Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж, Монгол 7,8

Уншсан 10607 vote 0 2010.08.17 01:48:32

Номхон далайн дээрх америк японы дайн үргэлжилсээр байсан боловч америк английн холбоотнууд атлантын далайг германаас чөлөөлсөн тул тэдний суусан хөлөг онгоц энэтхэгээр дайран алсын америкийг зорьж явлаа. Америкийн цэргийн хөлөг онгоц хятадын нутаг дэвсгэр дээр японы олзонд байсан англи европын чөлөөлөгдсөн иргэдийг энэтхэгийн Бомбейд буулгаад цааш замаа хөөн яваа нь энэ ажээ. Энэтхэгийн усан боомтод ч мөн шанхайгаас ялгаагүй ядарч зовсон шоргоолж шиг олныг хараад хорвоогийн хатуу амьдралд нухлагдсан хаа газрын энэ олны хувь заяа, саяхан үзэж өнгөрөөсөн харанхуй амьдралыг нь дахин санагдуулан дотрыг нь харлуулсныг эс тооцвол манай хоёр хүүхдийн хувьд энэ насандаа үзээгүй хязгаар хярхаггүй энэ далайгаар аялсан нэг сарын аялал тэдний сэтгэлээс хэзээ ч үл арилах гайхамшигт дурсамжийг үлдээсэн юм. Хорвоо ертөнц гэдэг өлсгөлөн гуйланчлалд нухлагдсан шанхайн хавчиг чулуун гудамж, түмэн хэлийн зон амьдрал хайн хөлхөлдсөн шавар шалбаагт харбин, балчир насаа өнгөрөөсөн өвөрмонголын уудам ногоон хөндийгөөс хавьгүй уужим том бөгөөд амьдрал гэдэг агуу ажээ.

Шинэ цагийн хамгийн хүчирхэг их гүрэн, хуучин ертөнцөөс тасран өндийсөн шинэ ирээдүйг амлагч америкт очиж хэнд ч үл ялагдах хүч чадлыг эзэмшээд омог удмынхаа ариун сүнсийг амрааж өшөөг нь авах их хүсэлд хөтлөгдсөн хоёр хүүхэд хийгээд монгол эх орныхоо төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэгч багш гурав энэ хөлгийн тавцан дээр улаан хятадуудад түрэгдсэн, номхон далай дахь японы эсрэг дайнд америкийн холбоотон болсон гоминдааны засгийн газрыг дэмжигч хятадын дүрвэгчдийн тоонд орон зорчих бөгөөд америкийн цэргийн удирдлагад үнэт мэдээлэл өгсөн тул тодорхой хүрээнд нэр хүнд олоод тэр холбоогоо ашиглан онгоцны дээд тавцанд тусгай өрөө олж аван тухлаж, дээд зиндааныхантай аялан явах бүлгээ. Аялалын явцад багш хоёр хүүхдэд англи хэлний хичээлээ үргэлжлүүлэн заахын хажуугаар өөрөө ч мөн англиар сайн ярьж сурах басхүү америк дахь шинэ амьдралдаа хэрэг болох мэдээлэл цуглуулахын тулд олзноос суллагдан харьж яваа өндөр зиндааны хэдэн америк найзуудтай болж аваад буддын шашны гүн ухааны талаар дуусашгүй сэдвээр яриа өрнүүлэн сонирхлыг нь татаад хариуд нь пуритан шашны ёс жаяг америк хүний сэтгэлийг таних, тэр газрын хууль дүрэм болон аж төрөх заншлын талаар мөн л дундрашгүй яриа сонсон уйдах завгүй явлаа. Сэргэлэн оюунт Дэжид охин англи хэлийг идэвхтэй суралцангаа багшийн хажуугаас үл холдон тэдний яриаг чих тавин чагнан явахдаа өөрийн үл мэдэх бөгөөд ирээдүйд өнгөрүүлэх тэр нэгэн шинэ ертөнцийг өдөр тутам өөртөө нээн явсан бол Жаман хөвүүн орчин цагийн техникийн хөгжлийн гайхамшгийг нэг мөр шүтэн бишрээд хичээлээс бусад цагт хаа нэг тийшээ алга болох бөгөөд хэрвээ түүнийг олох хэрэг болбол ахмадын өрөөнөөс зарлуулахад хөлгийн хаа нэгтэйгээс механик техникчдийн аль нэгийг даган гарч ирэх ажээ.

