Бичлэгийн тоо 3,329

Зуны амралт хурдхан эхлээсэй гэж хүсэн хүлээсээр хүүхдийн баяр өнгөрөнгүүт аав ээжийгээ өдөр шөнөгүй шалж, зуслан нүүнэ гэж дуулсан өдөр машинаа хүлээж, өдөржин цонхон дээр суудагсан.

Зуслангийнхан дунд гитар тоглохгүй хүүхэд гэж бараг үгүй. Хэн ч зохиосныг бүү мэд зохиомол дуу дуулж зуны өдрүүд нүд ирмэхийн зуур өнгөрнө. Зуслангийн хамгийн сонирхолтой үе нь орой болдог байлаа. Ах эгч нар тойрч суугаад гитар тоглож дуулангаа, юм ярих.

Бидний үеийн хэсэг хүүхдүүдийг “оройн тойрогт” оруулахгүй ээ, ах эгч нар. Учир нь арай балчирдаж байгаа юм байх. Анхаа надаас хоёрхон эгч шүү дээ гэж зүтгээд ч нэмэргүй. Хорих тусам тэдний яриаг ямар нэгэн аргаар сонсохсон гэхээс байж ядна. Бид яриа сонсох талаар төлөвлөгөө зохиож ухаанаа уралдуулж гарлаа. Ах эгч гээд байгаа манай зуслангийнхан биднээс дээд тал нь дөрвөн насаар ах. Нэг орой бидний хэсэг “бацаанууд” дээл нөмөрч холоос тэдэн рүү ойртсоор тэдний яриаг чагнахаар боллоо.

Орой болоход тойрч суугаад нөгөө бидний сонсохыг хүсээд байгаа зүйлийг ярьж байна аа. “Нэг хужаа байжээ. Тэр насаараа хураасан мөнгөө пийшингийнхээ ойролцоо нуудаг байж. Гэтэл гэнэт нас баржээ, данжаад. Хэсэг хугацаа өнгөрсний дараа шөнө дөл болохоор сүнс нь ирээд мөнгө мөнгө гээд байж” гээд их л үнэмшилтэй ярьцгааж байна. Яриандаа орсон тэд биднийг ч анзаарсангүй.

Сонсоод байх нь ээ, хүн дурлаад, нойроо алдан байж дуулах сонин огт алга. Учир нь энэ тухай өдрийн цагаар бид байнга л ярьдаг байсан юм. Ийм юм яриад суудаг байсан гэж үү, нуугаад ярьдаг зүйл нь энэ байж гэж бодохоор инээд хүрээд чанга орилтол дээл нөмөрсөн нөгөө хэд маань зугтах санаатай харанхуйд гүйлдэхэд ах эгч нар ярьсан зүйлээсээ бус биднээс ухаанаа гартал айж, дараа нь энэ тухайгаа ярилцан бөөн инээдэм болж билээ.

Өдөр нь цэцэг, навч дүүрэн талд гүйлдэн, модны захаас гүзээлзгэнэ, аньс түүж бөөнөөрөө түлээнд явж цуглуулсан модоо хуваагаад гэр гэртээ хүргэнэ. Боорцог нь дууссан нэгнийдээ цугларч хөөлт, хэлбэргүй ч гар нийлүүлж хийсэн түлэгдсэн боорцгоо амтархан идчихнэ.

Тухайн үед байгууллага бүр өөрийн гэсэн пионерийн зуслантай байсан болохоор бүгдээрээ хэлэлцэж тохироод нэг ээлжээр зусланд хамт явцгааж, уйдах завгүй инээд хөөрөөр дүүрэн зуны амралт нэг л өдөр дуусаж, хичээлийн шинэ жил хаяанд ирмэгц ээлж ээлжээр нүүсээр зуны амралт дуусдагсан. Гэтэл өнөөдөр хүүхдийн зуны амралт бус залхаах амралт болжээ. Хөлсөө дуслуулан, ахархан биедээ ахадсан ачаа чирэх хүүг хараад өөрийн эрхгүй өр өвдөж, хүүхдүүдийн зуны амралт эхэлсэн биш билүү гэж өөрөөсөө асуулаа.

