Бичлэгийн тоо 372

Утаанаас хамгаалах баг нийс­лэлчүүдийн “гоёл” болж, сургаар нь маскны бизнес хүчээ авч эхэллээ. Жирийн нэг даавуун маск биш төмөр хамгаалалттай, утаа нэвтрүүлдэггүй, чанар­тай багаар наймаа цэцэг­лүүлж, мөн нэг удаагийн хэрэглээний, нугалаастай цаасан маскаас нэг их ялгарахааргүйг “Хүчит шонхор” захын захир­гаа түрээслэгчдэд зар­сан байна. Цагаан сар дөх­сөн болоод ч тэр үү махны хам­гийн том зах гэгдэх энэ га­зар хөл ихтэй, машин бай­тугай явган хүмүүс “түгж­рэл” үүсгэж байв.

Солонгосоос 3500 төгрөгөөр авч ирсэн маскийг 5000-аар борлуулжээ

Тус захын зохион байгуулагч Долгороос цөөн асуултад хариулт авлаа.

 

-Танай захын захиргаа эд­гээр маскийг хаанаас ав­сан бэ?

-Солонгосоос авч ирсэн гэсэн. Ер нь манай захир­гаа­наас түрээс­лэгч­дийнхээ эрүүл мэндэд анхаарч сайн ажил зохион байгуулсан гэж бодож байна.

-Хүмүүст маскийг ху­далд­сан уу?

-Тэгэлгүй яах вэ. Үүнийг өн­дөр үнээр авсан учраас зүгээр тараана гэж байхгүй.

-Ямар үнээр борлуулсан бэ?

-5000 төгрөгөөр зарсан. Энэ хавьд машин олноор цуг­лардаг. Тэгээд ч гэр хо­роолол дунд байдаг учраас утаа, тоос ихтэй учраас хү­мүүсийн эрүүл мэндийг бодож ийм ажил зохиосон юм. Түрээслэгчид ч их дуртай байгаа.

-Солонгосоос ямар үнээр авсан бол?

-Монгол мөнгөөр тооцвол 3500 төгрөгөөр авч ирсэн. Хэрэг­лэх зааврыг нь павильёонуудад хадсан.

-Гэхдээ энэ чинь нэг хэрэг­лээнийх юм биш үү. Энд хичнээн түрээслэгч ажил­ладаг вэ?

-Энэ талаар сайн мэдэх­гүй. Энд олон хүн ажил­лаж байгаа. Зарим нь ганц, хоёр өдрөөр мах зарах нь ч бий. Байнгын ажилладаг нь ч байгаа.

“Хүчит шонхор” захын зо­хион байгуулагчийн хэлс­нээр хүмүүс элдэв бактери, утаа, тоосноос хамгаалах баг авч буйдаа баяртай байсан гэх. Харин тэнд үүнийг зүүсэн хүн нэг ч байсангүй. Худалдагч нараас энэ талаар асуухад захиргааныхнаас айж байна гээд хариулах дургүй байсан. Гэхдээ нэрээ нууцлахыг хүссэн нэг худалдагч “Гэнэт­хэн л баахан маск авч ирээд худал­даж ав гэж шахсан.  Гадуур 250 төгрөгөөр худалддаг цаасан масктай ижил ч үнэ өндөртэй. Тэгээд ч угааж, цэвэр­лэж болдоггүй юм билээ. Ганц өдөр зүүсэн болоод хаясан. Уг нь арай дориухан, утаа, тоосноос хамгаалж чадах баг байсан бол авахад гэмгүй л дээ. Гэтэл ийм хөгийн юм авч ирээд өндөр үнээр зарсанд нь гайхаж байна” гэсэн юм. Худалдагч нарын хэлж буйгаар энд 1000 орчим хүн ажилладаг гэсэн бөгөөд энэ үнэн бол бараг таван сая төгрөгийг маскны наймаанаас олсон аж.

