Өндгөн эс өндгөвчнөөс боловсорч гадагшлах хоногуудад бэлгийн хавьтлыг түр тэвчих эсвэл бэлгэвч хэрэглэх арга юм. Дараагийн сарын тэмдэг ирэхээс өмнөх 12 – 16 дахь хоногуудад өндгөн эс боловсорч гадагшилдаг. Өндгөн эс гадагшлах үеийг хуанли хөтлөх, шулуун гэдэсний халуун үзэх зэргээр тодорхойлж болох боловч нямбай, зөв, нэлээд урт хугацаанд үзэх шаардлагатай байдаг.
Хэрхэн хамгаалдаг вэ?
Өндгөн эс боловсрон гадагшилж, үр тогтох чадвартай байх үед нь эр бэлгийн эс нийлэхээс сэргийлнэ.
Давуутай тал:
- Дааврын нөлөөгүй
- Гаж нөлөөгүй
- Бэлгийн хавьталд нөлөөлдөггүй
Сул тал:
- Өндгөн эс боловсрон гадагшлах хугацаа нь тогтмол биш байдаг учир найдвар муутай
- Хуанли байнга хөтлөж, тооцож байх шаардлага гардаг
- Сарын тэмдгийн мөчлөг тогтмол биш эмэгтэйчүүд хэрэглэх боломжгүй
- Амаржсны дараа сарын тэмдэг ирээгүй эмэгтэй хэрэглэх боломжгүй
Хэрэглэх арга:
Дараагийн сарын тэмдэг ирэхээс өмнөх 12 – 16 дахь хоногуудад өндгөн эс боловсорч гадагшилдаг. Гэхдээ тухайн үеийн сэтгэл санаа, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өндгөн эс гадагшлах хугацаа өөрчлөгддөгийг анхаарах нь зүйтэй.
- Өндгөн эс гадагшлах өдрүүдийг олно.
- Өндгөн эс гадагшлах магадлалтай эхний өдрөөс урагш эр бэлгийн эс эмэгтэй хүний биед ороод үр тогтоох чадвартай байж болох 2 өдрийг хасна.
- Сүүлийн өдрөөс хойш өндгөн эс үр тогтох чадвартай байж болох 2 өдрийг нэмнэ.
- Жирэмслэх магадлалтай өдрүүдийг сар, өдрөөр нь тэмдэглэнэ.
- Энэ хугацаанд бэлгийн хавьтлаас түр тэвчих, эсвэл бэлгэвч хэрэглэнэ.
Анхаарах зүйл:
- Хуанли хөтлөх арга нь найдвар муутай тул жирэмслэхээс хамгаалах өөр аргуудын талаар мэдээлэл авч, хэрэглэх нь зөв
- Өсвөр үеийнхний дунд сарын тэмдэг дууссаны дараах 7 хоногт, эсвэл сарын тэмдгийн эхний ба сүүлийн 10 хоногт жирэмслэдэггүй гэсэн буруу мэдээлэл тархсан байдгийг анхаарах.
|