Ийм маягаар тэдний ирээдүй өөд хийсэн гайхамшигт аялал өнгөрсөн юм. Хүн болгоны ярианаас дуулсаар цээжинд хоногшсон домогт эрх чөлөөний хөшөө тэдний сэтгэлд санаснаас өндөр төрүүлсэнгүй боловч нью иорк хот хүүхдүүдэд хүчтэй сэтгэдэл төрүүлэв. Гудмаар холхигч үй олон машин, элбэг хангалуун хүнс хоол тансаг бараа өрсөн баян дэлгүүрүүд ганган дэгжин хүмүүс, газар доогуур явагч сабвэй хэмээгч галт тэрэг, сайхан хөгжим эгшиглэгч радио, хамгийн чухал нь энд хэнээс ч нуугдаж айж явах хэрэг байхгүй явдал байлаа. Шинэ ертөнцөд бүх юм шинэ байлаа. Тэд нэгэн буудалд байрлаж өдөр бүр шахам гадуур явж хоттой танилцах бөгөөд нэг удаа мүүви хэмээгч сүүдэр ший үзсэн нь үлгэрийн орны ид шидийн гайхамшиг байлаа. Багш үе үе тэднийг орхин ганцаар явах ажилтай болдог бөгөөд санамсаргүй байтал арваад хоногийн дараа хутагтад бараалхуулна хэмээн хүүхдүүдийг дагуулан явлаа. Дэжидийн хувьд мэдээ орсон цагаас хойш дуулсан алсын америкийн тухай яриа бүгд хутагтын нэртэй холбоотой бөгөөд тэдний гэр бүлийнхэн америк явахаар шийдсэн нь чухамдаа америкийн сайныг мэдсэндээ биш эгэл хүмүүний хувь тавиланг тольдогч зөнч мэргэн бошгоороо алдар нэр нь дуурссан гэгээн хутагтыг бараадвал амар тайван амьдралтай золгоно гэж гүнээ итгэдгээс үүдсэн хэрэг тул хутагтад бараалхах энэ үйл явдал түүний зам мөрийг зааж өгөх болно гэдгийг юу юунаас ч илүү ухамсарлаж, түм түжигнэсэн хөл толгой нь олдохгүй энэ их газраас хутагтыг олж өчүүхэн тэднийг золгуулж чадсан багшдаа халуун зүрхнийхээ угаас бишрэн талархаж байлаа.

            Галт тэргээр явж очсон тэр газар мөнх ногоон мод төгөл бүхий өндөр хашаагаар хүрээлэгдсэн тансаг харшууд эгнэн ярайсан өргөн гудамж цэлийх нь яах аргагүй ихэс дээдсийн амьдардаг хүрээ дүүрэг мөн ажгуу. Гурван давхар сүрлэг чулуун харшид залрах хутагт тэднийг номын өрөөндөө монгол ихсийн ёслолын хувцастай хүлээн авч ертөнцийн нөгөө өнцгөөс холхи газрыг бядан тэмцсээр ирсэн хоёр хүүхдийг хүндэтгэн угтвай. Байдлыг ажваас багш нь тэдний талаар хутагтад урьдчилан айлтгасан бололтой. Хутагт, ар монголыг манж хятадаас тусгаарлан богд хаант олноо өргөгдсөн улсыг байгуулахад дорнод хязгаарыг тохинуулан гавьяа байгуулсан халхын Төгс тайж болон өөлдийн Шагдар баатар нарын алдрыг сайн мэднэ хэмээн айлдаад Төгс тайжийн хүргэн Дэжид охины эцэг цахрын Чулуудай өөрийн таван нөхрийн хамтаар арван жилийн өмнө эрхэм язгуурт вангийн гэр бүлийг хамгаалан хятадын нутгийг өнгөрүүлж америк руу эсэн мэнд явуулж өгсөн тухай сонссоноо ярив.

