Бичлэгийн тоо 497

Хууч яриа

Уншсан 19591 vote 0 2009.07.18 00:06:13

Дуу цахилгаантай ширүүн борооноор хаа нэгтээ нуусан эрдэнэс ил гарч ирвэл харсан хүн нь авах ёстой гэсэн домог бий. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутагт Булгийн хошуу хэмээх газарт алмааз эрдэнэ бүхий үнэт эдлэлүүд нуусан гэнэ. Эдгээр эрдэнэсийг газарт булсан уу, хаданд далдалсан уу гэдэг нь таавар хэвээр байгаа аж. Ширүүн бороотой, тэргэл сартай шөнө нууц задрах бөгөөд хувьтай ганцхан хүнд л харагдаж, тэр хүн эрдэнэсийг авах учиртай.

Үсээ үргээлэх найранд түрүүлсэн бөх

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Улсын начин, гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очирын барилдаж эхэлсэн түүх содон. Түүний даахийг 5 настайд нь авчээ. Тэр ёслолд зориулан зохион байгуулсан хүүхдийн барилдаанд найрын эзэн түрүүлж, нутгийн зон олны хайр, өхөөрдлийг зэрэг зэрэг хүлээсэн нь ирээдүйн амжилтын эхлэл болжээ.

Соёмбот толгой

Их тэнгэрийн амны зүүн талд байрлах шовх оройтой уулыг Умаа хум толгой гэж нэрлэдэг байв. Богдын ундны усыг ариусгах зорилгоор өндөр гэгээн Занабазарын удмын хүн жүн ван Юндэндоржийн санаачилгаар Зайсангийн амны доод боргионы эхэнд уулын ар дээр 1837 оны үед Умаа хум гэсэн үгийг төвдөөр цагаан чулуугаар шигтгэн бичсэнээс уг толгойг Умаа хум толгой гэх болжээ. Тухайн үедээ Умаа хум үсгийн туяа Туулын уснаа тусч хүмүүс хир буртаг муу муухай зүйлээ угаахгүй усаа цэвэр байлгахыг эрхэмлэдэг байжээ. 1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Умаа хум үсгийн оронд Соёмбо тэмдэг шигтгэснээр Соёмбот толгой болжээ.

Шэжигтийн хавцал

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт орших Шэжигтийн хавцлыг холын зочид гийчид хэрэг болгон зорих нь бий. Уулсыг хаяалсан нарийн хавцлаар "сүр дуулиантай" буух их усыг баруун монголчуудын шүтээн Ховд голынх. Шэжигтийн хавцал хэмээн нэрлэгддэг нь тэрхэн газар ориглон хүрхэрч, хөөс хаялан хурдлах их усны чимээ зорьж ирсэн хүнийг ариусгах шидтэй. Зэрэгцэж зогссон 2 хүн хоолой шахан хашгирч байж дуу дуугаа авалцахаас аргагүйд хүрдэг үед монгол цэргүүдийг олон удаа аварч байжээ. Бууны дуу ч үл сонсогдох их уснаас сүрдсэн манж цэргүүд хавцалд айгаад ойртдогүй байсан гэдэг. Шэжигтийн хавцал том том үхэр чулуутай. Энд зөвхөн байгалийн дуу чимээ ноёлдог. Нутгийн зарим иргэд хавцлын хажуугийн хавтгай дээр хонож өнжөөд явах нь элбэг. Учир нь түрхэрсэн их усны чимээ ядаргаа тайлан оюуны цэнэг өгдөг гэх. Үүнийг ертөнцийн бус дуу авиа гэж тайлбарлагсад ч байдаг аж. Шэжигтийн хавцлын сар нь хүртэл усны хэлээр дуулдаг гэж домогт өгүүлдэг. Эрт цагт харийн ноёны гэргий болохоос татгалзсан гоо бүсгүй энэ хавцалд ирэн амь хоргодож, эцэст нь усанд амиа өргөсөн тухай нутгийнхан хуучлах. Бүсгүйн нулимс ус болон урсч, сэтгэлийн зөрчил нь дуу чимээ болон үлдсэн гэх.

Дархлагдсан уул

Архангай аймгийн Тариат сумын нутаг Тэрхийн голын хойд хөндийд хадан хясаа эмжээр бүхий нэгэн том уул бий. Түүнийг Дархан уул хэмээнэ. Энэ уул оройгоо эмжсэн сэрвэн хадан хясаатай. Хясааны нэг хэсэг цөмөрсөн юм шиг ар хойшоогоо унаж буй мэт тогтоцтой. Голын хөндийгөөс бол шүд нь унасан арслан шиг харагдана. Эрт цагт хүч чадал нь багтаж ядсан баатар эр Тэрхийн голын баруунд дүнхийх Баясгалан уулан дээр зогсон, нум сум агсаж, Дархан уулын сэрвэн хясааг харваж, сэт цохин унагажээ. Ийнхүү тэнд байсан асар том биетэй, хорт амьтныг дарсан хэмээн ярилцдаг. Хожим нь тэр ууланд дайн тулаан хийж, ирт мэс хүргэхгүй хэмээн дархалж эл нэрийг хайрласан гэдэг. Баатар эрийн зогссон гэх Баясгалан уулын оройд холбоо нуур тогтсон нь буй. Хэлбэр нь яг л гутлын ул шиг харагдана.

Есөн хүйтний учир

Ах дүү есөн залуу байж. Есүүл гоо сайхан эрс гэнэ. Харамсалтай нь тэд нэг л охинд дурлачихжээ. Үзэсгэлэн төгөлдөр бүсгүй хойд туйлаар нутагтай цасан хатны ганц охин аж. Охин хэнийх нь ч дурлалыг хүлээж авсангүй. Хайрандаа шатаж, бас нэг талаар гонсойсон эрс цасан хатанд бараалхан охиныг гуйжээ. Үзэсгэлэн гоо охины ээж ах дүү есөн залууг ордондоо урьж, идээний дээжийг сөгнөсөн боловч хэнийг нь ч хүргэнээ болгохоос татгалзжээ. Дурласан есөн залуу "Тэгвэл бид таны албат болъё" гэж гуйжээ. Төгс үзэсгэлэнт бүсгүйн царайг хааяа ч болсон харах гэж шийдсэн нь энэ байв. Цасан хатан зөвшөөрч, гэхдээ тэднийг жилдээ ганц удаа ээлж дараалан нутгаа эргэхийг зөвшөөрөв. Мөсөн туйлын хатны зарлигаар ах, дүү есүүл хамгийн богино өдөр, урт шөнийг зарладаг 12.22ноос 3-р сар гарч яргуй дэлбээлтэл ээлжээр нутагтаа очих болжээ. Тэд хүйтэн цас, өвлийн жаврыг унаа болгон хөлөглөн ирдэг гэнэ.

