Бичлэгийн тоо 497

Онгоцны цонхоор тэртээ доор битүү үүл үргэлжлэн хөвөрсөөр тэнгэрийн хаяа хүрэвч зах нь үл үзэгдэнэ. Бодвол энэ зузаан үүлний доор далай байгаа биз. Одоо цаг хагасын дараа Сеулд бууна. Сеулд мэдээж түүнийг мөрдөгчид хүлээж байгаа нь лавтай. Монгол руу нисэх кореан эйрийн хагас сайны онгоц маргааш өдөр ниснэ. Сеулд бүтэн нэг хоног өнжих хэрэгтэй байгаа бөгөөд энэ бол хамгийн бага хугацаа. Чухам энэ өдрийг тааруулах гэж Хантай Нийгата хотын захад бүтэн  хоёр хоног бүгэж билээ. Энэ хооронд тэр сеулд өнжих тэр нэг хоногийг хэрхэн аргалж өнгөрөөх талаар тархиа гашилган бодсон билээ. Хамгийн түрүүнд Сеулд өдийд байж болох таних мэдэх хүмүүс, мэдээж монголын элчин сайдын яам толгойд нь орж ирсэн боловч энэ нь мэдээжээр мөрдөгчдийн хараандаа юун түрүүнд авах объект болох талтай тул даруй энэ бодлоосоо татгалзсан нь ойлгомжтой.

              Өдий хүртэл үзсэн уншсан кино, номнуудаас дүгнэлт хийхэд мөрдөгчид юун түрүүн хөөгдөж яваа хүнд тус болж болохуйц бүх объектийг чадвал хараандаа авахыг эрмэлздэг нь зүйн хэрэг. Тиймээс ч Хантай өдий хүртэл баригдчилгүй явж байгаа нь тэрээр хэний ч санаанд оромгүй газраар явж байгаагийнх юм. Японд түүнд тусалж чадахуйц цөөнгүй хүмүүс, япон монгол найзууд нь байгаа чтэдэнтэй холбоо барилгүй явсаар байгаагын учир нь мөн л энэ. Нийгатагийн нисэх буудалд түүнийг отож байж магадгүй гэж мань эр их л хаширлан болгоомжилж байсан боловч энд түүнийг хэн ч амдаагүй байсан. Мэдээж тэр замаасаа гарч алга болоод даруй 5 хонох гэж байхад тэд энэ буудлыг өдий хүртэл сахихгүй гэж таамагласан нь оносон. Бас түүнд Нийгатад ямар ч танил байхгүйн дээр урьд нь энд хэзээ ч ирж үзээгүй билээ.

Цаг хугацааны хувьд тэр өдийд хол явсан байх учиртай ба мань эрийн тооцоолсноор бол мөрдөгсөд нь бүх анхаарлаа токио болон осака, нагано дахь түүний танилууд, элчин сайдын яам, нарита нисэх буудал гэх мэтийн газруудыг сахиж байгаа биз.

              Ямагата гаас Нийгата руу уулаар аялсан тэр гурав хоног түүний хувьд хамгийн сайхан аялал болсон санагдана. Гал улаан навчсаар хучигдсан өтгөн ойн дундуур, олон жилийн өмнөөс орхигдсон хуучин шороон замаар таавараа аялж, давсалж чанасан зэрлэг гахайн өөх нимгэн зүсэн өвгөн рэнжерийн гараар хийсэн зөөлөн талхан дээр тавиад уулын тунгалаг голын усаар даруулан амтархан идэж байсан тэр үеүүдийг Хантай амьдралынхаа жаргалтай мөчүүдийн нэгэнд тоооцож явах болно.

Уулнаас гарч жижигхэн хот үзэгдэхэд Хантай аялалаа зогсоож тэндээ шөнө дунд өнгөртөл хүлээж билээ. Хэдийгээр энэ үл таних хотод түүнийг мөшгигчид хүлээхгүй гэдгийг баримжаалж байсан ч хаширлалаа гээд алдах юм алга. Тэгээд ч цаг хугацааны хувьд түүнд яараад байх шалтгаан байхгүй юм.

