Гэнэтхэн би чамайгаа хачин их үгүйллээ
Гэгэлгэн бодол минь хайранд хөглөгдлөө
Ганцаардаж гунигласан сэтгэлээ тайтгаруулж
Голын хайртай чамайгаа сэтгэлдээ үгүйллээ

Эрх тунимхай намайгаа
Энхрийлэн ширтдэг нүдний чинь
Эгэлгүй дөлгөөхөн харцыг
Ээнэгшсэн сэтгэлдээ би үгүйллээ

Хүүхэн хонгор биеийг минь
Хайрлан энхрийлэн таалдаг
Халуун янаг уруулын чинь
Хайрын амтат балыг
Хүсэл сэтгэлдээ би үгүйллээ

Тунирхан эрхэлж суухад минь
Тайтгаруулж намайгаа аргаддаг
Турьхан эмзэг биеийг минь
Тэвэрч энхрийлэн суудаг
Түшигтэй ханхар цээжний чинь
Өмөг түшгийг өр зүрхэндээ би үгүйллээ

Уяхан бодлыг минь эзэмдсэн
Ухаалаг дөлгөөхөн ааштай
Учралт хонгор чамайгаа
Уяран хайрлан би үгүйллээ