Хоёр хүүхэд өвдөг сөхрөн унаад хар нулимсаа асгаруулан байж өчив. Чулуудай тавнан эцэг нь тэр аянаас амьд мэнд буцаж ирээгүй хийгээд манжуурт мал сүргээ дээрэмдүүлж их дайны хөлөөс зугтан шамбалын орон америкийг тэмцэн зүтгэсээр замдаа шанхайн дээрэмчдэд отог омгоороо хүйс тэмтрүүлсэн тухайгаа урд хойно нь оруулан амь тэмцэн эхэр татан байж айлтгав. Чингээд хэрхэн яаж өс хонзонгоо авах аргыг зааж өгөхийг гуйлаа. Хутагт хоёр хүүхдийг тайвшрахыг хүлээн хэсэг суугаад айлдав. Ийм бэрх гашууныг туулсан хэний боловч элэг зүрх эмтрэнэ, элгэн саднаа харийн дээрэмчдэд хядуулсан хэн боловч цусан өшөөг нь авахыг хүсэх нь зүйн хэрэг буй. Хэдий тийм боловч та хоёр одоогоор нялх балчир байна. Хорвоогийн үйл хэрхэн эргэдэг хийгээд юу зөв юу бурууг ялгаж ухаарахын тулд цаг хугацааг ашиглан эрдэм ном шамдах нь одоогоор юу юунаас ч илүү чухал байна. Сурах чигийг эрхэм болговоос явах зам аяндаа тодроно. Хэзээнээс нааш биеийн бөхөөр нэгийг ялна, ухааны бөхөөр мянгыг ялна гэж үг бий, хурдан буу хурц сэлэмнээс илүү мэргэн оюун, онч мэдлэгээр зэвсэглэн тулалдах цаг айсуй. Иймийн тул ганц өс авах тухай бодон суусаар алгуурлан цаг алдваас хожмын өдөр их үйлийг бүтээх цаг ирэхэд амаа барин гасалж гэмшивч хожимдох болно. Юуны урд та хоёр эндхийн жирийн сургуульд суралцаж хожмын явдлын суурийг тавь. Бидний мэддэг дэлхий дахин өрнийн зохиосон хуулиар өөрчлөгдөж байна иймд алсдаа энэ өрнө дахины их ухааныг ойлгон эзэмшихийн тулд эдний замаар сурч эхрлэх хэрэгтэй юм. Энэ ухааныг эзэмшихгүйгээр өс хонзонгоо авах бүү хэл өөрийн биеийг ч авч үлдэхэд бэрхтэй болно...

Бас багшид зааж өгөв. Та нэгэнт энэ элээний өнчин ангаахай шиг хоёр хүүхэдтэй учирч эцэг эхийг нь орлох төөрөг тавилантай ажээ. Хэдий их хэргийн төлөө өчүүхэн надтай хамт зүтгэн амсхийх чөлөө ховорхон олдох болуузай хэмээвч үрээ морьдийг сургах адил энэ хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх үүрэг танд ноогдов. Хэрвээ та эднийг сайн сургаж чадваас хожим бидний дуусгаагүй төгсгөх эрдэм чадалтай эрхэм сайд болох нь магад... Миний үзэж байгаагаар та гурав энэ нью иоркийн хажууханд орших лонг айланд хэмээх арал дээр төвхнөвөл одоогоор хөл үймээн багатай тайван газар тул зүгээр, ойрын ирээдүйд олон залуу хүмүүс суурьших төлөвтэй ч нэгэнт түрүүлээд очсон та гурвыг ад шоо үзэх арга байхгүйн дээр хуучин иргэд нь ч тэр олны хөл үймээнд дарагдаад та гуравханыг илүү үзэх тэнхэлгүй болох зүгээр газар санагдана.