Зуны амралтыг бага насных шигээ бодож явсан минь алдаа аж. Харахад найман настай болов уу гэмээр хүү Нарантуул зах дээр хивс зөөж ар гэрээ тэжээдэг юм билээ. Наадмын өмнөхөн 32 хэм хүрч халж байхад хөөрхий хүү ар гэртээ авч очих талх, кг гурилын төлөө тэнхээ мэдэн зүтгэнэ. Арай ядан чирэх хүүгийн бяр чадлыг барах зүйл хаа мундаж, зах дээр. Хөглөрсөн хог, шил лаазны хаягдал дугуйнд нь тээглэн хүүг зовоох. Гэсэн ч хүү чирсээр зүтгэсээр хоёр сарыг ардаа орхижээ. Бие жижигхэн ч 13 настай гэх тэрбээр “Хүнд юм өргөсөөр байгаад өсөхөө больчихсоон. Одоо өсөхгүй, намхан хэвээр үлдэх нь, яана даа гэж ээж хэлсэн.

Өдөртөө гайгүй мөнгө олчихно оо, би. Зовж олсон мөнгө амттай байдаг юм” гээд нусаа татсаар дараагийн хүн хивс авахыг хараад олны дундуур тэргээ түрсээр ум хумгүй гүйчихэж билээ. Хэлж ярьж байгаа нь хэзээний нас биед хүрсэн эр шиг бяцхан хүү хэдэн хивсийг дажгүй даагаад гүйчих юм билээ. Харин олон хивс чирэхдээ жинхэнэ хүчээ барж байна лээ, хөөрхий. Туранхай шуу, гарынх нь булчин шөрмөс гүрийж шүд зуун зүтгэж байгааг харсан хэсэг залуус туслахын оронд “Эрийн шийр зааж байна аа, бас” гээд шоолох аж.

Микроныхны кондукторуудын ихэнх нь “унзад хоолойтнууд”. “Шархад, Офицер явлаа”, теле визийн мэдээ нэгийг авчих тэгэх үү гэж гуйх хүүхэд, хуруу лент аваарай гэх бяц хан хүүх дийн цээлхэн хоолой энд тэндгүй цангинаж эхлэх нь улирлын болоод зуны амралт эхэлснийг гэрчлэх аж. Түүгээр ч зогсохгүй хөлсөө цувуулж, хоолой мэдэн дуулаад олсон хэдэн төгрөгөөрөө дүүгээ хооллох хүүхэд нийслэлд цөөнгүй.

Тэд сургуулийн насанд ч хүрээгүй гэж бодохоор сэтгэл өвдөхгүй байхын арга алга. Дүүгээ тэжээх нь тэдний үүрэг биш л байлтай. Бяцхан үрс зүй нь энэ насандаа аав ээжийнхээ хайраар өлгийдүүлж, аз жаргалын дээдийг мэдэрч байх ёстой бус уу.

Амьдрал тарчиг охин кондуктор хийж байгаатай таарлаа. Амралтаараа мөнгө цуглуулж, ангийнхаа хамгийн ганганд тооцогддог охины өмсдөг кейтийг авах гэж байгаагаа тэр нуулгүй ярьсан юм. Хятадын 15 мянган төгрөгийн үнэтэй тэр кейтийн өнгө загварыг нүдэнд харагдтал ярьж байгаагаас хөлдөө өмсөж үзэхийг ямар их хүсэж байгаа нь илт. Өдөртөө 5000 төгрөг авдаг ч, аав нь замын дундаас аваад архи уучихдаг аж.