 

Цагдаа нарт олгосон маскийг МХЕГ-аас авсан

Энэ бизнес “Хүчит шонхор”-ынхоор дуусаагүй бололтой. Учир нь Замын цагдаагийн газраас агаарын хэт бохирдолтой хэсгүүдэд ажилладаг ажилтнууддаа олгосон багийг мөн л хэн нэгний шахаа гэх яриа гарсан юм. Энэ талаар Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Ч.Жаргалсайханаас тодруулсан юм.

-Замын цагдаа нарт ол­го­сон утааны багийг аль улсаас оруулж ирсэн бэ?

-Манайх өөрсдөө оруулж ирээгүй. МХЕГ-аас авсан.

-Цагдаа нарт баг олгосон ажлыг хэн нэгний бизнес гэж сонслоо?

-Үгүй ээ, тийм зүйл байх­гүй. Цагдаа нарын эрүүл мэндийг хамгаалахын тулд заавал бохир бизнестэй хутгал­дах шаардлагагүй. Тэгээд ч замын цагдаа нар нэн хүнд нөхцөлд ажилладаг гэх тодорхойлолтыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан. Манай цагдаа нар өглөө 07:00 цагаас ажилдаа гардаг. Энэ үед айлууд галаа түлэхийн хажуугаар, замын хөдөлгөөн эрчимждэг. Ялангуяа гэр хороолол орчимд энэ байдал бүр хүнд болдог. Тиймээс ийм газруудад ажилладаг цагдаа нар байнга маск зүүх шаардлагатай.

-МХЕГ эдгээр маскийг хаанаас авсан юм бол?

-Үүнийг бид хэлж мэдэх­гүй.

Замын цагдаагийнхны хувьд баг зүүх нь зайлшгүй шаардлагатай. Ер нь жирийн иргэд ч ийм хамгаалалт хэрэглэхэд гэмгүй. Гэхдээ утаатай тэмцэгчид ийм багийг нэгдсэн журмаар иргэдэд худалдаалахгүй л байгаа юм.

Харин зарим нэг хүн хувиараа баг зарж байгаа бөгөөд үнэ нь чамгүй өндөр, 38 мянган төгрөг. Энэ нь цагдаа нар болон захын түрээслэгчдийн зүүдэг шиг “өөдгүй” эд биш учраас ийм үнэд хүрсэн аж. Зориулалтын бэхэлгээ, хор шүүгч, резинэн хамгаалагчтай энэхүү багийг нийслэлийн утаанаас гадна уурхайн хүнд нөхцөлд ч хэрэглэж болно гэсэн. Уг багийг худалдаалж буй Б.Наранчимэгээс энэ талаар асуухад “Би хувиараа бизнес эрхэлдэг. Энэ багийг Германы “Делта плас” (Delta Plus) компаниас авч, Шанхайгаар дамжуулж Монголд авч ирдэг. Хамгийн сүүлд 5000 орчим баг авч ирж үйлдвэрт нийлүүлсэн.

Мөн иргэд ч утаанаас хамгаалахын тулд энэ багийг авч байна. Хүмүүс баг авахаар сураглаж ирдэг. Нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд хүрч, хүний эрүүл мэндийг үгүй хийж байгаа энэ үед иргэд өөрсдийгөө чадах хэрээрээ хамгаалах ёстой” гэсэн юм.

Үүнийг харахад хүмүүс утаанд идүүлэхгүйн тулд бүхий л арга чаргыг хэрэглэж байгаа аж. Зарим нь шахааны цаасан маскийг өндөр үнээр авахаас өөр аргагүй болж байхад заримд нь байгууллагаас нь тавьж өгч байх жишээтэй. Харин нөгөө хэсэг нь нэн хортой нөхцөлд л ашигладаг багийг зүүхээс нэрэлхэхгүй байна. Гэхдээ үүний цаана иргэдийн хамгаалалт хайх эрэлд дөрөөлөн ашиг олохыг санаархагчид цөөнгүй бий болсныг холбогдох байгууллагууд анхааралдаа авах биз.
 
Өглөөний сонин
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5783901/9a1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
배너신청
자생병원

배너신청