оруулж өгдөг хэд, хэдэн солонгос, монгол таньдаг зуучлагч нар байгаа. Чи авгайтайгаа, бас аав ээжтэйгээ сайтар ярилцаад явах шийд гаргавал утсаар яриарай гээд нэрийн хуудас өгөөд явсанаас хойш хоёр сар гарангын дараа Боргио маань эхнэр хүүхдүүд, аав ээжээрээ үдүүлэн Буянт-Ухаагын олон улсын нисэх онгоцны буудлаас Сөүлийг зорин нисвээ. "Хүн таниж мэдэхгүй, харийн нутагт багшлах, нэхийний наймаанаас өөрийг хийж үзээгүй цагаан гартай би гээч хүн тэр хар ажлийг нь хийж чадах болов уу, яах бол оо. Оюутан байхдаа дэлгүүрт грушк хийж мах цавчиж явсантай ч зүйрлэх юмгүй л байх даа" гэсэн нэгэн бодол санаагы нь зовоохоос илүүтэй, эх орон элгэн нутаг, эхнэр хүүхэд, ээж аавдаа хэзээ эргэж ирэх бол оо? гэсэн нэгэн бодол төрөхүй дор нэгэнт өндрөө авсан онгоцны цонхоор доор цайран харагдах хөвөн цагаан үүл, цэв цэнхэр тув тунгалга тэнгэрийг ширтэн явахдаа бодолдоо автан өөрийн эрхгүй хэнгэнтэл санаа алдсанаа өөрөө ч мэдсэнгүй ээ... Энэ бол аргын тооллын нэгэн мянга есөн зуун ерөн зургаан оны намар цаг байлаа.
Үргэлжлэл бий.