2011 оны байдлаар өмнөх оноос нийт актив нь 35 хувиар, цэвэр ашиг нь 74 хувиар өсөөд байгаа “Голомт” банкны таван хувийг чухам ямар компани эзэмшиж байгаа тухай мэдээлэл энэ банкны олон мянган хэрэглэгчдэд чухал юм. Тиймээс 24tsag.mn сайт “Трафигура” компаний тухай онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.

1. “Трафигура” нь Нидерландаас гаралтай үндэстэн дамнасан том корпораци бөгөөд дэлхийн 36 оронд үйл ажиллагаа явуулдаг. Газрын тос,trafigura-companynews метал худалдааны чиглэлээр дэлхийд гуравт бичигддэг.

2. Өнгөрсөн оны 11-р сараас Бээжинд төвтэй “Ориго Партнерс” компанитай хамтран ажиллах болж,  Монголын коксжих нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахаар судалж байна.

3. “Reuters” агентлагийн мэдээнд онцолсноор “Тrafigura” компаний Орос, Хамтын нөхөрлөлийн орнуудын бүс нутгийг хариуцсан захирал Михайл Зелдович Тавантолгойн Зүүн Цанхийн хувьцааг худалдаж авах сонирхолтой байгаагаа мэдэгджээ.

4. Guardian.co.uk сайтад бичсэнээр “Трафигура” компани  нь 2006 онд Африкийн Зааны ясан эрэг улсад /Ivory cost/ их хэмжээний хортой хог хаягдлыг хууль бусаар экспортлосон нь тогтоогдсон байна. Гэхдээ “Трафигура”-гийн хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй сунжирсаар байгаа. Нидерландын дээд шүүх хоёр сая еврогийн торгууль төлөхийг “Трафигура”-гаас шаарджээ. Зааны ясан эрэг улсын хэвлэлүүдийн мэдээлснээр хортой хог хаягдлаас ялгарах элдэв бодист олон зуун хүн хордож, 17 хүн амиа алджээ. Энэ хог хаягдал нь хортой гэдгийг “Трафигура”-гийнхан мэдэж байсан тухай нотолгоог wikileaks.org сайт дэлгэсэн нь нэг хэсэгтээ шуугиан тарьсан.

5. “Трафигура” компани 2007 онд Ямайкийн улс төрчидөд авлигал өгч, газрын тосны гэрээгээ сунгахын тулд 466 мянган ам.доллар, түүнээс их мөнгө төлсөн гэсэн мэдээлэл байна. Тэд улс төрчдөд авлига өгөөгүй, Ямайкийн холбогдох албаны хүмүүстэй хуулийн дагуу хамтарсан гэж мэдэгдсэн байна. Нидерландын шүүхэд энэ хэрэг очсон ч мөн л шийдэгдээгүй, замхарчээ.

6.  Хамгийн сүүлд буюу 2012 оны 1-р сарын 16-нд “Трансфигура”-гийн Африкийн Өмнөд Суданаас тээвэрлэсэн түүхий нефьтийн цестерн сав нь стандарт хэмжээнээс бага байсан тул импортлогч Бүгд Найрамдах Судан Улс гомдол гаргажээ. Гомдол гаргасан улсыг Өмнөд Суданы ерөнхийлөгч Салва Кийр “дээрэмчин” гэж цоллосон бол Бүгд Найрамдах Судан Улсын ерөнхийлөгч Омар Хассан Аль-Башир энэ үйл явдлыг “хоёр орны хооронд дайн дэгдээж болзошгүй” гэж мэдэгдсэн юм.

7. business-mongolia.com сайтад “Трафигура” компани Голомт банкны таван хувийг авсан нь цаанаа стратегийн бодлоготой холбоотой гэж бичжээ “Голомт” банкны хяналтын багцыг эзэмшдэг “Боди” групптэй  уул уурхайн нөөцийн салбарт хамтран ажиллах гэрээ хийхээр яригдаж байгаа гэж дурдсан байна.

Б.Баяр

www.seruuleg.mn