Арай ядан 10000 төгрөг болгоход гэрийнхэн нь хоолгүй болчихно. Тэднийгээ хоосон хонуулахгүй гэхдээ кг мах, төмс, талх авсаар одоо цугласан нэг ч төгрөггүй зуныг барах шахаж байгаа гэнэ. Гэхдээ заавал авна гээд “Давхар, хангамж, Улиастай” гэж орилсоор охин ажлаа үргэлжлүүллээ.

Чийг даасан гутлын төлөө шороотой хутгалдсан хэдэн бор төгрөгийг долоох шахам тоолж, хоолой мэдэн хашгирсаар охин өдрийг бараж явна.

Хөөрхийс охин хүүхэд. Хүүхдийн зуслангийн нэг хоногийн дундаж үнэ 10 мянган төгрөг учир өдрийнхөө талхыг олж ядан байгаа тэд яаж ч тэнд амрах билээ. Мөнгө олох гэж зүтгэж байгаа энэ мэт бяцхан үрс хамгийн муу муухайг сурч байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хараал урсган аашлах микроныхон ямар авир, зантай байдагсан билээ. Нөгөө л п-г амны уншлага болгон урсгана.

Орчноо дагаж хүний зан ааш хувирдаг хойно хүүхэд сурч л таараа. АНУ-ын сэтгэл зүйч, эрдэмтэн Ханнис Рекэйн “Орчин хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх нь” эрдмийн ажил хийхдээ хүүхдийн сэтгэл зүйг чамгүй олон жил судалжээ. Түүний судалгаагаар насанд хүрсэн хүн өдрийн үйл явдлын 50-60 хувийг шууд хүлээн авч, өөрт хэрэгтэй зүйлийг авч үлддэг бол хүүхдийн оюун ухаан шууд даган дуурайдаг болохыг тогтоосон аж.

Гудамжинд ажиллаж, амьдарч байгаа бидний ирээдүй бяцхан үрс танаас сурсан үгээрээ маргааш хэн нэгнийг хараана. Өмнөөс нь уралцах хүн түүнээс ч муухай үгээр түүнийг харааж зүхнэ.

Шинэ зууны хүүхдүүд шинэ хараалын зуу зуун үгтэй өдрийг өнгөрүүлсээр л. Хонинд явах нэрээр өдөржин халуун наранд харангадаж, өвөл хонь малаа эргүүлж яваад осгосон хүүхдийн тоо жилийн жилд нэмэгдсээр л байна. Хүүхдийн хүнд хэцүү амьдралыг зөвхөн нийслэлд бус Монголын хаанаас ч харах боломж нэмэгдсээр байгаа учир ийн бичиж сууна.

Хүүхэд уйлж байна хүмүүс ээ. Өлсөж, айж сандарч, ядарч туйлдсан тэд ээжийгээ дуудан өмөлзөн уйлсаар байна. Тэдний нулимсыг бид л зогсоож чадна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3434525/224/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
9 Буриад зоны наадам өндөрлөлөө 2010-07-26 21646
8 Олимп, дэллхийн аваргууд онцгойрч түрүүлэв 2010-07-26 20221
7 Яамдын худалдан авах хөрөнгийн хязгаарыг батлав file 2010-07-25 19457
» Хүүхэд уйлж байна, хүмүүс ээ... 2010-07-25 21318
5 Хорин мянгатын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа file 2010-07-25 21429
4 Р.Буд:Үндэсний наадамд монгол морьд уралдах ёстой file 2010-07-24 22122
3 Солонгосчууд Цэлмэг хүүд амьдрал бэлэглэсэн шигээ өөр олон хүнд туслахыг хүсэж байна file 2010-07-24 22541
2 Цагдаагийнхан Солонгост сургасан эрэлч нохойтой боллоо 2010-07-24 23445
1 Гадаадад байгаа иргэдийг консулын газраар дамжуулж тооллогод хамруулна 2010-07-24 22523
배너신청
자생병원

배너신청