Яасан олон юм бэ, 88-ын хэрэглэгч нар?

“5 азтан 5 байр” хөтөлбөрөөр өндөр ашиг олсон ч азтанууддаа байрыг нь өгөлгүй мартаж, улмаар хууртагдсан хүмүүсийн гомдлын дагуу “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” “Юнител”-ийг шалгаж, хууль зөрчсөн хэргээр 10 сая төгрөгийн торгууль ноогдуулсан тухай урд нь хүргэсэн билээ. Харин энэ удаад “Юнител” компани хэрхэн хэрэглэгчдийнхээ тоог хууль бусаар, хиймлээр нэмж, өсгөсөн хэргийг сөхье.
“Юнител”-ийн хулхидалт номер 2: “Юнител” компани өөрийн цахим хуудсан дээрээ “Сая сая хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бүрдүүлсээр байна” гэсэн гарчигтай мэдээ тавьсан байх юм. Мөн “Өвөрмөц шинэлэг төрх, маркетингийн шинэ шийдлээр Монголын үүрэн холбооны зах зээлд тод ялгаран гарч ирж байсан “Юнител” групп 5 жил гаруй хугацааны дотор өөрийн сая дахь хэрэглэгчээ тосон авч байна. “Юнител” группын сая дахь хэрэглэгчээр Содномжамц овогтой Оюунцэцэг “Баясгалан” хэмээх усан луу жилийн шиний наймны өдөр буюу 2012 оны 02 сарын 29-ний өдөр “Рокмон” салбараас 8928……. дугаарын хэрэглэгч болсноор тодорсон байна” гэж телевиз, радиогоор бахархалтай нь аргагүй цацсан билээ. Тэр үед хүмүүс Монголын хүн амын гуравны нэг, насанд хүрэгсдийн тал нь “Юнител”-ийн хэрэглэгч болсон юм байна, сүүлд гарч ирсэн гэхэд сайн байна шүү гэцгээн татагдаж байлаа. Гэтэл үнэн хэрэг дээрээ энэ нь бас л төөрөгдүүлэлт байжээ.
Баримт сөхье: Монгол улсын “Засгийн газрын тохируулагч агентлаг, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар” 2011 оны жилийн эцсийн үүрэн холбооны хэрэглэгчдийн тоог тогтоон гаргажээ. Энд сая дахь хэрэглэгчээ өлгийдөн авсан хэмээн “томроод” байсан “Юнител”-ийн жинхэнэ хэрэглэгчдийн тоог 624.031 гэж тэмдэглэжээ.

ds

Харин “Юнител”-ийн цахим хуудсанд баяр ёслолын байдалтай ийм мэдээ тавигдсан байна:

ds

“Юнител” компани “5 байр 5 азтан” хөтөлбөрөөр иргэдийг хуурч “Өрсөлдөөний тухай хууль”-ийн 12.1.3-д заасан “Өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулахыг хориглоно”, мөн тус хуулийн 12.1.10 дахь заалт болох “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” зэргийг зөрчсөнөөс гадна “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн 7.2.3-д заасан “Хангалттай, тодорхой мэдээллийг орхигдуулан… хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” хэмээх заалтыг зөрчиж, хууль бус зар сурталчилгаа хийснийхээ төлөө хариуцлага хүлээж байв.
Харин ийнхүү хэрэглэгчдийнхээ тоог хиймлээр нэмснээр Засгийн газрын тохируулагч агентлаг, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын албан ёсны мэдээллийг давж үгүйсгэсэн байна.
“Өрсөлдөөний тухай хууль”-ийн хориглосон заалт буюу 12.1.1-д заасан “… өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах”, 12.1.2-д заасан “Өөрийн бараа, бүтээгдэхүүний талаар худал зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх”, 12.1.3-д заасан “Өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах” гэсэн заалтуудын тухай энд яригдаж байна. Мөн “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн 7.2.3-д заасан “Хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэсэн заалтыг зөрчжээ.
Ашиг орлогоо бодон хэрэглэгчдийг төөрөгдүүлж, цаашлаад хуулийг үл хүндэтгэн уландаа гишгэж, давтан зөрчиж байгаа нь нөгөө “Юнител”-ийн сэтгэл ханамжийн бүрдүүлэлт гэж үү.
Эхний удаад хууль зөрчсөн хариуцлагыг нь хүлээлгэж 10 сая төгрөгөөр торгосон нь тэдний хувьд юу ч биш байсан бололтой. Одоо дахин хууль зөрчсөн ч 10 саяар торгуулах бас л тэдний хувьд юу ч биш. Бага хэмжээний мөнгөөр торгуулж, их хэмжээний мөнгө хууль бусаар олдог нь “Юнител”-ийн өөрсдийнх нь хэлсэнчлэн маркетингийн шинэ шийдэл бололтой. “Юнител”-ийн 2 дугаар цочир бэлгийг задаллаа. Дараагийн цувралаар өөр нэг үлгэрийг нь өгүүлэх болно.
Б.Ням

www.seruuleg.mn