Дундаж насны эмэгтэйчүүд Монгол улсын 10 000-н баяны гэрт үйлчлэгч хийх нь манай талынханд ашигтай гэж үздэг байна. Учир нь, монгол хэл мэдэхгүй тэдний дэргэд гэр бүлийнхэн юугаа ч нуулгүй чөлөөтэй ярьж болдог. Тэр ч үүднээсээ гэрт болдог бүх процессыг гадагш мэдээлэх боломж үгүй болно. Мөн гадуур гарах шаардлага ховор учраас барагтай бол чөлөө гуйхгүй, үргэлж л гэрт нь байж байдаг. Гэрт нь хамт амьдарч байгаа учраас эд зүйлийг нь зөөчихнө гэхгүй, хулгай хийхгүй, хэл мэдэхгүй учир худлаа ярихгүй. Ярихгүй гэдгээс улбаалаад ажлаа л хийхээс чалчиж суухгүй. Түүнээс гадна англи хэлийг сайн эзэмшсэн байдаг учраас харилцахад хялбар, англи хэл анхлан сурч байгаа гэр бүлд ч тустай. Филлипин нэгэнт үйлчлэгчээр дагнасан улс учраас эмэгтэйчүүд нь хийх ажлаа сайн мэддэг,хийдэг. Төгсгөлд нь баячууд гадаад үйлчлэгчээр гангарч, нэг нэгэндээ илүүрхэж харагдах гэсэн цээж өвчний нэг илрэл.

Энэ мэтээр дурдаад байвал олон шалтгаанаар филлипин буюу гадаад үйлчлэгчийг манай улсын баячууд гэртээ ажиллуулдаг байна. Гэхдээ тэднийг монголчууд өөрсдөө авчирдаггүй гэнэ. Монголд гадны ажилтан импортлох төв ч гэж алга. Түүнтэй холбоотой төрийн байгууллага байгаагийн нэг нь Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар, нөгөө нь Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс. Гэвч тэд бүртгэл, тооллого, сануулга хүргэхээс өөрөөр ажилчидтай холбогддоггүй аж. Хэрэв Террил Атиенза шиг амь алдвал, осолдож гэмтвэл, хөдөлмөрийн чадвар алдвал яах вэ гэж албаны хүнээс асуухад оруулж ирсэн байгууллага нь мэднэ гэсэн хариултыг ХХҮХ-ээс өглөө. Гэтэл оруулж ирсэн байгууллага гэж манайд алга. 24tsag.mn олж мэдсэнээр үйлчлэгчгүй баячууд филлипин ажилтантай баяныдаа очоод “Найзаа манайд авчирч ажиллуулаач” хэмээн дамжуулан хэлдэг гэнэ. Энэ мэтээр филлипин үйлчлэгчийн зам манайх руу зурайж, өнөөдөр 4000-д хүрээд байгаа аж.

Филлипин бүсгүйчүүд өөрсдөө Монголд ирдэггүй

Филлипин улсаас гадаадад ажиллаж байгаа хүмүүсийг OFW/Overseas Filipinos Workers/ буюу далайн чанадад ажилладаг филлипинчүүд хэмээдэг байна. 2010 оны байдлаар 93 260 798 хүн амтай байсан бол тэднээс 975 000 гаруй хүн OFW байжээ. Эдгээрийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүд байсан гэнэ. Дэлхий даяар ажиллах хүчин болж очсон OFW-чүүдээс гэрийн үйлчлэгчдийг авч ажиллуулдаг нь тухайн улсынхаа том баячууд, улс төрчид, засгийн газрын ажилчид байдаг гэсэн 11251судалгаа ч гаргасан аж.

Энэ бүгдийг албан ёсоор зохион байгуулалтад оруулж, улс орныг хуваарилж томилдог байгууллагууд Филлипинд олон бий. Эдгээр байгууллага ажилчдыг хаа хүрэхийг шийддэгээс биш эмэгтэйчүүд өөрсдөө “Монголын баячуудын гэрт ажилламаар байна” гэж хүсэлт гаргадаггүй. Гэтэл тоо нь олшрохын хэрээр чанар мууддагийн гороор Террил Атиенза бүсгүй амиа алдаж, хариуцлагыг нь үүрэх байгууллага олдохгүй, нөхөр хүүхэд нь үгээ хэлж байна.

Террил Атиензаг гадаад руу гаргасан “Бүх төрлийн ажилд зуучлах төв” монгол руу авчрах шийдвэрийг хийгээгүй гэнэ. Тэр ч бүү хэл Олон улсын цагаачлалын мэргэжилтэн Гарри Мартинезийн шинжилснээр Атиензаг хил давуулсан талаарх ямар ч баримт бичиг байгаагүйг тогтоожээ. Талийгаачийг анх Сингапур руу гаргаад дараа нь Монгол руу илгээсэн бол энэ хоёр “аяллын” талаарх албан ёсны тайлан, баримт үйлдэгдээгүй байсан аж. Гэхчлэн манайд ирж айлын гэр цэвэрлэж, хоол хийж, хүүхэд асар, англи хэл “зааж” байгаа хэдэн филлипин бүсгүй нууц замаар Монголд ирснийг хэлж мэдэхгүй.

Монгол улс дахь гэрийн үйлчлэгчийн зах зээл

Манай улсад гэрийн үйлчлэгчээр ажилладаг хүмүүсийн цалин 120 000 төгрөгөөс эхэлдэг байна. Гайгүй баяны гэрт ажилладаг бол 300-400 мянган төгрөг хүрдэг аж. Харин хил даван орж ирсэн гадаад эмэгтэйчүүд 700 мянгаас буудаггүй 11251хэмээх үг чих дэлсээд авав. Зарим мэдээллийн хэрэгслээр сангийн дэд сайд Ч.Ганхуяг, УИХ-ын гишүүн Л.Болд нар филлипин гэрийн үйлчлэгчтэй гэж бичжээ. Гэхдээ тэд үйлчлэгчдээ  3000-5000 ам.долларын цалин өгдөг хэмээсэн нь дэгсдүүлсэн хэрэг бололтой. Мөн экс ерөнхийлөгч Н.Энхбаяр гэртээ филлипин үйлчлэгчтэй байсан гэх мэдээлэл бий. Бусад 3996 үйлчлэгч нь хэн гэдэг баяны гэрт ажиллаж байгаа нь одоохондоо тодорхойгүй байна.

Дотоодын гэрийн үйлчэгч бэлтгэдэг 6-7 байгууллага байдаг гэнэ. Тэд үйлчлэгч авах гэсэн айлуудаас захиалга авч сардаа 20 орчим ажилтан бэлтгэн гаргадаг байна. Филлипин үйлчлэгчтэй бол хамгийн эхэнд дурдсан олон давуу талтай мэт боловч нөгөө талаар хүүхдийн соёл, амьдралын хүмүүжилд филлипин хандлага суудаг гэж монголчууд үздэг. Тэр нь ч үнэн байж болох юм. Гэхдээ дээрх сургалт, сургуулиудаар төгссөн үйлчлэгч нар сүүлийн үед найдвартай болсон бөгөөд монголчууд бие биеэ дэмжихийг уриалдаг байна.

 

www.seruuleg.mn