Бурхан өршөөг гэх нь үхлээс авардаг

Эрт үед нэг лам томуу туссан хүүхэл эмчлэхээр явж байв. Зорьсон айлдаа дөхөж явтал цагаан хувцастай, хувхай цайсан царайтай нэгэн таарчээ. Тэр хүн: -Чи хаачиж явна гэхэд лам, -Өвчтэй хүүхэд үзэхээр явж байна гэв. -Би түүнийг авч явна. Найтаах үед нь дагуулаад явна гээд өнөөх хүн харанхуйд уусан алга болжээ. Лам гахйн, дотроо эвгүйцсэн боловч амандаа тарни уншин цааш явлаа. Зорьсон айлдаа очтол хүү тайван унтаж байв. Лам судсыг нь барьж үзээд, эм боожээ. Хүүг сэрэхэд дэргэд нь өнөөх замд таарсан хүн сууж буй нь ламд харагджээ. Бусад хүмүүст тэр харагдахгүй байгаа болотой, хэн ч анзаарахгүй юм гэнэ.  Найтаахад нь өнөөх хүн гараа сунган хүүд хүрэхийг завдахад лам "бурхан өршөөг" гэчихэв. Тэр гар хүрч чадсангүй. Ийн хүүг найтаах бүрт лам "Бурхан өршөөг" гэсээр байгаад эрлэгийн элчийг явуулжээ. Найтаахад "Бурхан өршөөг" хэмээдэг нь ийм учиртай аж.

Уйлдаг улиасны домог

Үр хүүхэдтэй болохыг хүсдэг бүсгүй байж. Сэтгэлийг нь дэвтээн, энгэрийг нь дүүргэх шинэ хүн түүнд заяасангүй. Ханилсан хань нь орхин одож, бүсгүй ганцаар үлджээ. Намар оройхон ойд түлээ бэлтгэж яваад эхээсээ төөрсөн хоцорсон бамбарууштай таарчээ. Үнгэсэн малгай шиг царай муутай тэр амьтныг дагуулаад харьсан ажээ. Эзэнгү ойд ганцаардсан бамбарууш ч бүсгүйг элгэмсэн дагажээ. Үст амьтан боловч мөнөөх ойн үр садыг эмэгтэй хүүхдээсээ өөрцгүй өсгөжээ. Том баавгай болсон хойноо ойн эзэн түлээ мод, усыг нь дөхүүлж, муухан хүнээс илүү нэмэр болов гэнэ. Гэвч амьтан л юм хойно хээрийн амьдралаа хөөн одож, ичээгээ бараадах нь элбэг. Он жил өнгөрч, нэгэн хавар ичээнээсээ дөнгөж гарсан хүү баавгай ээжийгээ хайсаар ирэхэд бүсгүй урт өвлийг дуусгалгүй бие барж, нутгийнхан хөдөөлүүлсэн байж. Баавгай үнэрээр нь хөөсөөр нутаглуулсан газрыг нь олж хэдэн өдөр тэндээ хөдлөлгүй хэвтжээ. Тэгээд ойгоос улиас модыг үндэс шороотой нь булга татан авчирч тэр газраа суулгасан гэдэг. Улиасны хормойг даган 2 жижиг булаг оргилж, хэдхэн метр урсаад шороонд шингэх болжээ. Завхан аймгийн Тэс сумын нутагт байх энэ модыг нутгийнхан уйлдаг улиас гэлцэх.

Гүнжийн нуруу

Халхын нэгэн ноён манжийн хааны хүргэн болж. Манжийнхан ч охиноо худынхаа нутгаар аялуулсан гэнэ. Бүтэн сар аялаад буцах болоход нь монгол ноёны аав "За бэр минь ой мод, араатан жигүүртэн бүрэн, ус, ургамал тэгш нэг уулыг чамд бэлэг болгон өгье" гэжээ. Нутагтаа очоод гүнж хадмынхаа бэлэглэсэн уулын тухай ярихад манжийн хаан "Энэ монголчуудын ухааныг яалтай. Ямар аваад явж чадах юм биш гэсэндээ уул бэлэглэн маныгаа мэхэлсэн байна" хэмээн толгой сэгсэрсэн гэдэг. Харин нөгөө улыг Гүнжийн нуруу хэмээн нэрлэх болж.

Говийн гурван сайхан

Харсан хүн саатаж үлдэм хангайн сайхан Янжин гэж байж. Сайхан бүсгүйн тухай жинчин, тууварчдын дунд үлгэр мэт яригдсаар их говиор нутагтай Лувсанд хүрчээ. Говийн сайхан Лувсан гэгддэг шавилхан залуу Янжинг олж уулзахаар хөтөлгөө морьтой холыг зорьсон аж. Хүрээд очтол сайхан саарал морьтой, эр хүн шиг исгэрэн давхиж, адуу манах хэрнээ, ээзгий ааруул талбисан ер бусын гоо бүсгүй угтжээ. Залуус бие биедээ татагдаж, 3сар ханилж гуниггүй хайр хэлхжээ. Лувсан нутаг буцаж, хөгшин эхийнхээ амар мэндийг эргэхээр яваад дахин 3 сарыг элээж. Энэ зуур хангайн сайхан Янжинг Манжийн ноён хүүдээ бэр буулган хүчээр авч одсон аж. Янжин сайхан саарал морио нутгийн айлд захиж үлдээгээд Лувсанг ирвэл өгөөрэй хэмээн үгээ хэлжээ. Сайхан Янжинг авахаар ирсэн Лувсан уг нутгийнхан нь баригдаж, уул даваа нь өнчирснийг үзээд ихэд гуниглан дуулж суутал сайхан саарал морь түүнийг танин гүйж ирсэн байна. Лувсан сайхан саарал морины хүчээр Янжингаа эргүүлэн авчирч, гурвуул нутаг сэлгэн говьд суурьшин амьдарчээ. Говь гурван сайхны тухай домог ийн болой.

