MENU
Бичлэгийн тоо 2,391
Монголчууд бид энэ онд төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон Ерөнхийлөгчөө сонгох нэн хариуцлагатай сонголтын өмнө тулж ирээд байна. Хэдийгээр эрх мэдэл багатай, бэлгэдлийн чанартай гэдэг ч Ерөнхийлөгч бол монгол төрийн ¹1 албан тушаалтан болохоор нэн хариуцлагатай сонголт хийхээс өөр арга байхгүй. УИХ намрын чуулганаа өндөрлөхөөс өмнөхөн бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоож, зардлыг баталлаа. Энэ шийдвэр ёсоор санал хураалт тавдугаар сарын 24-нд болох нь. Зардал нь дөрвөн тэрбум төгрөг. Дээрх тогтоолыг гуравдугаар сарын 25-ны өдрөөс мөрдөх бөгөөд үүнээс хойш 10 хоногийн дотор Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх бүхий субъектууд нэр дэвшигчээ тодруулж, сонгогч олон түмэнд зарлах учиртай. Үндсэн хуульд зааснаар парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ үүднээс үзвэл одоо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй дөрвөн нам бий. УИХ-д 45 суудалтай МАХН, 27 суудалтай АН, тус бүр нэг суудалтай ИЗН, иргэний эвсэл. Хуульд зааснаар дээрх намууд дангаараа, эсвэл эвсч нэр дэвшүүлж болно. Парламентад авсан суудлын тоо, нийгэмд эзэлж буй байр суурь, гишүүд болон дэмжигчдийн итгэл хүлээх чадвараараа харьцангуй давуутай МАХН, АН хоёр бие дааж нэр дэвшүүлэх нь тодорхой. Харин УИХ-д ганцхан суудалтай, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх өөрийн гэсэн найдлагатай кандидатгүй нөгөө хоёр намын хувьд дээрх том намуудтай эвсч сонгуульд оролцох магадлал нэлээд өндөр юм. Тэгэхээр энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд дор хаяж хоёр, цаашилбал дөрвөн нэр дэвшигч хүч үзэх бололцоотой болж байна.
Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнээ дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө тодруулсан байх хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, хэн хэн хаанаас нэр дэвшсэн нь энэ өдөр гэхэд нэгэнт тодорхой болно гэсэн үг. Тэгвэл энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй намуудаас хэн хэн нэр дэвших боломжтой вэ. Сонгогчдын хувьд хамгийн чухал нь энэ л байна. Учир гэвэл, тэр Монгол Улсын ¹1 албан тушаалыг хаших цорын ганц хүн. Хэдийгээр нэр дэвшүүлэх хугацаа хараахан болоогүй ч энэ намаас энэ, тэр намаас тэр дэвшинэ, түүнийг л нэр дэвшүүлээсэй, энэ л Ерөнхийлөгч байх болзол шалгуурыг хангасан хүн гэх таамаг, яриа хаа сайгүй л байна. Монголчуудынхаа итгэл найдварыг хүлээсэн, ард түмнээ гэх эгэлгүй сайхан сэтгэлтэй, жинхэнэ төрийн хар хүний ухаан, намба төрхтэй, Ерөнхийлөгчийн өндөр албыг хашсан шиг хашчих чадвартай аавын хүү Монголд цөөнгүй бий. Чухам тэднээс л олж дэвшүүлж, онож сонгох учиртай.
санал асуулгад Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй дөрвөн намын 12 хүнийг оролцуулж байна.Үүнд МАХН-аас Н.Энхбаяр, Н.Багабанди, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, С.Баяр, Д.Лүндээжанцан, АН-аас Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Л.Гүндалай, Р.Гончигдорж, ИЗН-аас С.Оюун, иргэний эвслээс Д.Энхбат нарыг багтаав. Эдний хэнд нь ямар боломж байна вэ.
