Харин хоёр улсад харилцан 90 хоног визгүй зорчих гэрээг соёрхон
батлах эсэх тухай асуудлыг УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын
байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Тус байнгын хороо
19 гишүүнтэй ч хуралдаа ирсэн нь 11 байв. Харин З.Энхболд дарга
гадаадад томилолттой яваа учраас Р.Гончигдорж гишүүн өчигдрийн
хуралдааныг даргалсан юм.
Гадаад хэргийн сайд Сү.Батболд байнгын хорооны гишүүдэд хэлэлцэх
асуудлыг танилцуулах ёстой байсан ч цагаа бариагүй тул түүний ажлыг
Батлан хамгаалахын сайд Л.Болд хийв. Уг танилцуулгад давхардсан тоогоор
Монгол Улсын 36 000 гаруй иргэн БНСУ-д харин тус улсын 44 000 гаруй
иргэн манай улсад ажиллаж, амьдарч байгаа гэх. Тиймээс хоёр улсын
иргэдэд чирэгдэл багатайн үүднээс энэ гэрээг соёрхон батлахыг яаравчилж
буйгаа ч хэлж амжлаа. Асуултын салхийг Х.Наранхүү гишүүн хагалсан юм.
Х.Наранхүү: -Монгол Улсын иргэд 90 хоногийн хугацаатай визгүй зорчих асуудлыг БНСУ-аас өөр ямар улстай хийгдэх вэ?
Сү.Батболд: -ОХУ-тай энэ асуудлыг ярилцаж байгаа. Бусад орны хувьд бэлэн болсон зүйл алга.
О.Чулуунбат: -Хэрэв энэ гэрээ соёрхон батлагдаж, хоёр улс гэрээ байгуулвал хуучин улаан паспорттой иргэд шууд визгүй зорчих уу?
Сү.Батболд: -90 хүртлэх хоногоор визгүй зорчиж байгаа нь энэ гэрээний үндсэн хөнгөлөлт. Харин ойрын таван жилийн дотор хоёр улс визгүй зорчдог болно.
Харин Ш.Сайхансамбуу гишүүн “90 хүртэлх хоногоор визгүй зорчих гэрээ хэзээнээс мөрдөгдөж эхлэх юм бэ. Хэрэв 90 хоногийнх нь хугацаа хэтэрвэл Солонгосын талаас манай иргэдэд ямар нэгэн дарамт учруулах уу” гэж асуухад ГХЯ-ны мэргэжилтэн “Хоёр улсын аль нь сүүлд энэхүү гэрээгээ соёрхон батлахаас шалтгаална. Харин визгүй зорчих 90 хоногийн хугацаа нь хэтэрвэл ямар нэгэн дарамт, шахалт ирэхгүй. Дахин 30 хүртэлх хоногоор сунгагдахаар гэрээнд тусгасан байгаа” гэв. Ингээд Монгол Улс, БНСУ-ын иргэд харилцан 90 хүртэлх хоногоор визгүй зорчих гэрээг соёрхон батлах нот бичгийг хэлэлцэх эсэхээр санал хураахад тус байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжлээ.
Н.Хулан