Чоно хадны домог

Эх чонын тухай ийм нэгэн домог байх. Жил дараалан бэлтрэг төрүүлдэг, муухан азарган чононоос илүү сүрэгтээ нөлөөтэй, омголон, хүчирхэг гичий чоно байж. Дэндүү олон дайсантай тэр амьтны үр төлөөс нас биед хүрч бойжсон нь үгүй. Догшин, ууртай эцэг нь зулзагаа барьж ноцон, зарим тохиолдолд нутгийн анчид хэдэн бэлтрэгийг нь суйлан авч одсон байх. Гэвч эм амьтан болоод тэр үү, дасч элгэмссэн үүр ноохойгоо орхисонгүй. Нутаг сольж дайжсангүй. Дэргэдээ бэлтгэрээ дагуулан хурдалж үзээгүй эх чонын харуусал, өширхөл тээсэн улиан уул хадаар намартаа л нэг цууриатах. Сүргээ гүйцэхгүй шахам болж, өтөлсөн хойноо өнөөх гичий дахиад л өөрт нь хэзээ ч ээлээ өгөөгүй үүрэндээ ирж төржээ. Таван бэлтрэгтэй болж. Нэг удаа холхон анд яваад ирэхэд нь хэдэн бэлтрэгийг нь анчид бас хулгайлан оджээ. Гичий дахин ан хөөсөнгүй. Тэр байтугай үүрнийхээ амыг таглаж хэвтчихээд огтхон ч хөдөлсөнгүй. Шөнө бүр гомдол тээсэн улилт нь уулсыг өртөөлөн, хавь ойрынхоо элгийг эмтэлж гүйцжээ. Сарын дараа анчид гичийн нутагладаг хайрханыг эргэхэд хэдийнэ сураггүй болсон байж. Үхсэн, эсвэл төрлөх голомтоо орхин нүүсэн алин болохыг хэн ч мэдэхгүй. Харин гичиний 20 шахам жил үүрлэсэн хадыг Чоно хад хэмээн түүнээс хойш нэрлэх болжээ. Тэр нутагт дахин чоно үзэгдсэнгүй. Салхитай үед Чоно хад улих мэт исгэрдэг гэнэ. Чоно хад Завхан аймгийн нутагт бий.

Бурханд халдсаны учир

Онон мөрний эх Бурхан Халдун уулнаа Бөртэ чоно, Гоо маралын хамт анх ирж монгол үндэстэн үүсчээ. Тэр үеийн шашин шүтлэг нь бөө мөргөл байв. Бөө бол мөнх хөх тэнгэрийг шүтдэг шашин. Энэ үеэс хүмүүс Бурхан Халдун гэж нэрлэсэн уулан дээр гарч бурхантай ярилцдаг байв. Монголын эзэнт гүрэн байгуулагдахаас хэдэн зууны өмнө бурхан тэнгэртэй ярилцах уламжлал тогтсон гэж судлаачид үздэг. Тэмүжин Гурван мэргэдид хөөгдөж яваад Бурхан халдунд хоргодохдоо эгэл бус энэ хайрхныг үргэлж тахиж байх тангараг өргөдөг. Тэгэхдээ бүсээ хүзүүндээ эрхи мэт өлгөж, малгайгаа гартаа сэгэлдэрч, гараараа өвчүүгээ дарж, наран өөд хандан, Бурхан халдунд есөнтөө сөгдөж өчил өчин дэлхийг ганц хаантай болгох гэсэн зорилгоо тэнгэртэй хуваалцсан гэдэг. Ямартаа ч гэсэн монгол түмний эртний уламжлалыг эдүгээ нутгийн ардууд үргэлжлүүлэн хийхийг эрмэлзэж, тэнгэр бурхантайгаа харилцдаг гэх. Бурханд халдах боломж олгодог энэ уул эзэн Чингисийн нэг л асуултанд хариулаагүй хэмээсэн домог бий. Тэр нь Тэмүжин Есүхэйн хүү мөн үү гэсэн ээдрээтэй асуулт ажээ.

Ар, өврийн хангай

Монголын төв хэсэгт орших зан заншил, амьдралын хэв маяг адилхан, байгалийн ерөнхий тогтоц ижил хангай нутгийнхныг ар, өврийн гэж "ангилах" болсны нууц их эртнийх. Засаг захиргааны аймагчлан хуваасан хэлбэр сураггүй байх үед, хэдэн зууны турш ар, өврийн хангайнхан гэж зон олон энэ нутгийг ялган овоглодог байж. Учир нь арын хангайн сүрлэг уулс хойгуураа модтой, өврөөрөө нүцгэн байдаг бол өврийн хангайн өндөр оргилууд үүний эсрэг өврөөрөө ойтой, араараа айл нөмөрлөх модгүй аж. Байгалийн энэ сонин тогтцыг анзаарч мэдсэн монголчууд ар, өдрийн хангайг "алагчлан" нэрлэсэн нь энэ аж. Адуундаа сүсэлж, айргаа дээдэлж амьдардаг ар, өврийн хангайд аянга, цахилгаан айлчлах нь элбэг. Гэхдээ өврийн хангайнхан үүнд өртөх нь харьцангуй олон. Үүний нууц нь өнөөх уул нөмөрлөж, ой хөвчийг арлан, өвөрлөн ургасан "байршлын онцлогтой" холбоотой гэж судлаачид тайлбарлах аж. Уулын өвөрт ургасан ой нарны эрчим хүчийг илүүтэй хураадаг байна.

Юндэн, Нансалмаа хоёр

Дундговь аймгийн "Их газрын чулуу"-дын дунд янз бүрийн хэлбэр дүрстэй хад чулуу бий. Хүн шиг харагдах хоёр хадыг урьд нь хаан, хатан гэж нэрлэдэг байж. Баруун талын "хүн" нь арай өндөр. Баруун тохойдоо аяны богц тохож, зүүн гараа хажуу талын "хүний" мөрөн дээр тавьсан мэт харагддаг хад бий. Зүүн талынх нь арай намхавтар, эхнэр хүний өмсгөлтэй юм уу гэмээр. Тэргүүнээ яльгүй гудайлган хоорондоо салж ядан буй мэт харагддаг аж. Үүнээс ургуулан сүүлийн үед уг хадыг нутгийнхан нь Юндэн, Нансалмаа хоёр гэх болжээ.