САНЖААСҮРЭНГИЙН ОЮУН:
. 2001 онд тэднийх эрдэмтэн Л.Дашнямыг нэр дэвшүүлж байсан юм. Хэрвээ С.Оюун өөрөө нэр дэвшвэл Монголын түүхэнд эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны тохиолдол болох юм. Бас Монголын сонгогчдын олонхи нь эмэгтэйчүүд байдгийг бодолцох нь зүй. Сайн боловсрол, сайхан хүмүүжилтэй элит маягийн гэр бүлд төрж өссөн. Европт нэр хүндтэй Карлын их сургууль дүүргэж, эмэгтэй хүн төдий л сонирхдоггүй геологич мэргэжил эзэмшсэн. Хэдийгээр хотын том сэхээтний гэр бүлд төрсөн цагаан гартан боловч нэлээд эршүүд, энгийн зантай. Чухам энэ зан чанар нь түүнийг хээрээр гэр, хэцээр дэр хийдэг мэргэжил рүү түлхэж, монгол эмэгтэйн оролдох нь байтугай мэддэггүй шахам бие хамгаалах спортоор хичээллэхэд хүргэсэн байх. 10 жил тасралтгүй УИХ-д суусан, өнөөгийн парламент дахь гуравхан эмэгтэйн нэг. Гадаад хэргийн сайдын албыг тун дажгүй хашсан гэх./Шударга шүүх засаглалыг ХУ, АН-н нэр дэвшигчидээс хүлээх хэрэггүй биз дээ. Монгол шүүх засаглалыг С.Оюун сонговол ч зүгээр дээ/
НАМБАРЫН ЭНХБАЯР:
Монгол Улсын түүхэнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг хашсан цорын ганц азтан. Одоо Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй учраас давуу талтай.
Энэ давуу байдлаа ашиглан сонгуулийн пиараа нэлээд эртнээс ил цагаан эхэлсэн гэх. Ингэж хардах үндэслэл ч бас байгаа юм. Саяхан л гэхэд тэрээр өөрийн төрсөн клиникийн нэгдүгээр амаржих газар, сурч төгссөн 23 дугаар сургуулиар зочилж байх жишээтэй. Өөрийн хүрээлэлд байсан цөөнгүй хүнийг гадаад, дотоодод албан тушаалд томилж, саяхнаас Тамгын газраа дахин бүрдүүллээ. Тэр орон тооны болон орон тооны бус 20 шахам зөвлөхтэй болов. Үүнийг нь сонгуулийн багаа бүрдүүллээ гэх ойлголт ч нийгэмд бий болжээ. Одон медаль, алдар цолыг баруун солгойгүй хүртээж буй. Тэр ч байтугай ОХУ-д төлөх их өрийг тэглэх, Мянганы сорилтын сангаас 285 сая “ногоон” авах гэрээ байгуулах, Монгол Улсын хөгжлийн цогц бодлогыг боловсруулахад гавьяа байгуулсан хэмээн өөрийн болон өрөөлийн намын цөөнгүй хүмүүст батламж өргөмжлөл гардуулж байгаа нь цаанаа нэгийг өгүүлж байгаа юм. “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэх уриа нь нийгэмд эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд сайн нөлөө үзүүлсэн. Долдугаар сарын 1-ний үйл явдал, /Олон зуун хүнийг шүүхээр шийтгээд, сонгуулийн сурталчилгаа н өршөөлийн хууль гэдгээр эхлэх байх даа./олимпийн тоглолтыг хүртэл өөрийгөө рекламдахад чадамгай ашигласан гэлцэх. Тэрээр “Ерөнхийлөгч ба 100 сэтгүүлч” уулзалтын үеэр “Би МАХН, нийт ард түмний дэмжлэгээр Ерөнхийлөгчийн амаргүй албыг хашиж байна. Миний хувьд төрийн тэргүүний өндөр албан тушаалд сонгогдох нь гол биш, эхлүүлсэн ажил их бий. Цаг хугацаа өнгөрөх тусам хийж бүтээх зүйл их байна” гэж хэлсэн нь энэ албаа үргэлжлүүлэн хийх бодлынх нь илэрхийлэл байлаа. М.Энхсайхан саяхан түүнийг “ Эдийн засгийн хямралд санаа тавьж буй, хэлтэй бол хэлтэй зүстэй бол зүстэй, гадаад талдаа гайгүй нэр хүндтэй цорын ганц монгол хүн” гэж магтсан байна лээ. Н.Энхбаярыг дарангуйлагч, өс санагч гэх мэтээр нэрлэсэн нь цөөнгүй.
НАЦАГИЙН БАГАБАНДИ:
Өмнө нь Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож олон түмнээсээ “хийгүй Ерөнхийлөгч” гэдэг үнэлгээ авсан.