            Ийнхүү тэр гурав лонг айландад суурьшив. Бүх зүйл хутагтын хэлснээр болж багш монголоос авч ирсэн жаал хатуу эдлэлээсээ худалдаад хуучны модон байшин авч монгол ламын гэрийн дэглэм л ийм байдаг болов уу гэмээр амьдралыг зохиов. Хоёр хүүхэд сургуульдаа явж, өдөр өдрөөр хуваарилан тогтоосон хоол идэх, шинэ гэр орноо арчлах, уншиж суралцах ажлаа дагнах ба гагцхүү эхний жилүүдэд багшийн явах суух ажил их байж зарим үед хэдэн долоо хоногоор ч үзэгддэггүй байв. Ийм үед тэр фон утсаар ярин хэл дуулгаж заавар өгөх бөлгөө. Жаман англи хэлэнд шамдан суралцаж хичээлээ бүрэн ойлгодог болохын төлөө зүтгэх нь ганц л зорилготой бөгөөд техникийн дэвшлийг шүтэн биширч түүнийг ухаарч эзэмшихин тулд физик ба математик гэсэн байгалийн шинжлэх ухааныг суралцах хүслээр жигүүрлэнэ. Дэжидийн хувьд хичээл нь амархан байсан тул сул цагаараа төлбөргүй нийтийн номын санд сууж америк европын уран зохиолыг шимтэн уншиж өнгөрсөн өрнийн их түүхээр аялж өөрийн ертөнцдөө өнгө ялган амилуулах бөлгөө.

Тэр үед дэлхийн хоёрдугаар дайн холбоотнуудын ялалтаар төгсч байсан бөгөөд дэлхийн газрын зургийг дахин шинээр зурах түүхэн алхам хийгдэж байсныг хоёр хүүхэд мэдээгүй өнгөрсөн юм. Харин Дэжид охин олон жилийн хойно юмны учрыг мэддэг болсныхоо дараа өвгөн багш нь гадаад монгол улсын тусгаар тогтнолыг АНУ-ын засгийн газраар зөвшөөрүүлэх их үйлсэд гар бие оролцон зүтгэж байсныг ойлгосон билээ.

            Үүнээс гурван оны дараа Дэжид охиныг дунд сургуулиа төгсөх жил багш нь тэднийг монголын цагаан сараар хутагтад золгуулах болов. Энэ золголтоор тэд ухаарч ойлгосныхоо хэрээр цаашдын хүсэл зорилгоо илэрхийлж, хутагтаар ирээдүйн төөрөг замаа заалгаж авах тул хэрэндээ хичээн бэлдэж хувь заяаныхаа замыг дотроо төсөөлөн хэлэлцэж авай. Цагаан сар болдгоороо болж манай гурав өөрсдийнхөө хүрээнд даруухан ёс төрөө гүйцээгээд болзоот өдрийг тэсвэртэй хүлээн тус тусын ирээдүйн үйлийг хичээн бясалгасаар хутагтын товлосон өдөр болоход гаталга онгоцонд суун нью иорк руу гарлаа. Энэ гурван жилийн дотор ганц лонг айланд ч өөрчлөгдсөн хэрэг биш агаад их хот ч мөн тэдний анх ирж байснаас огт болсныг ажиглав. Улам олон машин тэрэг зай завсаргүй холхиж хотын гудамжуудын өнгө төрх ч ондоо болж үй олон өндөр барилгууд энд тэндгүй баригдаж байлаа.