Сангийн далай яагаад давстай болсон бэ

Дорнод аймагт Сангийн далай гэдэг давстай нуур байдаг. Халхын То ван Манжийн өвөрлөгч хошууны ноёнтой 1000 тэрэг давсны оронд мянган бяруу өгөхөөр хоног хугацаа хатуу товлосон хэлцэл байгуулжээ. Гэтэл өвөрлөгч хошууныхан амласан хугацаанаасаа хоцорч ирж гэнэ. То ван "Манай давсны хэрэгцээ хангагдсан. Аваад буц" гэж тэдэнд хатуурхжээ. "Бид үүнийг авч буцаад яах вэ, энд нь асгачихъя" гэж гуйхад "Битгий нутаг ус бузарлачих" гээд огт халгаагаагүй аж. Нэлээд гуйлгасны эцэст То ван "Тэгвэл асгах газрыг нь би зааж өгье" гээд Сангийн далайн тойром усанд хийлгүүлжээ. Ингэж нутгийнхан нууранд цэвэр давс ургуулж давсны орд газартай болсон домогтой гэдэг.

Тонгорогийн давааны домог

Хангайгаас говийг зорин баячуудын адууг хөөж, ядууст тараадаг шилийн сайн эрсийн зүрх алдан туулдаг даваа байх. Зөвхөн оройн хэсэг нь л гэхэд 10-аад км үргэлжилдэг энэ даваа заримдаа усны эх, уулын оргилыг бараадаж явдаг сайн эрсэд аврал болох нь бий. Өврийн сайхан хангайгаас Хүйсийн говийг зорин гурван азарга адуу тууж гарсан нэгэн сайн эр араас нь хөөсөн нэхүүлүүдйиг төөрүүлж орхихдоо тонгоргоо судагт гээсэн дүр эсгэн амь мултарч, зам буруулж байж. Тиймээс энэ давааг Тонгорогийн даваа гэх болжээ. Тэгээд ч Тонгорогийн даваа эгц халил, тонгоруу огцом замтай аж. Өвөрхангай, Баянхонгорын нутгийг холбон Тонгорогийн даваа орших бөгөөд эр хүн жилдээ нэг гарч хийморио сэргээдэг гэсэн үг бий.

Уран тогоо уулын домог

Эрт дээр үед юм гэнэ. Засаг ноёны охиныг Урангоо гэх. Тэдний эцэг нь хэдий харгис, харамч ч охин нь сайхан сэтгэлтэй байсан юм. Тэр нутагт хурааж цуглуулсан хөрөнгөгүй Эрдэнэхуяг гэж залуу байжээ. Эрдэнэхуяг уран дархан бөгөөд нутгийн ард түүгээр сийлбэртэй данх, мөнгөн аяга мэтийн зүйл хийлгэнэ. Тэр өөрийн гараар урлаж хийсэн нэг уран тогоотой. Айл аймгийнхны гарыг нь цайлгасан юмаар гэдсээ "дайлж" хээр хөдөө голдуу уран тогоондоо будаатай цай пурхийлгээд л суух. Эрдэнэхуяг Засаг ноёны охинд сэтгэл алдарчээ. Урангоо ч түүнд сайн. Хааяа уулздаг болов. Засаг ноён энэ хоёрын явдлыг мэдэээд Эрдэнэхуягийг холын холд цөлж орхив. Урангоо богц дүүрэн хурууд үүрээд Эрдэнэхуягийн араас гарчээ. Эрдэнэхуяг нутгийн зүг, Урангоог зорин гэлдрэв. Тэд уулзаад уран тогоондоо дал чанаад сууж байтал Засаг ноёны цэргүүд мөшгин Эрдэнэхуягийг хороож Урангоог хүчээр авч одов. Дал чанасан тогоотой шөл үлдэв. Эдүгээ Хөвсгөл аймгийн нутагт байх энэ домогт уулыг Урантогоо гэж нэрлэсэн учир ийм аж.

Пунцаг овоо

Эрт цагт гоо үзэсгэлэнт нэгэн бүсгүй байжээ. Бүсгүй нутгийнхаа залуусыг огт тоодоггүй байж. Гэтэл алс нутгийн аянчин Пунцаг тайж хэмээх сайхан залуу тэр гутгаар дайран өнгөрөх болж гэнэ. Залуу нөгөө бүсгүйтэй учирч, тэд хайр сэтгэлтэй болов. Пунцаг тайж нөхдөөсөө хоцрон энэ нутагт саатан үлдээд хоёул ханилан суусан гэнэ. Нутгийн залуус гоо бүсгүйг харь хошууны хүнтэй ханилсанд дургүйцэж атаа хорсохдоо нөхрийг нь хороожээ. Пунцагийг тайж хүн байсан учир нэгэн галт уулын өрх амсарт, хул мориных нь хамтаар бунхлан оршуулсан гэдэг. Түүнээс хойш тэр галт уулыг Пунцаг овоо хэмээн нэрлэжээ. Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Их Богдын зүүн жигүүр, Жаран Богдын шилд орших нэгэн бага унтарсан галт уулын тухай ийм домог байх ажээ.

"Хулсан ташуур"-ыг хун дуут Дорлиг зохиосон

Архангай аймгийн хойд хэсэг, Тамир хавиар нутагтай, гүний охин Гүнжидмаа гэж сайхан хүүхэн байжээ. Тэрбээр Булганы Яргайтын голын ядуу ард хун дуут Дорлиг гэдэг сайхан дуулдаг залуутай ханилж суухаар болоод байж. Дорлиг Бээжинд жин тээж очиход пүүсний данжаад барааг нь зүгээр авах гэснээс болж муудалцан баригдаж, бүр хоригджээ. Гэвч тэндээс оргож гараад эх нутгаа бэдрэн эцэж туйлдан явахдаа "Хулсан ташуур" хэмээх дууг зохиож гэнэ. Нутагтаа ирээд хайртай хүүхэнтэйгээ уулзахад нь хошууны "урт хошуутангууд" тамгын газар мэдэгдсэнээс Дорлигийг мөн л барьж, улмаар манж амбанд хүргүүлэхээр үхэр тэргэнд хүлээд авч явжээ. Тэгэхэд нь нутгийн залуус Дорлигийг булаахаар шийдэж. Тэд зэвсэглэн хоноглох газрыг нь тосов гэнэ. Энэ тухай Гүнжидмаа бүсгүй өндөр уулын оройгоос дуулан мэдэгджээ. Төлөвлөгөөг мэдсэн Дорлиг ч бэлтгэлтэй байж, орой болж, од мичид түгэхийн цагт нөхөд нь дайрч залууг суллаж авчээ. Дорлиг, Гүнжидмаа хоёр нутаг хошуу алгасан явж, одоогийн Завхан аймгийн нутагт амьдарч байгаад баруун Сүндийн хошуунд таалал төгссөн гэдэг. Энэ дуу нийт 27 бадаг аж.

