Намайг чи орхиод явахад юу үлдснийг мэдэх үү чи!
Навчсаар үйлсан намар шиг сэтгэл уйлж үлдсэн
Дурласан сэтгэл дутуу залгисан нулимс үлдсэн
Дуртай бүхнээсээ зугтаасан дугуй хар цэг болж би үлдсэн

Дуусашгүй урт өдрүүдийг өнгөрөөх гэж дарс уусан
Дутуу нойртой хоносон шөнүүдээр хайрын сарнай урласан
Дууны эгшигт уярч дурсамжаараа амьдарч үлдсэн
Дурлалаасаа хагацсан сэтгэл голд ортол өвдөж үлдсэн

Бүүдгэр болсон хорвоогоос гэрэл олж харах гэж би ядарсан
Бүүвэйн дуу, ээжийн хайрыг үгүйлсэн
Бүр юунд ч зовохгүй нохойн гөлгөнд би атаархаж
Буйдхан энэ хорвоогоос явах юмсан гэж бодогдсон

Он цагийн эрхээр цэг бүдгэрч сэтгэл чангарсан
Орчлонд чамайг хайрласан шиг хайр ирэхгүй болсон байсан
Нар сар хоёрыг угтаа нэг юм гэж ойлгодог болсон
Найр дуу хуурыг намбатайхан шиг өнгөрүүлдэг болсон

Намайг чи орхиод явахад юу үлдснийг мэдэх үү чи!
Намрын навчис ямар гоё хээтэйг мэдэрч үлдсэн
Наснаасаа эрт ухаан сууж ухаарч үлдсэн
Нар сартай хорвоод чамайг л үл мартах сэтгэл үлдсэн
МЭДЭХ ҮҮ ЧИ!