            Харин хутагтынх огт өөрчлөгдөөгүй байж, тэднийг мөн л урьд нь уулзсан байдлаар хүлээн аваад цагаан сарын идээ шүүс амсуулав. Эхлээд Дэжид охин золгож хүслээ айлтгав. Охин юун түрүүн хутагтад өөрийн удмын үнэт эрдэнэ Хархулангийн эрхийвчний түүхийг ярив. Энэ түүхийг өвгөн багш нь ч Жаман хөвүүн ч үл мэдэх тул бүгд амаа ангайлган сонслоо. Түүнээс цаашхи төлөвлөгөө нь ерөнхийдөө Дэжид англи япон хэл заншлыг эзэмшсэн тул дэлхийгээр хаа ч аялсан газардахгүй гэж үзэж буй бөгөөд хэрвээ хутагтыг соёрхон дэмжвээс япон явж эрхийвчийг олж аваад америкийн алдарт саятнуудын дуудлага худалдаанд оруулан их үнээр зарах, тэр мөнгөөрөө чадвал атомын бөмбөг ядвал арай багашиг бөмбөг худалдан аваад шанхай хотыг газрын хөрснөөс арчин хаях явдал ажээ. Дараа нь Жаман золгон хүслээ өчив. Жаманы төлөвлөгөө ч мөн ойролцоо бөгөөд гагц үнэт эрдэнийн тухай мэдээгүй байсан тул өөрийн биеийг хичээн суралцсаар физикийн ухааныг эзэмшиж мөн л чадвал атомын бөмбөг ядвал арай багашиг бөмбөг хийх гэнэ. Тэр бөмбөгөөр юу хийх нь тодорхой бөгөөд шанхай хотыг устгах явдал ажээ.

            Гэгээн хутагт үүнийг сонсоод толгой даран гаслан шогширон алдаж өвгөн багшийн зүг ихэд зэмлэн харвай. Чингээд хүмүүн бусын нүгэлт сэтгэлийг цээжиндээ тээн ирсэн хоёр гэнэн хүүхэд хийгээд тэдэнд ертөнцийн явдлыг таниулж, орчлонгийн үнэнийг ойлгуулан хүмүүжүүлж чадаагүй багш гурвыг хатуу ширүүнээр донгодон буруушаалаа. Ураг удмаа хөнөөлгөсөн гашуун сэтгэлийн хорслыг хэдий ойлгож байвч үүний төлөө гэм зэмгүй үй олон хүн амьтныг хөнөөх мунхаг үйлийг сэтгэх нь түмэн үедээ жигшин гэмшивч үл арилах нүгэл ажээ. Мөн тэдгээр дээрэмчдийг гэсгээе гэвч тэднийг таньж олох боломжгүй бөгөөд эцсийн эцэст энэ бүхэн их дайны хөл үймээнээс эхтэй гай гамшиг болохыг айлдаад энэ удаагийн дайны хөлд үрэгдсэн хүн зоныг тоог гаргахад нэгэнт жаран сая хүн эрдэнэт амиа алдсан болохыг, тэр бүх үрэгдэгсдийн хойч бүгд өшөөгөө авахаар тэмүүлэн алалдах аваас энэ дэлхий дээр амьд хүн үлдэхгүй болох хүртэл мөнхийн дайнд уусан замхрах нь гарцаагүй үнэн ажгуу. Одоо гагцхүү хичээх нь нэгэнт тогтоосон энх тайвныг дэлхий дахинаар батлан сахиулах явдал бөгөөд чухам ингэж чадваас дахин дайны гал дэгдэж, хожмын өдөр түмэн олны амь үрэгдэхээс сэргийлэх ариун үйл мөн юм хэмээн айлдаад бидний монголчуудын хувьд түүхийн энэ эгзэгтэй үед эцэг өвгөдийн байлдан олсон ар монголын тусгаар тогтнолыг дөнгөж саяхан ЗХУ, АНУ, Англи гурван их гүрэн болоод шинэ тутам үүссэн коммунист хятад улсаар хүлээн зөвшөөрүүлж чадсан нь их ялалт мөн бөгөөд энэ ололтоо бататган улмаар дэлхий дахинаар баталгаажуулан авах их үйл хэрэг хэцүү бэрх замаар үргэлжилэн өрнөсөөр буйг тодруулан өгүүлсэн нь хоёр хүүхдийн сэтгэлийг ихээр хөдөлгөн татаж дор бүрнээ тэрхүү их үйлст өөрийн биеийг нэгмөсөн зориулах  их хүслийн галыг бадраан хөөргөдвэй.