Хөндлөнгийн даваа

Бяр тэнхээ ихтэй ч ядуу тарчиг амьдралтай Архай хэмээх нэгэн эр урьд амьдарч байсан юмсанж. Тэрбээр овоо, хошууны наадамд зодоглохдоо хажуу тийшээ харан зогсч өрдөг болохоор нутгийнхан "Хөндлөн" хэмээдэг болжээ. "Хөндлөн нэг удаа хошуу ноёндоо бараалхаж "Өндөр дээд эзэнтэн минь өчүүхэн боол надад нэгэн бяруу хайрлаач" гэсэнд цаадах нь "Мөр гаргахгүй, цус урсгахгүй аваад явж чаддаг юм бол тэнд бэлчиж яваа үхрээс дуртайгаа ав" гэх нь тэр. Мань эр ч шарнуудаас нь хамгийн тарганыг нь шилж бариад дөрвөн хөлийг нь хоньчлон боож мөрөндөө өлгөчихөөд явчихаж гэнэ. Ноёны бараа бологчид хойноос нь сэм дагасан ч мөнөөх цөлх эр гурван даваа давахдаа үүрсэн үхрээ газарт хүргэлгүй ганцхан удаа мөр сэлгэн үүрээд гэртээ харьсан юм байх. Үүнийг сонссон ноёнтон ам алдвал барьж болдоггүй гэгч болж, толгой сэгсрэн гайхаж байжээ. Тэр цагаас хойш Архайн мөрөө сэлгэсэн давааг Хөндлөн хэмээн нэрлэх болсон ажээ.

"Тасархай" чулуу

Алс баруун хязгаар нутагт Сартагтай гэж аварга биетэй эр байжээ. Эх оронч, үндсэрхэг үзэлтэй Сартагтай харийнханд дургүй. Мань эр нэг удаа Тагнын нурууны үргэлжлэл "Ахарын уул"-наас тасдаж аваад төрсөн нутгаа чиглүүлэн шидсэн нь уул болон тогтжээ. Тал хээр хосолсон нутагт нь уул нурууд ховорхон байж. Увс аймгийн хойд талын сумд болох Тэс, Зүүнговийн заагт орших Сартагтай уул буюу "Сар толгой" ингэж үүссэн түүхтэй. Зарим хүн түүнийг "тасархай чулуу" гэдэг. "Сар толгой"-гоос 20-иод км зайд, ОХУ-ын Тувагийн нутаг дэвсгэрт "Ахарын уул" бий. Нутгийнхны дунд "Сартагтай санаагүйдээ үхнэ" гэсэн хэлц үг хэдий нь таржээ. Учир нь баатар эр муу санаагүйгээсээ болж хятадуудад хорлогдсон юм.

Сүүлгүй гүрвэл хаачив

Их говьд аахилан гүйж, эртний үлэг гүрвэлийн "үр сад" болж үлдсэн хонин гүрвэл гайхалтай ажигч амьтан. Улирлын байдлыг даган өнгө зүсээ ялимгүй өөрчилдөг энэ бяцхан амьтан хураалгаатай аргал, заг, зэгс төдийхөнд шургалан, бүр амь тэнцсэн үедээ өчүүхэн жаахан чулууны сүүдэрт ч болов хоргодон хурц нарнаас өөрийгөө өмгөөлж дөнгөдөг. Гүрвэлийн биеэ хамгаалах хамгийн том хэрэгсэл нь сүүл. Хүнд баригдмагцаа сүүлээ хаяад зугтаадаг гүрвэл эрт үед гоёж гангалах дуртай гүнж байсан тухай домог бий. Гүнж нэгэн залууд хайртай болсон боловч эцэг эх нь эгэл жирийн адуучинтай ураг барилдахаас татгалзжээ. Тэгэхэд нь гүнж хол замд саад болох вий гэхдээ шүр оюу шигтгээтэй гоёмсог дээлийнхээ хормойг хайчилж үлдээгээд, амраг залуутайгаа хөтөлгөө морь сэлгэн хошуу нутгаа орхин гарчээ. Гүрвэл сүүлээ гээх болсны учир энэ гэнэ. Өмнөговь аймгийн нутагт Гүрвэлийн сүүл нэртэй том хад бий.

"Шаргалжуут" нэрийн учир

Манжийн дарлалын үед ихэмсэг элч нар Ховд Улиастай орж буцах замдаа Их гол хэмээх голыг гаталдаг байж. Нэг удаа манжийн яаралтай чухал мэдээ авч яваа буухиа элчийг ирэхэд Их гол улаан шараар ус нь эргэлдэн хөөсөрч байжээ. Үүнээс болж манжийнхан уг голыг Шар галзуу гол гэсэн нь Шаргалзуут болсон аж. Түүнээс хойш элч нар аар саархан юманд саатсан ч Шар галзуутын гол үерлээд гэсэн шалтаг тавихад алба саатуулсан гэсэн зэм шийтгэлгүй өнгөрдөг болсон гэнэ. Нутгийнхан голынхоо нэрийг муухайгаар дуудахгүй гэж Шаргалжуут гэж зөөллөн нэрлэх болсон гэдэг. Шаргалжуутын гол Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт байдаг.