“Зөвд зөөлөн бурууд хатуу байх” гэсэн зарчим нь олны санаа сэтгэлд ихэд нийцсэн билээ. Төрийн ажлын арвин туршлагатай. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Багабанди бол хуулийг их дээдэлдэг, хуулиа барьж ажиллахыг ямагт эрхэмлэдэг байсан” гэж үнэлсэн байв. Эрдэм мэдлэг, оюун ухаан, үг хэл, үйл хэрэг, биеэ авч явах байдал зэргээрээ аргагүй л бусдаас ялгардаг. Нам, төр, бизнесийн бүлэглэл, олон түмнээс ихээхэн дэмжлэг авах магадлалтай. Нэгэн цагт дарга нь байсан нам нь нэр дэвшүүлэхгүй байсан ч өөр намаас дэвшүүлэх магадлал их. Өөр намаас нэр дэвшин өрсөлдөж байсан тохиолдол өмнө нь гарч байсан болохоор үүнийг хачирхаж гайхаад байх нь утгагүй. МАХН-ын гишүүн байсан П,Очирбат АН-аас, Ж.Гомбожав МУНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байлаа.

ЦЭНДИЙН НЯМДОРЖ:
Улс төрд хатаагдсан хүн гэж хэлж болно. УИХ-д тав дахиа улирсан төрийн түшээ.
Хамгийн чухал, хамгийн хэцүү яамыг толгойлж, парламентын спикерээр багагүй хугацаанд ажиллаад амжсан. Шазруун ч шударга зантай, үнэн хатуу үгтэй. Барагтай юманд санаагаар унаж, бууж өгдөггүй. Бүр эх орноосоо урвагч, Хятадын тагнуулаар хүртэл дуудуулж байхдаа хотойгоогүй ясны цөстэй эр. Тийм болохоор нь түүнийг олон буудуулсан азарган чонотой зүйрлэдэг нь санамсаргүй хэрэг биш. “Манай Нямаа далайлт нь ширүүн ч буулт нь зөөлөн хүн дээ” гэж эхнэр Ж.Долгормаа нь хэлсэн байна лээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг аль хэдийнээ боловсруулаад УИХ-ын даргад өргөн барьсан нь бас нэгийг өгүүлэх мэт. /Хуулийг тэр засаад байвал гэдэг АЙДС бий/
ДАМДИНЫ ДЭМБЭРЭЛ:
Өнөөгийн парламентын дарга. УИХ-ын хамгийн ахмад, бас олон удаа сонгогдсон гишүүн. Төрийн хүний ноён нуруу сайтай, аливаад ул суурьтай ханддаг гэлцдэг. Туслахаараа ажиллаж байсан залуу бүсгүйтэй ханилж охинтой болсон энэ тэр гээд үл ялих хувийн юм шиг атлаа монгол хүний хувьд бас ч харгалзан үзэхээс аргагүй “дутагдал”-тай гэх.
САНЖААГИЙН БАЯР:
Өнөөгийн Монголын хамгийн нөлөө бүхий улстөрчийн нэг. Парламентад олонхи болсон том намын дарга. Ийн олонхи болж ялалт байгуулахад түүний хувийн имиж, сонгуулийн менежерийн туршлага, ухаан ихээхэн нөлөөлснийг хэн ч үгүйсгээгүй.
Чухам энэ л түүнийг 25 дахь Ерөнхий сайдын сэнтийд залах шалгуур болсон хэрэг. Улс төрийн шатрын нүүдэл, хөзрийн тоглолт хийхдээ муугүй. Парламентад олонхи болсон хэрнээ ялагдсан намтай хамтарч Засгийн газраа бүрдүүлсэн нь үүний нэг нотолгоо юм. Гэхдээ тэрээр Засгийн газрын 100 хоногийн үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа “Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь гэсэн яриа гарсан байна. МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан олон зорилтыг хангах, эхлүүлэх, хийх, гүйцээх гол үүрэг МАХН-ын дарга, Ерөнхий сайд миний нуруун дээр тохоостой байгаа. Үүнийгээ орхиод ийш тийш элдвийг бодож өрсөлдөж болно гэж бодохгүй байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж буй нь энэ. Гэвч түүний энэ үгэнд олон нийт нэг их итгэхгүй байх шиг. Ингэх нь ч аргагүй биз. Учир гэвэл, тэрээр өмнө нь хэлсэн амнаасаа буцаж байсан баримт байгаа юм. Хоёр жилийн өмнө болсон МАХН-ын 25 дугаар их хурлын өмнө намын дарга М.Энхболддоо “би намын даргад нэр дэвшиж өрсөлдөхгүй” гэж байсан ч яг хуралдааны үед хэлснээсээ буцаж намын дарга болсон гэдэг. Хэдийгээр Монгол Улсын иргэн бүрт “эх орны хишиг” 1.5 сая төгрөг өгнө гэсэн амлалт энэ намыг УИХ-ын сонгуульд ялахад үлэмж тусалсан ч эдүгээ “Энэ мөнгийг бэлнээр өгвөл Монголын эдийн засаг элгээрээ хэвтэнэ” гэж хэлж буй нь С.Баярыг энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгийн баталгаа байж ч болох юм. Дэвшсэн нөхцөлд таван төгөлдөршил, атрын гуравдугаар аян гэх мэт имижийг нь өргөх зүйл олон ч долдугаар сарын 1-ний хэрэг явдал, эдийн засгийн өсөлт саарсан, инфляц өссөн, авгай хүүхний асуудал гээд айх юм бий. С.Баяр гишгэдлээ нэг л олохгүй байна гэх шүүмжлэл ч дуулддаг.