            Цааш нь хутагт хоёр хүүхдийн заяа төөрөг түүний бошигт хэрхэн бууж байгааг хэлэв. Юуны өмнө Дэжид охин эцэг дээдсээс үе уламжлан ирсэн хувь заяаны дагуу эх орны цэрэг болох одонд төрсөн нь үнэн гэвч ирээдүй үеийн байдал өдгөөгийн бидний төсөөллөөс ихээхэн ондоо зүйл болж байгаа тул түүнд бэлдэн бие оюуныг боловсруулахад дор хаяж арван жилийн хугацаанд шантаршгүй суралцах шаардлагатай ажээ. Чухам юуг хичээн суралцахыг зааж өгөх эрдэмт мэргэдтэй холбоо тогтоон чигийг тогтоон жолоодох үүргийг өвгөн багшид оногдуулсныг заагаад элдэв эрдэм яаж суралцах арга барилыг биедээ эзэмшүүлэх хийгээд басхүү биеэр туулан байж эзэмшихээс өөр арга үгүй өрнийн соёлд суралцахын тулд энэ жил нийтийн дунд сургуулийг төгсгөмөгц гурван жилийн хугацаатай өндөр зиндааны охидын коллежд оруулахаар тогтсон. Өртөг зардал өндөртэй энэхүү дээдсийн сургуулийн их төлбөрийн хагасыг охины эцэг цахарын Чулуудайгийн байгуулсан гавьяаг ач санан явагч вангийн гэр бүлээс даан барагдуулахаа уламжилж байгаа, үлдсэн хагасыг хутагт өөрийн толгойгоор дэнчин тавьж түмний сангаас гаргана хэмээв. Тэр сургуулиа төгссөний дараа бас дахин долоон жилийн турш үргэлжлүүлэх сурах зүйл их байгаа бөгөөд энэ бүгдийг багшийн удирдлаган доор гүйцээх ёстой ажээ.

Учир иймийн тул их үйлийг бүтээх үүрэг хариуцлагаа ухамсарлан нэгэн биеийн амрыг огоорон шамдан хичээх ариун үүрэг оногдож байгааг дээдсийн сүнсэнд мөргөн байж хүлээн авахыг Дэжид охинд зарлигдав.

            Дараа нь Жаманы ээлж ирэв. Жаманы үүрэх ачаа хүнд бас хамгийн хүсүүшгүй зүйл байлаа. Энэ бол өөрсдийн бяцхан гэр бүлийн ар амьдралыг авч явах, ирээдүй хойчдоо тэжээн тэтгэх ажил байлаа. Амь зуух гэдэг алалдах дайсантай тулахаас хэцүү гэж эртний үнэн үг байдаг билээ. Одоо монголоос дүрвэн ирэгчдийн нэгэн үе өнгөрч байгаа хийгээд түүнтэй цуг анх нутгаасаа авч гарсан эцэг дээдсийн үлдээсэн хөрөнгө ч мөн барагдаж байгаа билээ. Иймд хойч үеийнхэн ажил хийж бизнес эрхэлж тус тусын ар гэрээ авч явах мөнхийн үүрэг хүлээж байгаа юм. Энэ газар эмэгтэй хүнд угаалгачин цэвэрлэгч, дуучин бүжигчнээс өөр ажил бараг оногддогүйн дээр өнгөт арьстан эмэгтэй бол бүр ч найдваргүй тул айл гэр бүр урьдын язгуур хэргэмээ үл санагалзан бүстэй хүүхдүүдээ арилжаа бизнес хийхэд сургаж эхэлсэн ажээ. Жаманы хувьд хар багаасаа ажил хийж амиа аргацааж сурсан, амьдралын хар ухаантайн дээр орчин үеийн техникт дур сонирхолтой, мөн дотор газар төрж өссөн тулд хятадуудтай ч хэл амаа ололцож чадна, цагаан арьстнуудтай ч нөхөрлөж чаддаг бас монголчуудаасаа ч хэрэгтэй дэмжлэгийг авч чадах тул ёстой л америк шиг газар л амжилт олж амьдрах заяанд төрсөн үйлдвэр худалдааны эзэн болж чадахуйц хүн ажгуу. Иймийн тул одоо энэ нийтийн сургуулиа төгсгөх хүртэл хоёр оны хугацаанд ирээдүйд ямар ажил эрхлэхээ бодож тунгаан, судалж батлах хэрэгтэй ба сургуулиа дүүргээд хүссэн ажлаа олж хийж амжилт үзүүлж чадах аваас аяндаа цаашаа хөлөө олоод явж чадах юм гэнэ.

