
Болоод өнгөрчихсөн Бээжингийн олимпийг юм л бол бахархлаа болгож, бие биенийхээ энгэр дэх одон тэмдгийг биширч байх зуур Лондонгийн олимпийн өдрүүд хуанлийн хуудаснаас хасагдсаар байгааг анзаарах өдрүүд болжээ. Монгол Улсад яг өнөөдрийн байдлаар улсын шигшээ баг гэж алга. Шигшээ багт харьяалагддаг байсан чөлөөтийнхөн хэдхэн хоногийн өмнө Красноярскийн тэмцээнд очоод далан таваараа бууж өглөө. Дөрвийн дөрвөн жил олимпод бэлтгэгдсэн шилдэг тамирчид бултаараа ялагдлаа. Ганц охин хүрэл медаль авлаа. Лондонгийн олимпийн цикл иймэрхүү муу мэдээгээр эхэлж байна.
Бээжингийн олимп 2008 оны наймдугаар сарын 24-нд дууссан. Тэр өдөр хоёр давхар улаан автобус 2012 оны долдугаар сарын 27-ны өдрийг чиглэн “Шувууны үүр”-ээс хөдөлснийг хоёр нүдээрээ бид харсан. Харин өнөөдөр 2009 оны нэгдүгээр сарын 27. Бүхэл бүтэн таван сарын хугацаанд монголчууд маань олимпийн аваргаараа гангараад завгүй байлаа. Харин одоо Бээжинг мартаж, Лондон руу хөдөлвөл ямар вэ?
Шигшээ баг яасан бэ?
Олимпийн дараа манай спортынхон “Биеийн тамир, спортын шинэчлэл”сэдвээр үндэсний зөвлөгөөн хийсэн нь хамгийн нүдээ олсон ажил байлаа. Олимпиос алт авлаа, сайхаан гэж хундага тулгах биш спортынхон нүүр нүүрээ харан илүү их шүүмжлэл өрнүүлсэн тэр хэлэлцүүлгээс Лондонгийн олимпод бэлтгэх зүг чиг цаасан дээр бууж үлдсэн нь олзуурхууштай. Өнөөдрийн байдлаар ирэх олимпод зориулсан ажил гэвэл тэр л байна. Гэвч Лондонгийн олимпод бэлтгэх тэрхүү зорилтын хамгийн эхэнд бичиж тодорхойлсон “...Лондон-2012” олимпийн наадамд оролцох баг, тамирчид, дасгалжуулагчдыг 2008 оны арванхоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулж, үндэсний шигшээ баг байгуулна” гэсэн хамгийн эхний ажил биелэлээ олоогүй явна. Шигшээ баг, спорт холбоодыг тойрсон явган хэрүүл салахаа байж. 2008 онд багтааж шийднэ хэмээн төлөвлөж байсан шигшээ багийн бүтэц агентлагийн даргынхаа асуудалтай хамт хойш шидэгдсэн бололтой. Энэ улиралд багтааж шийднэ гэсэн тайван амлалтыг одоо удирдлагууд өгч байна. Хэзээ мөдгүй өөрчлөгдөж мэдэх даргынхаа томилгоог хүлээн спортынхон бас л унтаа байдалд оржээ. Тэгэхээр спортын бодлого, чиглэлийг зангидах Биеийн тамир, спортын газрын даргын асуудал хэзээ шийдэгдэнэ, түүний дараа шигшээ багийг алгуурхан байгуулах бололтой.
БТС-ын газрын дарга хэн болох вэ?
76 гишүүнээ бүрдүүлж чаддаггүй, Засгийн газрынхаа бүтцийг эмхэлж дуусдаггүй улс төрийн удаан галт тэргэнд спортынхон ч бас чирэгдэж байх шиг байна. Биеийн тамир, спортын газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг учир энэ байгууллагын даргын хувь заяа Лондонгийн олимпийн бэлтгэл ажлын эхлэлийг хойш нь чангааж байгаа гэхэд болох байх. Цаг, минут, секундтэй өрссөн нь ялдаг спортынхонд хүртэл энэ заваан засаг, төрийн яст мэлхий шиг удаан хөдөлгөөн нэрмээс болж байгаа нь тээртэй юм.
Биеийн тамир, спортын улсын хороог Биеийн тамир, спортын газар болгон нэрийг нь өөрчлөөд удаагүй байгаа. Олимпийн дараагаас шахам энэ газрын даргад одоогийн удирдлага Ч.Наранбаатар, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, улсын заан Д.Баярсайхан, нийслэлийн Биеийн тамир, спорт хорооны дарга Ж.Ганболд нарын нэр яригдаж эхэлсэн. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа энэ албан тушаалд удирдах арга барилтайгаас гадна хэл усны мэдлэг сайтай, спортын менежмент хийх чадвартай хүн байгаасай гэж хүсч байгаагаа илэрхийлж байсан. Харин БТСГ-ын шинэ даргад томилогдох хүнийг Төрийн албаны зөвлөлөөс тодруулах бөгөөд энэ сарын 15-наас эхэлсэн сонгон шалгаруулалт 21 хоногийн хугацаатай үргэлжлэх учир хоёрдугаар сар гартал БТСГ-ын даргын асуудал сунжрах нь тодорхой бололтой.
Лондон - Зургаан медаль
Дээр өгүүлсэн “Биеийн тамир, спортын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Лондонгийн зуны XXX олимпийн наадамд оролцох 35-аас доошгүй эрх авч, 4-6 медаль авах бололцоотой гэж үзжээ. Паралимпийн XIV наадамд 6-8 эрхтэй оролцож, 2-3 медаль авах найдвар бий гэж тооцолсон байна.
Өмнө нь 2005 онд Бээжингийн олимпод бэлтгэж эхлэхэд 20-иос доошгүй эрх авна гэсэн даруухан тоо хэлж байлаа. 2-3 медаль авна гэж цагаан цаасан дээр хараар бичээд буулгахад итгэх хүн тэр үед ховор байсан. Бээжингийн амжилт сайхан ч, дараагийн олимпод түүнийг батална гэдэг хамгийн том даваа. Бээжин, Лондон хоёрын дунд том ялгаа бий. Тиймээс Бээжин рүү 28-уулаа яваад, таван медальтай ирсэн юм чинь Лондонгоос зургаан медаль авчирна гэж том ам гарахад учир байна. Сэтгэл хөдлөлөө дарж чадахгүйгээр шинэ ажил эхлүүлэх амаргүй. Магадгүй, “их идсэний дараа өнж” гэсэн хатуухан үгээр ам руугаа алгадуулахгүйн тулд одоо Бээжин биш Лондонгийн олимпийн тухай ярьцгаая, тэгэх үү.
www.news.mn-s