ДАНЗАНГИЙН ЛҮНДЭЭЖАНЦАН:
Парламентад хамгийн олон удаа суусан, хашир туршлагатай нэгэн. Нам дотроо нэр хүндтэй, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга. Ц.Нямдоржийг огцорсны дараа богинохон хугацаанд ч болов парламентын спикерийн үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр бага залуугаасаа төрийн түшээ болж чамлахааргүй өндөр алба хашсан ч онигоо ярьж, хөөрөг зөрүүлэн хамрын тамхи татаж, шатар нүүж, айраг залгилсан шиг энгийн байх дуртай. Тийм ч учраас “Зангаараа амраг” дуугаа эхнэртээ зориулж, ахан дүүстээ зориулсан дууны клипт тоглож, төрсөн нутагтаа хуримын ордон бариулж байна. Хэт зөөлөн гэж голох нэгэн байдаг л юм.
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ:
Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдсон ч хоёуланд нь аз дутаж хугацаанаасаа өмнө огцорсон.
Түүний эхнэр Х.Болормаа “Манай хүний амьдралынх нь утга учир улс төр мэт байдаг” гэж нэгэнтээ ам алдсан нь хэдийгээр бүсгүй хүнийх боловч нөхрийнхөө ирээдүйн их хүслийг илэрхийлсэн чин сэтгэлийн үг гэж ойлговол үнэнд илүү ойр болов уу. Огцорсныхоо дараа Америкт одож, алдарт Харвардад суралцаад ирэв хэмээн олныг шуугиулсан ч зарим нь тэндхийн хэлний дамжаа дүүргэсэн юм гэнэ лээ гэлцсэн. Эх орондоо ирээд “Нүүх үү үлдэх үү” лекцээ энд тэндгүй уншиж сурсан эрдмээ гайхуулав. Хархориныг жишиг хот болгоно гэж баахан рекламдлаа. Улс төрийн тоглоом тоглохдоо хэзээний сүрхий, хэлж ярихдаа хэний ч дор орохгүй. Зарим эрдэмт нөхөд түүнд “Нүдээ түргэн нээж, амаа аажим ангайж бай” гэсэн дорно дахины мэргэн үгийг сануулсан байдаг нь санамсаргүй хэрэг биш байх. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд ялна гэдэгтээ хэтэрхий итгэж, хэт бардамнаж оролцсоноос санаанд оромгүй ялагдалд хүргэсэн гэлцдэг. Чухам үүнийхээ “шан”-г хүртэж, намын даргынхаа албан тушаалаас сайн дураараа татгалзсан юм. Үүний дараа УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс цуглуулсан мөнгөнөөс 200 сая төгрөг дутаасан, түүгээрээ долдугаар сарын 1-ний үймээн самууныг санхүүжүүлсэн гэх яриа гараад намжсан билээ. Түүгээр ч барахгүй Ц.Элбэгдорж тэр үймээнийг зохион байгуулсан, хоёр ч хүний аминд хүрсэн гэх хүн ч байдаг.
ЭРДЭНИЙН БАТ-ҮҮЛ:
“Ардчиллын алтан хараацай” нэрийн бэлгэ тэмдэг. Үүгээрээ ардчилсан хувьсгалын партизанууд, эгэл борчуудын дунд үлэмж нэр хүндтэй.