Өглөөний 3 цагийн үед тэр гэрлээ асаалгүй мотоциклоо явган хөтөлсөөр уулын зам уруудан хот руу орж, гэрэлтүүлэг тавигдсан засмал замруу орж ирээд л унаагаа асаан мордлоо. Хамгийн түрүүн тааралдсан шатахуун түгээгүүр дээр зогсож банкаа дүүргээд шууд нийгатаг чиглэн орон нутгийн нарийн засмалуудыг солбин давхисан. Эндээс нийгата хүртэл ердөө 150 км, банкин дээрээ гялгар хавтсанд хийж дэлгэн байрлуулсан газрын зураг, замын тэмдэгүүдийг харьцуулан явахад төөрөх зам байхгүй ажээ. Хэдийгээр зураг болон замын тэмдэг хаягуудаас үзвэл Хантай 3 нь ч жижиг хотыг дайран өнгөрсөн боловч, замын хажуугаар өнгөрөгч байшингууд огтхон ч тасрахгүй үргэлжлэх бөгөөд мань эрийн хувьд бол нэг л том хотын дундуур явж байгаа мэт сэтгэгдэл төрнө.

              Ингээд өглөөний 6 цагийн алдад өглөө болсон хойно Нийгата руу орж ирэв. Мань эр хотын төв рүү яаран орохыг хүсэхгүй байлаа. Тэр одоо ууланд хэд хонохдоо боловсруулсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд нь хэрэгтэй тийм зүйлийг хайж байлаа.

Таруу байрласан хотын захын хашаа байшингууд энд тэнд харагдах гудамжуудыг сэлгэн явсаар бараг цаг явсны дараа хайж байсан зүйл нь нүдэнд туслаа.

Энэ бол төмөр торон хашаанд бүтэн, хагас зүсэн зүйлийн хуучин мотоцикл хураасан хуучин саарал байшин байлаа. Хантай торон хашааны үүдийг олж хонхны товчлуур дээр дарахад тунчиг удалгүй байшингийн хаалга онгойж, бууралтаж яваа сахлаа хусаагүй 50 эргэм насны хүн гарч ирлээ.

-Өглөөний мэнд

-Өглөөний мэнд... Хижээл эр түүн рүү огтхон ч гайхсан шинжгүй дөхөн алхах зуураа мотоцикл руу нь харахгүйг хичээх мэт.

-Уучлаарай, үнэндээ бол би энэ мотоциклийг таньд хямдхан зарах гэсэн юм.

-Хэд гэж байгаа юм.

-Тавин мянга.

-Тийм үнээр би юм авдаггүй.

-Гучин мянга.

-Гурван мянгаар авъя.

-Таныг ойлголоо. Гэхдээ надад нэг аргагүй асуудал гараад л. Тэгээгүй бол би энэ байкийг зүгээр л замын хажууд хаячихаад л явчих байлаалдаа. Хижээл эр түүн рүү анхааралтай ширтэв.

-Би гадаадын оюутан л даа.  Жоецүгийн их сургуульд сурдаг юм. Тэгээд уг нь өнөө өглөөний сеулийн онгоцоор нутаг буцах байсан юм. Надад яг онгоцны билет авах л хэмжээний мөнгө байсан болохоор буудалд хонох мөнгөө хэмнээд өчигдөр дотуур байрандаа хоноод өглөө эрт гараад шууд нийгатагийн нисэх буудал хүрээд явчих санаатай байсан юм. Гэтэл жаахан оройтож босоод онгоцноосоо хоцорчлоо.

Хижээл эр хэнэггүй царайлан яриаг нь сонсоно.

-Тэгээд маргаашийн онгоцоор нисэхээс өөр аргагүй боллоо. Тэгээд л ганц хоногийн буудал, хоолны мөнгөөр өгчих санаатай. Энэ байк зүв зүгээрээ... гээд өдий хүртэл асаалттай нормалдаж байсан мотоцклоо хаазалж үзүүллээ. Уг нь би ноднин тавин мянгаар авсийн. Та зүгээр шууд л зарчихна. Ямарч асуудалгүй... хэмээн Хантай үргэлжлүүлэн шаллаа.