Гурван цэнхэр

Холбоо гурван нуур байх. Холын газраас цэнхэрлэн харагдах ах дүү гурван нуур хүйн холбоотой. Өвөлдөө хөлдөхгүй, хургүй зунаар ч ширгэх гэж айлгахгүй. Нуурын ёроолд алт эрдэнэс байдаг тухай нутгийнхан нууцхан шивнэлддэг байж. Харийн амбан энэ тухай сонсоод холбоо гурван нуурыг ширгээж, баялгийг нь өвөрлөхөөр шийджээ. Нутгийн олон нуураа аврах гэж тэнгэрт залбиран гуйгаад тусыг эс олов. Эрэг хөвөөг нь ухаж, элс чулууг нь зөөж эхлэхийн цагт ах дүү гурван нуур ширгэжээ. Ёроолд нь харийн амбаны мөрөөдсөн алт эрдэнэс байсангүй. Харин лусын хааны ордон гэмээр ер бусын зүй тогтолтой агуй л үлдсэн аж. Сарны гэрэлд шөнөөр цэнхэр туяагаар дүүрч, өдөртөө хана нь толин цэнхэр өнгөөр бүүдийн байдаг энэ "ордныг" Гурван цэнхэрийн агуй гэлцэх. Ховд аймгийн Зэрэг сумын нутагт лусын хааны ордон гэгдэх Гурван цэнхэрийн агуй бий.

Хулгайчийн агуй

Хэнтий аймгийн Галшир сумын нутагт Сүмийн чулуу нэртэй уул байдаг. Уулын ханан хадны ёроолд баруун урагш харсан аманд 2 хүн босоогоороо элбэг багтах зайтай нэгэн агуй бий. Нутгийнхан түүнийг "Хулгайчийн агуй" гэх. Ийн нэрлэх болсны учир нь эрт дээр үед алс холоос адуу мал хулууж, хазаар гүйлгэдэг нэг сүрхий хулгайч эр энд орогнодог байсан гэнэ. Хэд хоногоор явж ирээд агуйн хажуугийн сүрлэг хадны дундах бяцхан тойрмоос ус авч хоол, цайгаа хийдэг байж. Мөн сүрлэг хаднуудын дунд морь малаа хашдаг байснаас "морины хорио", уургаа түшүүлэн тавьдаг хадыг "уурга", эмээлээ тохдог хадыг "эмээлийн тавиур" гэх болсон гэдэг. Үнэхээр ч тэгж санагдахуйц сонин тогтоцтой хаднууд байдаг байна.

Хүүхний хөтөл

Ийм нэртэй хөтөл Баянхонгор аймгийн Баянговь сумын нутаг Их Богд уулын ар шилд байдаг. Нутгийн нэгэн залуу санамсаргүй явж байгаад орог нуурын хөвөөнд ногоон торгон дээлтэй үзэсгэлэн гоо бүсгүй саатан, нуурын усанд зүсээ тольдон байхыг харжээ. Залууг хармагцаа хурц ногоог гэрэл цацруулан, хар ногоон зүсмийн усан тэлмэн жороо морь унан Их Богдын уулын ар шилээр давхиж одов. Залуу ихэл гайхан, гэртээ ирээд ээждээ хэлтэл, "Ээ хайрхан минь, Орог нуурын эзэнтэй таарчээ. Эгэл жирийн хүнд барагтай харагддаггүй гэдэг. Эр хүн үзвээс эхнэрийн сайнтай, эм хүн харваас эрийн сайнтай учирдаг гэнэ лээ. Миний хүү дотроо залбирч яваарай" гэж захижээ. Нээрэн л жилийн дараа залуу хол нутгийн сайн ханьтай учирч аз жаргалтай гэр бүл болсон гэнэ. Тэр цагаас Орог нуурын эзний давсан Их Богдын ар шилийг ихэд бэлгэшээн "Хүүхний хөтөл" хэмээн нэрлэх болжээ.

Шижирийн даваа хэмээн нэрлэсний учир

Шижирбаатар хэмээх зоригт эр 300-гаад жилийн тэртээгээс баатарлаг үйлсээрээ ард түмний дунд домог болон үлджээ. Тэрбээр одоогийн Төв аймгийн Лүн сумын нутагт төрж өсөөд харийн түрэмгийлэгч Манжийн дарангуйллын эсрэг тэмцэж байсан Монголын зоригт эрчүүдийн нэг байж. Их хүрээнй ойролцоо амьдарч байхад нь эрэлхэг зоригийг нь хаад ноёд дээдэс таалан болгоож байсны бөгөөд дайн тулаанд хэрэглэж явсан хөө хуяг, зэр зэвсгийг нь эх нутаг, уул усаа халдашгүй дархан байлгахын бэлэг тэмдэг болгож хожим нь Богдхан уулыг тахихад ноён оргил "Цэцээ гүн"-д төрийн тахилга ёслолын зүйлийн хамт аваачиж есөн хөлт тугныхаа дор хүндэтгэлтэйгээр байрлуулдаг байжээ. Энэ баатар эрийн нэрийг мөнхлөн үлдээсэн нэгэн баримтыг дурдваас "Их хүрээний баруун хойно нутаглаж байхдаа хятад худалдаачдыг Хиагт руу явах буцах замд нь даваан дээр отон эд юмсыг нь булаан авч ардуудад тараан өгдөг байсны учир Улаанбаатар хотын баруун хойно байдаг давааг "Шижирийн даваа" хэмээн өнөөг хүртэл нэрлэж заншсан түүхтэй ажээ.