АН-ын өмнө зүй ёсоор хүндлэгдэх хүн гэдгээ өөрөө ч нуудаггүй. Үнэн шударга үгтэй, өөрийн бодолтой. Үүнээсээ болж намынхандаа адлагдах ч бий. Тухайлбал, АН-аас сонгогдсон гишүүд хуралдаанд оролцож тангараг өргөхгүйгээс болоод УИХ-ын өнгөрсөн намрын чуулган эхлэхгүй гацаанд ороход Э.Бат-Үүлийн шийдэмгий зан л тэр түгжээг тайлсан билээ. УИХ-ын хүний эрхийн дэд хорооны дарга. Ер нь албан тушаал, эрх мэдэлд нэг их дуртай биш юм шиг санагддаг. Ойрмогхон гэхэд АН-ын даргаас нэрээ татсан нь бий. Гэхдээ нэгэнтээ “Хэрвээ надад итгэдэг юм бол Ерөнхий сайдыг өлхөн хийчихнэ” гэж ам алдсан удаатай. Тэрээр “Ерөнхийлөгч 55-аас дээш насны, буурьтай хүн байх ёстой. Залуу хүн сонгож байсан нь өнгөрсөн үеийн алдаа. Ялангуяа Н.Энхбаяр шиг амбицтай, эрх мэдэлд жолоогүй шуналтай хүмүүс Ерөнхийлөгч болбол бүр аюултай” гэж дуугарсан нь олон түмэнд эрхбиш юм бодогдуулсан байх. 20 шахам жил улс төрийн халуун тогоонд буцлахдаа элдэв хор найруулга, хуйвалдаан мэтэд бараг оролцоогүй, харьцангуй нэр цэвэр нэгэн. Гэхдээ бас но-той. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хүртэл сэжиглэгдэж, Ганц худагт хэд хоног суугаад гарсан түүхтэй. Өнөөгийн эрхэм гишүүдээс орон нутагт хамгийн олон цаг ажилласан хүнээр мань эр тодорсон нь тохиолдлынх биш биз ээ.Түүнд бусад томчуулын адил хураасан эд хөрөнгө, мөнгө байхгүй.
ЛАМЗАВЫН ГҮНДАЛАЙ:
Юутай ч сайн муугаар олонд танил болсон улстөрч. Нэг үеэ бодвол төрийн түшээгийн хувьд овоо төлөвшиж байгаа. Саяхан нэг сонинд ярилцлага өгөхдөө “Б.Обама шиг гайхалтай Ерөнхийлөгч болно” гэдгээ нуугаагүй байна лээ.
Тэрээр “Би энэ жил 45|Ерөнхийлөгчид нэр дэвших насны доод хязгаар 45 юм| хүрч байна. Нэр дэвших эсэхийг нам доторхи фракцууд мэднэ. Хэрэв намайг дэвшүүлбэл татгалзахгүй ээ. Манай нутгийнхан болон монголчууд ч уухайлан дэмжих байх” гэж ярьжээ. Жаахан биеэ тоосон, ичгүүр сонжуургүй мэт боловч эр хүний дотор эмээл хазаартай морь гэдэг зарчмын үүднээс авч үзвэл бас ч байг гэх газаргүй. Хэрвээ нам нь нэр дэвшүүлэхгүй бол намаасаа гарч бие даах бодолтой байж ч мэдэх. Ер нь ганцаарчилсан тоглолт хийх дуртай. Гэхдээ нэр дэвшлээ ч монголчууд одоохондоо түүнийг Ерөнхийлөгчөөр арай ч сонгочихгүй болов уу. Нөгөөтэйгүүр АТГ-т шалгуулж, Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д тав дахь удаагаа тавиад буй нь нэр дэвшихэд мундахгүй саад болж таарна. Цаашилбал, дэндүү сүр дуулиантай байгуулсан АТН-аа хүнд хэцүү цагт орхиж, АН-ын ивээлд багтсан урвагч зан гай болох нь тодорхой. УИХ-ын чуулганы нээлт дээр элдвийн ааш авир гаргасан, Хөвсгөл далайд хоёр хоног сураггүй алга болсон, “Бороо гоулд” руу иргэдийг дагуулан дайрсан, журмын нөхөр Баабарыг бие нь муудаад эмнэлэгт хэвтэж байхад “Чи одоо болтол үхээгүй л байна уу” гэх мэтээр тавлаж байсан, Германд сургуульд төгсч, цаг яс барьдаг немц зан чанарыг эзэмшсэн гэж гайхуулдаг атлаа сая өндөрлөсөн УИХ-ын намрын чуулганд хамгийн олон цаг буюу 14 цаг 45 минут хоцорсон гээд тоочвол түүний нэр дэвших магадлалыг бууруулах шалтгаан, хар толбо цөөнгүй.
- Холбоотой бичлэг :
- http://www.mglclub.com/1209651/ce8/trackback