Эмэгтэй хүний үр дамжуулах хоолой, эрэгтэй хүний үрийн сувгийг бичил мэс заслын арга хэрэглэн боох аргууд байдаг.
Эмэгтэй хүний умайн үр дамжуулах хоолойг боох арга:
Энэ нь эмэгтэй хүний умайн үр дамжуулах хоолойг таслан боож, өндгөвчинд боловсорсон өндгөн эсийг эр бэлгийн эстэй нийлэх боломжгүй болгодог арга юм.
Давуутай тал:
- Амьдралынх нь туршид сайн үр дүнтэй байдаг.
- Ямар нэг зүйлийг худалдан авах, мартахгүй байх, эмчид байнга үзүүлэх шаардлага гардаггүй.
- Бэлгийн чадавхи ба бэлгийн амьдралд ямар ч муу нөлөө үзүүлдэггүй.
- Дөнгөж амаржсны дараа хэрэглэх боломжтой, сүүний гарцанд нөлөөлөхгүй
- Гаж нөлөөгүй
- Эрүүл мэндийн байдлын улмаас жирэмсэлж болохгүй эмэгтэйчүүдэд хэрэглэхэд тохиромжтой
Сул талууд.
- Тусгай шаардлага хангасан мэс заслын өрөөнд заавал мэргэжлийн эмч хийх шаардлагатай.
- Мэс засал ба мэдээ алдуулалттай холбоотой хүндрэлүүд гарч болох талтай.
- Жирэмслэхийг хүссэн үед үрийн хоолойн дамжуулах чадварыг дахин сэргээх боломж хязгаарлагдмал байдаг.
- Цөөн боловч умайн гаднах жирэмслэлт болох тохиолдол гардаг.
- Бэлгийн замын халдваруудаас хамгаалдаггүй.
Анхаарах зүйл.
- Уг мэс заслыг зөвхөн сайн дурын үндсэн дээр хийнэ.
- Хожмоо гаргасан шийдвэртээ харамсаж болох хүмүүст энэ аргыг сонгох үед нь сайтар тайлбарлах хэрэгтэй байдag
нас залуу болон гэрлээгүй эмэгтэйчүүд
хүүхэдгүй эсвэл хүүхэд цөөнтэй
нөхөртэйгөө энэ талаар ярилцаагүй
гэр бүлийн түр зуурын маргаантай байгаа
сэтгэл санааны хямралтай байгаа
- Дараах тохиолдолд мэс заслыг хэсэг хугацаагаар хойшлуулах шаардлага гардаг. Үүнд:
жирэмсэн үед
жирэмсэлсэн эсэх нь тодорхой бус байгаа тохиолдолд
умайн хүзүүний үрэвсэл болон бага аарцгийн эрхтнүүдийн үрэвсэл
бэлэг эрхтний хорт хавдар
элэгний хурц үрэвсэл
амьсгалын замын болон хоол боловсруулах замын хурц үрэвсэлт өвчин
цусны даралт ихсэх хямрал
зүрхний дутагдал
зүслэг хийх хэсгийн арьсны халдвар эсвэл мэс засал хийсэн талбайн үрэвсэлсаяхан хүндрэлтэй төрсөн эсвэл үр хөндүүлсний дараа
Эрэгтэй хүний үрийн сувгийг боох арга:
Төмсөгөнд боловсорч гүйцсэн эр бэлгийн эсүүдийг дамжуулах үүрэгтэй үрийн сувгийг мэс заслын аргаар тасалдаг. Ингэснээр эр бэлгийн эсүүд нь түрүү булчирхай ба үрийн цэврүүнээс ялгарсан үрийн шингэнд орох боломжгүй болно. Энэ ажилбарыг хэсэг газрын мэдээ алдуулалтын дор 15-20 минутын хугацаанд хийдэг.
Давуутай тал:
- Үр дүн сайтай
- Аюулгүй бөгөөд амьдралынх нь туршид байнга үр дүнтэй байдаг
- Бэлгийн чадавхи ба бэлгийн таашаал авахад ямар ч муу нөлөө үзүүлдэггүй
- Хэрэглэхэд хялбар
- Өртөг багатай
- Үр дүнг нь шалгахад хялбар
Сул талууд:
- Мэс заслын дараа 2-3 хоног хуухнаг орчим эвгүй оргих
- Мэс засалтай холбоотой хүндрэл гарч болох талтай
- Мэс заслыг эмнэлгийн нөхцөлд, мэргэжлийн эмчээр хийлгэх шаадлагатай
- Мэс заслын дараах 3 сарын хугацаанд үрийн шингэнд эр бэлгийн эс агуулагдаж болох тул өөр арга хэрэглэх шаардлагатай байдаг
- Мэс заслын дараа хүүхэдтэй болохыг хүссэн үед үрийн сувгийн дамжуулах чадварыг дахин сэргээх боломж хязгаарлагдмал байдаг.
- Бэлгийн замын халдваруудаас хамгаалдаггүй.
Анхаарах зүйл:
- Энэ аргыг дахин хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа эрэгтэйд өөрийнх нь сайн дурын үндсэн дээр хийнэ.
- Одоогоор манай улсад энэ ажилбарыг хийхийг зөвшөөрсөн хууль эрхийн баримт гараагүй байгаа
Энэ арга нь эрэгтэй хүний бэлгийн чадавхид муугаар нөлөөлөх эсэхэд хүмүүс их санаа зовдог. Хагалгааны дараа эрэгтэй хүний бэлгийн дур хүсэл, чадавхи, үрийн шингэний хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй, зөвхөн үрийн шингэн нь эр бэлгийн эс агуулахгүй болдог. |