Швед улсын засаг захиргаа нутгийн хамгийн хойд хэсэгт орших Кируна хотын иргэдийг аврах зорилгоор тун этгээд, гэхдээ нэн шаардлагатай төсөл бодож олжээ.

Нутгийн хөрсний онцлогоос шалтгаалж энэ хот жил бүр алгуурхан газарт шигдэж байгаа аж. Кируна хотын доогуур хүдрийн уурхай үйл ажиллагаа явуулдаг. Инженерүүдийн дүгнэлтээр үүнд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд хотын ихэнх барилга уурхай руу цөмөрч орох юм байна.

Тиймээс Швед улсын засаг захиргаа 12 жилийн турш 20 мянган хүн амтай Кируна хотыг зүүн тийш гурван километрт яг тэр хэвээр нь нүүлгэх олон янзын хувилбар дэвшүүлж байна. 2004 онд энэ хотыг хуучин хэвээр нь нүүлгэн шилжүүлэх хамгийн шилдэг төсөл шалгаруулах олон улсын уралдаан зарлажээ. Энэхүү хүнд тендерт Шведийн “White Arkitekter” архитекторын товчооны төлөөлөгчид ялалт байгуулсан байна. Тэдний санал болгосон “Kiruna 4 Ever” төсөл 2014 онд үйл ажиллагаагаа эхэлжээ.

swedenhed_0

Товчооны мэргэжилтнүүдийн бодож олсноор Кируна хотын бүх хүнийг 20 жилийн хугацаанд шинэ хотод нүүлгэн шилжүүлнэ. Ингэхдээ төслийг санаачлагчдын хэлж байгаагаар түүхэн гурван барилгыг л яг тэр хэвээр нь суурьтай нь хөдөлгөж аваачна. Харин үлдсэн барилгуудыг өмнөхтэй нь яг ижилхэн материалаар дахин босгох юм байна. Тус улсын засаг захиргаа газар руу “улам бүр шигдэж байгаа” байшингуудын эздэд хоёр санал дэвшүүлжээ. Энэ нь байраа улсад 25 хувиар илүү худалдах, эсвэл шинээр баригдаж буй хотод үнэгүй байшин авах гэсэн хувилбарууд аж. Хачирхалтай нь Кируна хотын иргэд нүүлгэх тухай мэдээг тун тайвнаар хүлээн авчээ. Тэд төслийг амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд бүх зүйлийг иргэдийн аюулгүй байдлын үүднээс хийж байгаа гэж үзжээ.