-          Тэгээд чи яг хэдийг хүсээд байгаан? Гэж хижээл эр тэсвэр алдан дуугарахад, Хантай:

-          Хэрвээ та намайг өнөөдөр гэртээ хонуулаад маргааш нисэх хүргээд өгвөл би танд энэ байкийг зүгээр л өгчихье.

Хижээл эр бодолхийллээ. Мэдээж тооцоо бодож байгаа. “Бэлэн мөнгө гаргалгүйгээр нисэх руу ганц явах л ажил. Мэдээж авалгүй явуулчихвал маргааш нисэхийн ойролцоох зам дээр орхиж л таарна. Гэлээ ч түүнийг очиж авах гэж тэртэй тэргүй нисэх орж л таарах нь, бас дээрээс нь хайж олох гэж ядаргаа болно. Мөн өөр хүн олоод авчиж магадгүй. Уг нь ч бүрэн ажиллагаатай байкийг бол оросын наймаачид шууд л дал наян мянгаар шууд авчина л даа. “ иймэрхүү л юм бодож зогссон байх гэж Хантай тааж байлаа. Хижээл эр халааснаасаа тамхи гарган нэгийг сугалаад Хантай руу нүдээрээ дохиход мань эр гараа явуулан мөн нэгийг сугалж авлаа. 2уул тамхиа асаан утааг нь шившиж хэсэг дуугүй зогсоод хижээл эр ам нээж:

-Тиймдээ. За за орж кофе ууцгаая... хэмээгээд төмөр торон хаалгаа цэлийтэл нээлээ.                               

              Мотоциклийн наймаачин эр мөн л америк маягийн амьдралыг эрхэмлэдэг нэгэн бололтой ажээ. Төмөртэй ноцолддог хүний шинж болсон гэр нь бүхэлдээ гараж болон элдэв сэлбэгийн агуулах болсон байх бөгөөд нямбай хурааж цэгцэлсэн төмөр тавиурууд дээр зүсэн зүйлийн сэлбэг хураалттай байх ажээ. Зөвхөн гөл тогооны өрөө, бодвол бас унтлагын өрөө байгаа биз гэсэн байшингийн нэгээхэн булан л хүн амьдрах зориулалттай мэт харагдах ба ярайсан олон сэлбэгийн тавиур бүхий цэлгэр том өрөөний голд хуучин телевизор ба өргөн креслог өөд өөдөөс нь харуулан тавиад хажууд нь асар том үнсний сав байрлуулсан нь мань эрийн гол цагаа өнгөрөөдөг лийвин руум бололтой үзэгдэнэ.

                      

              Хоюул өтгөн кофе тамшаалан тамхи баагиулангаа товчхон танилцан яриа үүсгэв. Жоэцү гэдэг нь Нийгатагаас урагшаа ганц цаг хэрийн зайтай жижиг хот бөгөөд их сургуультай юм. Монгол гэдэг чинь хаахна байдаг билээ, аа тийм бил үү, тэнд чинь тэгээд бас мотоцикл их хэрэглэхүү гэх мэтийн юм асууна.

Нөгөө алдарт нүүдэлчин ард түмэн маань сүүлийн тавиад жил морь биш мотоцикл голдуу унадаг болсон хийгээд нэг мотоцикл дээр гэр бүлээрээ багтаад явдаг гэсэн ярианы хэсэг мань эрийн анхаарлыг онцгой татсан боловч бусдаар бол огт ойшоосон шинжгүй хэнэггүй сонсох ажээ. Хижээл эрийн толгойд мотоциклоос өөр юм бараг ордоггүй болов уу гэмээр бөгөөд дэлхий дээр гол нь япон америк гэсэн 2 улс байдаг, бусад олон улс гүрэн байдагч нэг их ач холбогдол өгөх шаардлагагүй гэж ойлгодог бололтой ажээ.

