Бичлэгийн тоо 3,329
Намар төхөөрдөг хэдэн цааны годоор гутал хийлээ ч худалдан авагчдын эрэлт хэрэгцээг хангадаггүй тул Хөвсгөл аймгийн хойд талын сумдын иргэд хулгайгаар буга, хандгай агнадаг болжээ. Дэлхий дээр зургаан зүйлийн хандгай байдгаас манай оронд сибирийн, шивэр хандгай гэсэн хоёр дэд зүйл нь тун цөөн тоогоор амьдардаг. 2012 онд шинэчлэн найруулсан Амьтны тухай хуулиар эдгээр хандгайг нэн ховор амьтны ангилалд оруулжээ. ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс хамгийн сүүлд 2009 онд хийсэн ойн туурайтан амьтны тооллогоор Хянганы нуруу, Хөвсгөлийн тайгад 5000-7000 хандгай байна гэсэн тоо гаргажээ. Хөвсгөлийн тайга бол сибирийн хандгайн амьдрах нутгийн өмнөд хязгаар нь.

Тайгад сүргээрээ бэлчиж явдаг энэ сайхан амьтныг агнахдаа анчид хоёр хуваагдан нэг талаас нь үргээхэд отоонд суусан анчин сум тоолон унагадаг гэнэ. Үнэр авахдаа тааруу, тэнэгдүү тэр амь тан бууны овоо хараанд өөрөө ороод ирдэг нь гаслантай. Эхийгээ үүрд босож ирэхгүйг ойлгохгүй хөөрхий янзагыг цусаа асгаруулан хэвтэх эхийгээ бараадан ирэхэд нь анчид буудчихдаг. Тэртэй тэргүй ганцаараа амьдарч чадахгүй учраас янзагыг зовоолгүй “буян” үйлдэж байгаа нь тэр гэнэ лээ. 240-470 кг жинтэй нүсэр амьтны ердөө л дөрвөн годыг авах гэж хүмүүс тайгыг цусаар буддаг болжээ. Хүн гэгч араатан 120 мянган төгрөгийн төлөө ийм аллага хийдэг гэхээр хэлэх муу үг олдохгүй нь.

Хандгай цаа бугатай адил цас малтан, өвс гаргаж иддэг тул шилбэнийх нь арьс хатуу, үс нь халцардаггүй онцлогтой. Тэгээд ч цааны арьстай ойролцоо цайвар өнгөтэй тул гутал хийхэд тохиромжтой, цааны хаас ч гоё, гялалзсан гутал болдог аж. Хандгай цааг бодвол том амьтан ч гэлээ дөрвөн годоор нь нэг гутал хийж хүрэхгүй. Тиймээс нэг гутлын годтой харихын тулд анчин доод тал нь 2-3 хандгай намнадаг. Нас бие гүйцсэн гурван хандгайн годоор хоёр гутал, биеэр бага хоёр хандгайн годоор нэг гутал хийдэг. Агнасан хандгайнхаа дөрвөн годыг өвчиж, эврийг нь олон жижиг хэсэг болгон хөрөөдөж авна. Тэр том амьтнаас хулгайн анчдын авдаг зүйл ердөө энэ. Хууль бусаар ан хийж яваа тул баригдахгүй байхаа бодолцож ингэдэг гэнэ. Тэд хилийн цэрэг, цагдаа, байгаль хамгаалагч, хүнд харагдаж, баригдалгүй хурдан зугтахын тулд хөтөлгөө морьтой явдаг аж. Хөвсгөл аймгийн нэг иргэн 2012 онд ийм ан хийгээд баригдаж, таван жил хорих ялаар шийтгүүлжээ. Иргэдийн мэдээллээр түүнийг илрүүлсэн байна. Түүнээс биш хурдан буутай, хөтөлгөө морьтой, газар сайн мэддэг анчдыг барьсан нь бараг үгүй.

Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх “Годон гутлыг Хөвсгөлд 500 мянгаас 700 мянган төгрөгөөр зардаг. Хандгайн годоор хийсэн гутал хамгийн үнэтэй нь. Хөвсгөл аймгийн Хатгал суманд гэхэд л годон гутал хийж зардаг хүн олон бий. Тэдэнд цаа, хандгай, бугын год авчирч өгдөг, авч гутал оёдог, зардаг хүмүүсийн бүхэл бүтэн сүлжээ үүсчихлээ. Одоо ч гутлаа оёж байна. Тэд годон гутлаа Хөвсгөлийн брэнд гэж жуулчдад зардаг юм. Үүний цаана хууль бусаар ан агнасан хэрэг нуугдаж байгаа. Цаа, хандгай, бугын годон гутлын цаана үйлдэгдэж буй байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаар хэн ч дуугарахгүй юм. Ямар ч байцаагч үүнд санаа зовохгүй байна. Хандгай агнасан хүнийг би үйлдэл дээр нь барьж байсан удаатай. Манай эндхийн тайгад хандгай тун цөөн. Чандмань, Цагаан-Үүр суманд л цөөвтөр байдаг. 2012 оны арваннэгдүгээр сард хийсэн тооллогоор Хөвсгөлийн тайгад зэрлэг цаа 100-гаад үлджээ гэсэн баримжаалсан тоо гарсан. Түүний 30-аад нь Хөвсгөл нуурын зүүн эрэгт байгаа бололтой. Зэрлэг цаа бараг устсан даа. Ой тайгад үргэлж явж байдаг би гэхэд зэрлэг цаа огт хараагүй” гэж ярив.

Манай орны хамгийн том амьтан болох хандгай өндөр үнэтэй нэг гутлаас болоод ийн хулгайн анчдын овоо хараанд өртөж, анхны цас орсон цагаас хурдан бууны суман мөндөрт хядуулсаар. Байгальд дөнгөж 10 жил амьдардаг энэ богинохон настай амьтныг агнасаар байгаад үргээж, үүрд хил давуулчихвал манай улс хандгайгүй болно. Нуур руу яг л усны амьтан шиг орчихдог хэмээн харсан хэн ч хачирхаж, басхүү сүрлэг сайхан амьтан гэж бишрэн ярьдаг хандгайг “Улаан ном”-д үүрд үлдэх тавилан хүлээж байна. Шивэр хандгай, цаа буга зэрэг Монголд устаж буй амьтны удмын санг хадгалж, биотехнологийн орчин үеийн дэвшилт аргаар үржүүлэх ту хай ярьж буй өнөө цагт эдгээр амьтныг нэг гутлын төлөө ийн хядаад байж боломгүй. Засгийн газрын 2011 оны 277 дугаар тогтоолоор Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах үндэсний хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрт “Нэн ховор, ховор амьтдын байршил нутгийг хамгаалахад түлхүү анхаарч ажилласны үр дүнд шивэр хандгай, шилмүүс мий, хавтгай, мазаалай, монгол бөхөн, зэгсний гахай, тахийн тархац нутгийг бүрэн хэмжээгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамрууллаа” хэмээн тэмдэглэсэн байв. Тусгай хамгаалалттай нутгаа тэгээд ингэж хамгаалдаг болоод нэн ховор амьтдыг анчид сүйтгээд байгаа хэрэг үү.

Өндөр үнээр зардаг нэг гутлын төлөө хядуулж буй гурав дахь амьтан бол буга. Хятад, солонгосчууд эврийг нь өндөр үнээр авдгаас болоод хядуулж байсан энэ амьтан өдгөө бууны овоо хараанд дахиад л онилогдов. Өвөл үс нь цайвар бор болдог агаад хоёр бугын годоор нэг гутал хийдэг. 1980 онд 140 мянган буга Монгол орны ойд бэлчиж байсан бол өдгөө 8000 болтлоо цөөрчээ. Годон гутлаас болоод золиослогдож буй дөрөв дэх амьтан нь дархадын цагаан адуу. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх суманд цөм сүрэг нь байдаг энэ адуу яг л цаа буга шиг тайгын царам, уулын таг хавиар, 40-60 см зузаан цастай газарт үхрийн эвэр хуга хөлдөм хүйтнийг тарга тэвээргээ алдалгүй давж гардаг тэсвэртэй мал. Цаа бугаас ялгаатай нь энэ адуу цасан охин шиг эмзэг биш. Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицсон, хаана ч амьдрах чадвартай тэнгэрлэг амьтан. Намаг балчиг, халуун нар, зуд гээд байгалийн бүхий л өөрчлөлтийг ажралгүй давдаг энэ адууны зүс нь голдуу цагаан бүгээн байдаг онцлогтой. Монгол оронд буй дархад адууны 68.5 хувь нь ийм зүсмийнх гэнэ. Тэгээд арьс нь зузаан болохоор цааных шиг гутал хийхэд яг тохирдог. Дархадын цагаан адуун дунд зартай хурдан хүлэг олон бий ч хүлэг бүр хурдан биш, хүн бүр уяач биш учраас хөвсгөлийнхөн маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр хэмээн үздэг болжээ. Хандгайтай адил зөвхөн дөрвөн шилбэнийх нь арьсаар л гутал хийдэг тул хоёр адуугаар тогоо тосолж байж нэг гутлын арьстай болдог

Монголын хаад, Богдод өргөн барьж байсан есөн цагаан адууг нийлүүлэн, малладаг байснаас дархад адуу үүссэн гэх яриа бий. Нэгэн цагт бэлэг бэлгийн дээд болон хүндлэгдэж, тэнгэрийн салхинаас бусдыг нуруундаа хүргэлгүй явсан энэ адуу бидний үед гутлын шир төдийхөн болоод дуусах ёсгүйсэн.

