Хотоос түүсэн хөдөөгийн бодол
Би яруухан шиг алхмана. Яардгийн учир нь хөвөрдсөн бодолоо зангидах гэснийх ажээ. Нүүдэлчин удмийн монголчууд танхим дүүрэн цугларсан байлаа. Хоргой торгоны элбэгт торгон дээлгүй хүнгүй болсон байхад хол ойр явсаны ачаар ховор чамин гангатай бүсгүйчүүд бишгүй л үзэгдэнэ. Олны дундаас даруухан хувцасласан бор охин нүдэнд содон. Цэнхэр даалимбан дээлэн дээр улаан хүрэн даалимба бүсэлж цагаан ултай гутал өмсөн, гэзгээ хоёр салаа сүлжин, үзүүрийг нь нарийн шар даавуугаар бэхэлжээ. Үнэхээр үзэсгэлэнтэй сайхан харагдаж байна.
      Түүний гоо сайхан юундаа байна гэхээр тэр гээд хэлчих аргагүй дүрлэгэр  бор охин. Ажаад байх дутам түүний дээлийнх нь энгэрт саалийн үнэр шингэсэн мэт ургах нарны зүг үхэрээ гилэн худагруу дөхөх эжий минь санагдах шиг дотно санагдана. Үгүй ер бид чинь эгэл даруу монгол төрхөөсөө хичнээн их холдож байгаагаа ухаарах мэт бие жихүүцэхэд өөрийн эрхгүй гараад явж байгаа нь энэ. Тэр охины тухай бодох дутам талд манарах  адууны тоосонд эсгий малгай шил рүүгээ унжуулж дээлээ сугалдрагалсан  хархүү, уурганы хувинд цанхаалан цовхчих эмнэг хангал нүднээ харагдах шиг. Би голын мөсөн дээгүүр бүр морь шиг хатиран харьж явахад хөдөөгийн үнэр, хөх өвс, хөрзөн бууц минь ханхалж, цантай өвөлөөр цас үүрч цайгаа цанах мэт. Аяа элчилгүй их талын энгэрт нь саран хоноглож эжийн минь хураасан аргалын цаагуур наран шингэдэг хөдөөгийн тэр хөөрхөн бор охин холын дурдатгал хотондоо үлдсэн хонгор насыг минь санагалзуулах зуур зуурхан биш зуунаас урт бодлыг минь хөвөрдөн хөвөрдөхийн учир энэ буюу.