              Энэ нь ч Хантайн сэтгэлд бүрэн нийцэж байв. Түүний хувьд хамгийн гол нь маргааш өглөө нисэх дээр халхавч болгох хэний ч анхааралд өртөмгүй жирийн япон иргэн, бас өдөр гадуур холхиж амьтны анхаарал татаад байлгүй чимээгүй бүгэх байр хоёр л хэрэгтэй байсан агаад элдэв нарийн ширийн зүйл тоочоод байх хүсэл огт байсангүй тул тухайн байдал нь Хантайн эрх ашигт бүрэн таарч байлаа.

Кофе ууж дуусахад мөн яриа дуусч хижээл эр босч аягаа хураагаад “за, би гарч жаал жуул юм хумаа цэгцлэх хэрэг байна, чи эрт босч ядарсан байх унтаж амарсан ч болно” хэмээгээд агуулах өрөөний буланд байх нарийхан боловч зөөлөн пүрштэй зузаан матрасыг заахад Хантай мөн л хэзээ язааны америк барилыг авсан хүний шинжээр олон үггүй “Ок” хэмээн толгой дохиод матрас дээр очиж курткээ нөмрөн бүхлээрээ хэвтээд нам унтлаа.

              Агшаасан будаа хийгээд, шарсан хуурсан хоолны амттайхан үнэр ханхалж, аяга таваг дуугарах чимээнээр Хантайг сэрэхэд гадаа харанхуй болсон байлаа. Ухасхийн босч гал тогооны өрөөнд ороход хижээл эр баахан загас ногоотой тэнфүра шарж, болсныг нь ширээн дээрх тавагнуудад гаргаж байлаа. “Оройн мэнд” гэж мэнд мэдээд нойл орчихоод гарж ирэхэд хоолны ширээ хэдийн бэлэн болоод дээр нь 2 лааз “Асахи” чийдэнгийн гэрэлд гялбалзан харагдах авай.

Хоюул пивоо задлан тулгаад лаазаар нь хөнтөрч, ширээн дээрх цумамигаас ээлжлэн шүүрч даруулсаар яриа дэлгэв. Сэдэв нь мэдээж мотоцикл, бүх төрлийн мотоциклийн алдаа оноог шүүн ярилцаж дуусаад Хонда бол номер нэг гэдэг дээр санал нийлэх үед хэдийн шөнийн 12 цаг өнгөрч ширээ хоосроод бас пивоны дуусашгүй нөөц мэт санагдаж байсан хөргөгч ч хоосорсон бололтой өрөөний буландах хогийн сав бяц гишгэсэн асахины лаазаар дүүрсэн байлаа.

Хантай энэ хооронд бас зүгээр суусангүй нэвт норсон зиппо-гоо задалж өрөөний халаагуур тен дээр дэлгэн хатаагаад буцаан угсарч механик эрээс нөөц шингэн авч зад цэнэглээд гар хүрэв үү үгүй юу бадран асахаар болгон бэлдэж авсан нь түүний гол ажил байлаа. Маргааш өглөө энэ аминд орох болно.

Өглөө 5 цаг 30 минут гэхэд мань хоёр нисэх буудлын зогсоол дээр машинаа байрлуулаад зогсож байлаа. Урьд оройны ярианы улмаас сайн нөхөд болсны хувиар мань эр Хантайг өөрийн биеэр гаргаж өгөхөөр шийдсэн нь энэ юм. Хоюул дотогшоо орвол нисэх буудал том биш бөгөөд нэгдүгээр давхарт нисэх компаниудын хаяг ярайн харагдах ба цорын ганц кориан эйрийн гэрэл асчээ. Хантай цүнхээ нээж дугтуйтай мөнгө, паспортоо гарган хижээл эрд өгөөд “Миний гэдэс базлаад болдгүэ, урд шөнө хэтрүүлсэн юм шиг байна. Та очоод сеулээр дамжаад улаанбаатар орох билет авчих, би нойл орлоо” гэж хэлээд үгийн зөрөөгүй хажуугийн нойл руу зүглэлээ

Хантай харин нойл орсонгүй. Тэр бол мэдээж хамгийн аюултай газруудын нэг. Тэрүүхэн буланд нуугдасхийн зогсоод эргэн тойрноо хянамгай ажлаа. Цаг эрт байсан тул хүн амьтан ч үгүй сэлүүхэн байсан ба сеулийн онгоцоор нисэхээр ирсэн хүмүүс шууд л хоёр давхар руу гарч байлаа. Нэг давхарт мань хоёроос өөр хүн байхгүй байлаа.