Бад толгой

Төв амйгийн Эрдэнэсант, Булганы Рашаант сумын зааг, алдарт Батхаан уулын баруун хойд биед Бад хэмээх жижигхээн толгой бий. ТОлгойн чанх хойно нь мөн оройг нь тойрсон аятай багатавхан уул байх. Домог, хуучид ийн өгүүлжээ. Орхон мөрний баруун талаар нутагтай Исгэл хэмээх оноч мэргэн баатар байжээ. Харсан ан, гөрөөндөө нумаа ганц л эвшээлгэдэг байж гэнэ. Сумаа ч тусгая гэсэн газартаа л тусгана. Ав хоморгоос гадна дайн тулаанд эрэмгий түүнийг нутгийн олон ихэд хүндлэнэ. Нас нэлээд хэвийсэн үедээ нутаг алгасуулан, алс зүүн зүгээс үзэсгэлэн төгөлдөр эхнэр авчээ. Олон оныг баяр хөөр, аз жаргалаар дүүрэн үдсэн ч тэдэнд нуган үр эс заяав. Исгэл баатар эрдмээ өвлүүлж үлдээх хүү төрөөгүйд хаяахан уйд автана. Гэтэл түүнийг анд явсан хойгуур үзэсгэлэнт эхнэрийг нь өмнө нь сүй тавьж асан уугуул нутгийнх нь баатар эр хулгайлан, зүүн зүгт дутаажээ. Үүнийг мэдсэн Исгэл баатар тэдний араас өдөр шөнө хоёр нэхэв. Ойртож очоод л алдсаар. Хайртыгаа биш хажуудахыг нь харвасан боловч байгаа алдаж үзээгүй сум нь энэ удаа эндүүрчээ. Уурлаж, бачимдсан Исгэл нумаа эвдэж, сумаа хугалж хаяад сэлмээ гарган дэргэдэх уулаа цавчтал орой нь тэрүүхэн тэнд "бад" гэсэн дуу гарган унаж гэнэ. эдүгээ энд "Бад" хэмээх шагай харвааны тойрм байдаг бөгөөд жил бүр нутаг нутгийн мэргэн харваачид цугладаг болжээ.

Балгас нуурын домог

Эрт балар үед шувуудын их хаан Хангарьд умард зүгээс өмнийг чиглэн нисэж явах замдаа Хан уулын орой дээр сууж, амарчээ. Амрах зуураа амныхаа цангааг тайлахаар ийш тийш хартал нэгэн нуур харагджээ. Хангарьд нисэн очиж балгатал ганцхан балга ус л байсан гэнэ. Үүнд уурласан жигүүртний хаан "Амны цангаа гаргаж чадахгүй балга устай нуур" гэж хараагаад Хан уулын оройг базаад хаячихсан гэнэ. Тэрхүү базагдсан уулын орой нуурын зүүн талд унажээ. Тэр цагаас хойш энэ нуурыг "Балга устай нуур" гэж нэрлэх болсон бөгөөд хожмоо он жил урсан өнгөрч хүмүүсийн ам дамжсаар "Балгас нуур" болон өөрчлөгдсөн аж. Балгас нуурын зүүн талд дөрвөлжиндүү хэлбэртэй, тэгш оройтой Хан уул гэдэг уул байдаг нь Хангарьдын оройг нь базсан Хан уул юм. Энэ нуур Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос зүүн урагш 30 орчим км зайтай газар бий.

Гурван тэсийн давс

Эрт дээр үед Баянхонгор аймгийн Гурвантэс сумын нутагт гуйлга гуйж амьдардаг хүү байжээ. Тэр хүү туйлын ядуу бөгөөд орох орон, унаа мал битгий хэл мөрөндөө эгэлдрэглэх олигтой хувцас ч үгүй өрөвдмөөр нэгэн байж гэнэ. Нэгэн нартай өдөр хүү урьдын л адилаар гуйлга гуйн айл хэсэж явтал хавтгай унасан хүн тааралджээ. Хүү: -Хүн гуай, эцэг эхгүй өнчин надад гол зогоох өчүүхэн ч атугай хүнс хайрлаач гэв. Тэгсэн чинь өнөөх хүн өврөө уудалж уудалж хэлхээтэй нэг их олон түлхүүр гаргаад ирж. Тэгээд -За хүү минь, энэ түлхүүрүүдээс аль нэгийг ав даа гэжээ. Хүү хамгийн содон харагдсан түлхүүрийг авсанд өнөөх хавтгай унасан хүн "За наад түлхүүрээ дэрлээд унтаарай" гээд наран шингэх зүгт яваад өгч гэнэ. Хүү түлхүүрээ дэрлээд хэвттэл таг унтчихжээ. Харин сэрээд хартал эргэн тойронд нь сүм суварга шиг их давс ургасан байж. Ингэж Гурвантэсийн давс үүссэн гэлцдэг.

Гүүтийн худаг

Олхунуд, урианхай гээд 2 хошууны түмэн мал усаар гачигдаж байх цагт энэ хөндийд худаг малтаж, хүн малын ундтай болохоор хүмүүс яриад чухам хаана малтвал ус гарах тухай бага сага маргаж байтал Юндэн тайж энэ газрыг сонгож, -Энд 2 алд малтаад ус гарахгүй бол малтсан хүн бүрт нэг нэг гүү өгье. Ус гарвал та нар яах вэ гэхэд -Тайжид бид юу л өгөх билээ дээ. Худгийг "Гүүтийн худаг" гэж нэрлэе гэцгээж ажил эхэлж, ус гарч ундарга сайтай худагтай болсон түүхтэй юм. Худаг малтсан хүмүүст гүү өгсөн юм гэнэлээ. Гүүтийн худаг Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт бий.

Галшарын хурд хаанаас эхтэй вэ

Халхын Сэцэн хан аймгийн Илдэн жүн вангийн хошууны адууны холын угшил одоогийн Галшарын хурдны эхлэл байсан аж. Сэцэн хан аймгийн Хэрлэнбарс хотын чуулганы даргын алба хашиж байсан Тогтохтөр вангаас "Танай морьд 23хошуу нийлсэн чуулганы наадмын түрүүг удаа дараа авч ирлээ. Та тахийн удмын үрээ бэлэглэ. Аймаг даяараа хурдтай болъё" хэмээвэл тэрбээр: -Би эцэг өвгөдөөс уламжилж ирсэн хурдан удмын үрээг гадагш гаргадаггүй. Гэвч хан хүн аймаг даяар хурдтай болъё гэж байхад би төмстэй ганц үрээ харамлаад яах вэ дээ гэж хэлжээ. Ингээд 1822 онд Артсэд ханд тахийн гүүнээс төрсөн бор үрээ нэгийг бэлэглэсэн аж. 1829 онд Хүйн долоон худагт даншиг наадам болоход Артсэдийн их насны саарал морь аман хүзүүдэж, бор морь айрагдан, соёолонгууд нь 1-8 байр эзэлжээ. Харин хязаалангууд нь 1-11-д дундаа завсаргүй хурдалж байв. Энэ бол Халх дөрвөн аймаг, Их шавь тавд урд өмнө хэзээ ч байгаагүй амжилт юм. Эдгээр адууны угшил хожим Сэцэнхан аймгийн Бишрэлт чин ван буюу Галшар уулын хошууны ноён, морь шинжээч, уяач, Хардэл жанжин бэйс Минжүүрдоржийн Пүрэвжавт шилжин очсоноор Галшарын хурд гэж хэлэгдэх болжээ.