Тэжээвэр цаа, дархад адууг идэш уушиндаа хэрэглэхээр төхөөрсөн үед годоор нь гутал хийж болох юм. Харин буга, хандгайн годон гутлыг шууд хураан авч, улсын орлого болгож байхгүй бол зөвхөн хулгайн анчидтай тэмцээд нэмэргүй.

Үрээгээ танихгүй баян аймгийн нэг, 2012 оны тооллогоор улсдаа хамгийн олон мал тоолуулсан, хонь, ямаан сүргээ өмнөх жилийнхээс өсгөж, богийн тоогоор улсад хоёрдугаарт орж буй хөвсгөлийнхөн өнөөдрийн хэд гурван төгрөгнөөс болж дөрвийн дөрвөн амьтныг сүйрүүлж суух ч гэж. Тайгын цаатнуудад ямаа, адуу, брезинт өглөө л гэнэ. Цаа, ямаа хоёрыг хамт маллаж болдог бол цаатнууд өдий хүртэл өөрсдөө мянгат ямаачин болоод хаврын хаварт ноолуурынхаа мөнгөөр элбэг хангалуун амьдрах байсан биз. Болдоггүй болоод л цаанаас өөр малгүй, цармаас өөр нутаггүй өдий хүрсэн. “Цаатан” фестиваль, 1000 цааны баяр хийлээ ч сумын төвийн хэдэн цаатан хоёр гурван өдөр гадаад, дотоодынхны нүдийг баясгахаас өөр цаатнуудад наалдсан зүйл үнэндээ алга. Өндөр үнэтэй годон гутлаа цаатнууд өөрсдийн брэнд болгож чадалгүй алдчихлаа. Цааных нь садан буга, хандгай бас гутал болоод дуусах нь. Хүний бараа тоотойхон хардаг цаа, цаатан хоёрт хань болох амьтан ч үлдэхгүй янзтай. Тайга гасалж байгаа даа.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7213030/21c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3309 Нөхрийнхөө талаар бусадтай хуваалцаж болохгүй зүйл 2016-09-23 15580
3308 БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгчдээс шалгалт авлаа 2011-09-05 15521
3307 АЯГА КОФЕНИЙ ТҮҮХ 2013-04-09 15164
» ЦАГААН ТАЙГЫГ УЛААНААР БУДСАН БИЗНЕС 2013-04-17 15135
3305 Л.Байгальмааг өөр шоронд шилжүүлжээ 2010-07-30 14953
3304 Үндэсний Үйлдвэрлэлийн шинэ сонголт “Oulen” цамц 2013-04-09 14800
3303 Б.СУВД: МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ХУВЦАСНЫ ТҮҮХЭНД ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ 2013-02-14 14694
3302 ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАХ Н.НАРАНБААТАРЫН ГАЛТ ТЭРЭГ [1] 2013-05-15 14688
3301 Монголдоо анхдагч тэргэнцэр засвар үйлчилгээний төв нээгдлээ 2013-05-01 14307
3300 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2562 АЙЛЫН ГАЗАРТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ 2013-03-20 14295
3299 АСААЛТЫН АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ [3] 2013-01-22 14184
3298 Далай ламын цахим хуудас монгол хэлээр 2013-03-27 14151
3297 АВСТРИ, ЯПОН, ПОЛЬШ УЛС МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛЫГ СОНИРХОЖ БАЙНА 2013-04-23 14073
3296 ШИНЭ ОНГОЦ 11.700 КМ ЗАМЫГ ТАСРАЛТГҮЙ ТУУЛЖ, ЭХ ОРОНДОО ГАЗАРДЛАА 2013-05-16 14049
3295 Ерөнхий сайд шилдэг залуу зохион бүтээгчдэд шагнал гардууллаа 2013-05-13 13947
3294 Монголд анх удаа хүзүүнд хиймэл нугалам суулгах хагалгаа хийлээ 2013-03-29 13890
3293 Н.Төгсцогт Казанийг зорино 2013-04-16 13875
3292 ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ЦОГЦОЛБОР БОЛОН ӨРГӨЖНӨ [1] 2013-05-13 13870
3291 Монголын жааз хөгжмийн хаад 2013-03-15 13866
3290 Английн электро рок хамтлаг Монголын хүүхдүүдэд тусална 2013-04-23 13826
배너신청
자생병원

배너신청