Хижээл эр билет аваад эргэхэд нь Хантай тосон очив. Билетээ аваад бас хариулт хоёр мянган иенийг дээр нь тавиад өгөв. “Танд баярлалаа, хариултыг та ав” гэж хэлэхэд хижээл эр толгойгоо сэгсрээд “хол явж байгаа хүнд хоол хэрэгтэй” гээд хөдөлсөнгүйд аргагүй авч халаасандаа хийв. Хоюул ханиндаа 2 давхар руу гарч чек ин хийгээд хилийн шалганы хаалгандээр ирэн салах болов. Хэдийгээр жирийн наймаа хийж гэмгүй танилцсан ч ганц хоногийн дотор чамгүй дотно болсон мань хоёр америк эрчүүдийн маягаар гараа чанга атгалцан салах ёс хийж билээ.

Ингээд амьд мэнд хил гарч нэг гүнзгий амьсгаа аваад секюрити руу шийдэмгий алхан очлоо. Одоо бол бөгжөө анхаарал татуулалгүй авч гарах бас нэг асуудал байна. Дараалалын дагуу хаалган дээр очоод хар цүнхээ рэнтген камер руу оруулаад хаалгаар гарав. Гаальчин эр түүнийг хуруугаараа дохин дуудаад цүнхээ нээ хэмээв. Хантай зүрх бага зэрэг цохилсон ч хэнэггүй царайлан цүнхээ онгойлготол гаалийн хүн сурмаг хөдөлгөөнөөр уудлан бөгж, зиппо, тонгорог гурвыг яг дарааллаар нь гаргаж ирлээ.

.

              Мэдээж тонгорогыг үгийн зөрүүгүй хураан авч шилэн хайрцагт хийв.

-Энэ жирийн тонгорогшдээ. Нисэгчдийн багт хадгалуулаад явж болдог биздээ?

-Тэр болохгүй.

-Хэзээнээс тийм болоов?

-Болохгүй... Хантай царайгаа үрчийлгэн бууж өгөв.

Шатах шингэн нэвт ханхлах зиппог мөн хураан авахад Хантай

-Наадахыг чинь би арван хоёр мянган иенээр авсан эд, ингээд хураалгамааргүй байна... гэж хэл ам татлав.Болохгүй

-Тэгвэл би буцаж гараад наадхыг чинь гэррүүгээ шуудангаар явуулчихая.Болохгүй

-Та ойлголдоо, их үнэтэй эд шүү дээ. Ядахдаа доторхийг нь хураалгаад гаднахыг нь аваад явъя. Яахав очоод өөр дотор хийчъе. Гуйж байна.

Гаалчин эр яая даа гэсэн байдлаар нэг харснаа өөр нэг хүн шалгаж байгаа байцаагч дээр очин бяцхан зөвлөснөө буцаж ирээд зиппог онгойлгон доторхийг нь салгаж шилэн хайрцагтаа хийгээд гадрыг нь буцааж өгөв.

-Энэ юу вэ?

-Эмээгийн бөгж... Гаальчин ойшоосон шинжгүй боолтны гаднаас бөгжийг барьж үзээд сарвайхад Хантай шүүрэн авч цүнх рүүгээ шургуулангаа, “асаагуур үлдээсэнд баярлалаа” гэж бувтнаад алга болж өглөө.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3530380/fbf/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107127
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12717
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10924
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11672
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11037
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12168
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12348
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15665
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10880
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11419
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11208
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10857
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11489
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11313
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11017
배너신청
자생병원

배너신청