Зэлтэрийн хурдын угшил

Сумьяа бээсийн хошуу /Одоогийн Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн нутаг/-ны Гэгээтийн дацангийнхан жил бүр бооцоотой морь уралдуулдаг байжээ. Энэ дацанд жил бүрийн байг авдаг хээр алаг азарга байв. Наадмын үеэр нэгэн настай буриад хөгшин ирээд, буцахдаа "Дараа жил бооцоо тавьж, морь уралдуулъя" гэхэд дацангийнхан зөвшөөрч гэнэ. Ингээд хойтон жил хэлсэн ёсоор өнөөх хөгшин нэгэн хүрэн азарга хөтлөн ирж гэнэ. Тэр нь англи үүлдрийнх байв. Гэгээтийнхэн ч хээр алагаа хүн хард үзүүлэх дургүй байсан бөгөөд дацангийнхны гаргаж өгсөн жүчээнд сойж байв. Нутгийнхан морь сайн шинждэг нэгэн өвгөнийг мөнөөх хөгшний хүрнийг шинжүүлэхээр явуулж. Шинжээч өвгөн жүчээнд орж чадсангүй тул гаднаас нь чагнавал хүрэн азарганы өвс идэх нь ихэд эртэй, зоримог шинжтэй байна гэнэ. Өвгөн "Аа тэр хүрэн азарга ч гүйцэгдэхгүй хурдан адуу байна. Та нар бооцоогоо бодоорой" гэхэд Гэгээтийнхэн ойшоож үзсэнгүй. "Өвгөн өөрийн нүдээр харсан биш. Худал тааж байна. Манай хээр алагийг гүйцэх нь юу л бол" гээд хошууныхнаасаа алт мөнгө цуглуулан бооцоогоо нэмжээ. Ингээд наадмын өдөр ирэхэд өнөөх жижиг биетэй, буриад хөгшин өөрөө хүрэн азаргаа зайдлан уралдав. Хээр алаг ч гараанаасаа тасархай түрүүлээд давхичихаж. Харин газрын дунд ороход өвгөн хээр алагийг гүйцэн түрүүлж гэнэ. Дацангийн өвгөн, том лам "За яах вэ. Наадам танайх болов. Харин танай хүрэн азаргад 2 гүү гишгүүлж авъя" гэхэд буриад хөгшин тус бүр тавин лан нэхжээ. Бооцооны өрөнд орсон дацангийнхан өвгөний аманд багтаж арга буюу зөвшөөрч. Удалгүй 2 гүүнээс хээр алаг, хүрэн халзан унага гарсан нь Зэлтэрийн хурдны угшил болсон түүхтэй.

Усан замаар сар аялсан нь

Архангай аймгийн башгийн сургуульд сурч байсан үе. 1959 оны өвөл шиг санагдана. Захирал С.Бүдрагчаатай манай ангийнхан уулзалт хийж, биеийн тамирын тухай яриа өрнүүлж, сонин сайхан юм сонсож билээ. Захирал, би спортын олон төрлөөр хичээллэж явлаа, залуудаа. Одоогоос хориод жилийн өмнө дугуйгаар Алтанбулаг-Улаанбаатар, завиар Улаанбаатар-Сэлэнгийн хооронд аялсан юм. Тэрхүү усан аялал 1940 оны зун болсон юм шүү дээ. Манай багийнхан Туул голоор Улаанбаатараас Сэлэнгэ хүртэл бүтэн сар явж хүрсэн. Шөнө амраад өдөр нь аялдагсан хэмээн хуучилснаас хойш бараг хагас зуун өнгөрч байна.

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1956253/27d/trackback

profile

Маралгоо

2010.01.21 11:24:04
*.254.53.231

울란바트라

2010.07.08 16:40:40
*.115.2.55

good

울란바트라

2010.07.08 17:13:52
*.115.2.55

good

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107127

Насанд хvрэгчдэд: Орцонд ( erotic 18+) [4] [2]

  • DANTES
  • 2009-08-09
  • Уншсан 157657

erotik uguulleg [2] [5]

  • huld
  • 2009-04-14
  • Уншсан 145974

Насанд хvрэгчдэд: Чатны учрал..(erotic) [6]

  • DANTES
  • 2009-08-09
  • Уншсан 62923

elina / erotik uguulleg [2]

  • haar
  • 2009-04-14
  • Уншсан 51890

Тачаангуй "Тамирын" багш минь [2]

  • DANTES
  • 2009-06-08
  • Уншсан 42196

Nutgiin ah

  • ojab
  • 2008-07-16
  • Уншсан 42119

Гэрийн эзэгтэйн нууц(Эротик єгvvллэг [1]

  • pitty1
  • 2008-06-30
  • Уншсан 33095

Цэрэнтулгын Түмэнбаяр , Ганц бие хөгжимчин [4]

Хүслийн шөнө [2]

Tsendiin Dorjgotov"Tsoodol"hoshin oguulleg(sonsoh) [1]

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 22718

"ТУНГАЛАГ ТАМИР" РОМАН (сонсохоор) [3]

  • HENZA
  • 2008-12-18
  • Уншсан 22394

Болдогсон бол чамтай суучих юмсан +18

  • DANTES
  • 2009-07-01
  • Уншсан 22189

"Zuir tsetsen ug"dorjsuren(sonsoh) [2]

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 21196

Тєрєл арилжсан нvгэлт шєнє

  • pitty1
  • 2008-06-30
  • Уншсан 20114

Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам)

  • bigbomb
  • 2010-11-06
  • Уншсан 20076

Хайр сэтгэлийн эрэлчин(Эротик єгvvллэг) [1]

  • pitty1
  • 2008-06-30
  • Уншсан 19776

Хууч яриа [3]

Moroodliin egch (oguulleg) 1-r heseg

  • 2424mgl
  • 2012-04-10
  • Уншсан 17957

Монголын нууц товчоо 1 [4]

  • Levi`s
  • 2008-08-25
  • Уншсан 17918
배너신청
자생병원

배너신청