            Үүнээс гадна гэгээн хутагт манай гурвын хүрэн зүрхийг булгилуулсан нэгэн зүйл бошгийг үзүүлсэн нь Жаман болон Дэжид хоёр нь олон үеийн үйлийн үрээр холбогдсон заяаны хань болох тул энэ өдөр өндгөн сүй тавьж байгааг зарлаад жаргалтай боловч хамтдаа богинохон амьдрал туулах заяатай тул яаравчлан байж Дэжидийг коллежоо төгсгөмөгц монгол ёсоор хуримлан гэрлүүлэх тул энэ хуримд бэлдэх үүргийг мөн багш хүлээн авав.

            Дараа нь идээ зоог барьсны эцэст хутагт Дэжид охины ярьсан Төгс тайжийн эрдэнийн төөргийг үзүүлэв. Хархулангийн эрхийвч хэмээх Мөнх хааны үеэс уламжлагдсан домогт нэгэн эрдэнэ дайчин вангийн хошуунд хадгалагдаж байдаг тухай там тум яриа урьд нь сонсож байсан хийгээд олноос онцгой эрдэнийн чулуу нь өөрийн гэсэн заяа төөрөгтэй байдаг номтойг өгүүлээд уг эрдэнийг өөрийн гараар барьж үзсэн охиныг урдаа сөгдүүлэн байж харах нүдийг нь харан уншивай. Хар тивийн халуун хэвлийд бүрэлдсэн ихэр гурван улаан чулуу нарны гэрэлд гарснаас хойш даруй дөрвөн мянган гаруй оныг үджээ. Эртний миссирийн нарны бурхны тэргүүнд олон эрин дамжин залагдаж байсан энэ эрдэнэ хожмоо таван зуун жил харанхуй булшинд булагдаад эргэн гарч ирэхдээ маврын их хааны титэмд залагдан таван үеийг үдсэний сүүлд монголын их цэрэгт олзлогдон Хархулан хэмээх эрхий мэргэн баатар эрийн эрхийвчны чимэг болон монгол нутагт ирсэн байна. Монголын эзэнт гүрний мандан бадарсан зургаан жарны турш наадмын чимэг, тахилгын сүлд болон залагдаж ирсэн боловч мөн улсын сүр хүчин буурахын хэрээр харийн муу нүднээс халхлан мартуулж харанхуй газар нууж байснаа өдгөөгөөс яг жаран оны өмнө хөдөлгөөн орж эхэлсэн байна. Харин одоо байгаа газраа дахин жаран жил хөдөлгөөнгүй байж чадваас халх монголын нутагт эргэж очих нь магад бөгөөд хэрэв энэ хугацаанаас өмнө эрдэнийг хөдөлгөвөл харийн нутаг шуналтны гар дамжин их гай барцадын үндэс болж мянган жил төөрөх үйлтэй гэнэ. Хамгийн гайхалтай нь жаран жилийн дараа уг эрдэнийг монгол нутагт буцааж залах үйлийг бүтээгч нь мөнөөхөн Хархулангийн удмын хоёр хүн байх гэнэ. Ингэснээр нийт найман зуун он дамжуулан монголын мэдэлд уг эрдэнийг байлгаж чадваас сая түүний буян заяаг тогтоож жинхэнэ эзэн нь болж чадах ажээ. 

            Хувь заяаныхаа төөрөг руу өнгийн харсан тэр өдөр бол аргын тооллын 1948 оны 3-р сарын 7-ны өдөр байсныг тэнд байсан гурван хүн насан үүрд тогтоож авсан юм.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3531823/d40/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107130
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12168
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12348
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15665
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10881
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11419
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11209
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10857
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11489
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11313
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11018
배너신청
자생병원

배너신청