Хэрэглэгч та бүхний хувиршгүй анхаарал халамжийн үр дүнд манай сайтад нэвтрэгсдийн тоо өдөрт хамгийн багадаа 10мянга болж өсөөд байна.
Өдөрт олон зуун мега байтын бичлэг бичигдэж байна. 2007оны хавар хакерын үйл ажиллагаанд өртөн нэг хэсэг мэдээлэл устсаны улмаас дахин ийм асуудал үүсгэхгүйгээ гишүүд та бүхний өмнө амласан бөгөөд хэлсэн амандаа хүрэхийн тулд 4хэсэг болгон дахин сэргээх файлыг хадгалаж байна.
Хамгийн гол асуудал нь өдөрт тоолшгүй олон зурган файл болон тегст бичлэг бичигдсэнээр үндсэн серверээр зогсохгүй туслах серверүүдэд маш их ачаалал өгч байна.
Харамсалтай нь серверт ачаалал өгч байгаа тоолж баршгүй олон бичлэгийн ихэнх нь спэм бичлэг болон сурталчилгааны чанартай бичлэг юм. Адилхан утгатай сурталчилгааг дахин дахин гаргадаг хэрэглэгчид маш олон байна.
Иймэрхүү байдал цаашид үргэлжилсэн тохиолдолд тун удахгүй хэрэглэгчдээ хэд хэдэн серверт хуваах шаардлагатай болох болно. Ингэсэн тохиолдолд төсөөлөхийн аргагүй их хэмжээ (олон зуун мянган доллар)ний зардал гарах бөгөөд сайтын хэвийн үйл ажиллагааг хангах хэмжээний зардалийг mglclub-ийн зүгээс гаргахад хүндрэлтэй болно.
Иймээр цаашид поинт системийг нэвтрүүлэх гэж байна. Мэдээллийн чанартай (сурталчилгаа биш) бичлэг оруулсан тохиолдолд мөн бусдын бичлэгийг унших, баннер үзэх зэрэг тохиолдолд поинт нэмэгдэх болно. Мэдээж сайтад нэвтэрсэн тохиолдолд тодорхой хэмжээгээр нэмэгдэх болно. Харин сурталчилгааны чанартай бичлэг оруулсан тохиолдолд оноо хасагдах болно.
Хэдэн оноо нэмэгдэж , хэдэн оноо хасагдах эсэх талаар гишүүд та бүхний саналыг сонссоны дараа хариуцагчид хоорондоо зөвлөлдөн шийдвэрлэх нь зөв гэж бодож байна.
2сарын 5ны үүрээс 6ны өдөр 2цаг хүртэл 0 оноотой гишүүдийг бичлэг бичих эрхгүй болгох программыг шалгасан билээ. Тус хугацаанд оноогүй байгууллагууд бичлэг оруулж чадаагүй болно.
Ойрын хугацаанд шийдвэр гартал оноогүй ч бичлэг оруулж болох боловч, поинт системийг хэрэгжүүлж эхлэснээр оноогүй бол сурталчилгааны чанартай бичлэг оруулах эрхгүй болох болно.
Тодруулан хэлэхэд оноо хасагдах асуудал нь сурталчилгааны чанартай бичлэгт л хамаарах болно.
Байгууллага бус энгийн гишүүдэд төвөг учруулах явдал огтхон ч үүсэхгүй гэдгийг хэлмээр байна.
Бид бүхэн поинт системийг нэвтрүүлж байгаа шалтгаан нь спэм хэлбэрийн сурталчилгааны чанартай бичлэгийг цөөрүүлж, гишүүд та бүхэн сайтаа хэрэглэх болон мэдээлэл хайхдаа өмнөхөөс илүү хялбар дөхөм болгохын тулд юм гэдгийг ойлгохыг хүсэж байна.
2009оны12сар нь mglclub-ын 10жилийн ой юм. Өнгөрсөн 10жилийн турш хандаж ирсэн шигээ цаашид ч гишүүд та бүхэнтэйгээ илүү ойр дотно, илэн далангүй байж та бүхний итгэж хэрэглэдэг сайт байхын тулд үргэлж хичээх болно.
mglclub Хариуцагч.
Жич: Поинт системийн туршилт дууссан бөгөөд албан ёсоор хэрэгжүүлэх өдрийг товлосон даруй гишүүд та бүхэнд мэдэгдэх болно.