Найман настай охиныг хүчирхийлсэн С.Золжаргал гэж хэн бэ?

Булбарай жаахан охиныг бузарлаж, дур хүслээ харгис хэрцгийгээр хангасан жигшүүрт хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан. Цэцэг цэврүү шиг нялх охиныг эрэмдэглэж, бие болоод сэтгэл санаанд нь насан туршид нь хямралд оруулсан сэжигтнээр С.Золжаргал гэгчийг татаад буй. Нэрийг нь хэлэхээс ч зэвүүцэл төрөх энэ эр Онцгой байдлын ерөнхий газрын, Авто баазын дарга, ахмад цолтой нэгэн. Тэрбээр эхнэр таван настай хүүгийнхээ хамт Сонгинохайрхан дүүргийн 22, дугаар хороо, Тахилт гэдэг газар амьдардаг аж. Сэлэнгэ аймгийн харьяат 17 настайгаасаа ОБЕГ-т ажилласан бөгөөд тэрбээр ОБЕГ-ын дарга Л.Амгаланбаярын жолоочоор ажиллаж байжээ. Одоогоос хоёр жилийн өмнө түүнийг ОБЕГ-ын Авто баазын газрын даргаар томилсон аж. Өдгөө 33 настай, дээд боловсролтой, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй нэгэн.Түүний тухай хамт ажиллагсдаас нь тодруулахаар Орбитын эцэст байрлах ОБЕГ-ын Авто баазын газарт очлоо. Хамт ажиллагсдын хэн нь ч түүний талаар үг унагахгүй хүсээгүй бөгөөд мэдээлэл өгөхгүй байхыг сануулсан бололтой.


Нэрээ, нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж "Түүнийг ийм хэрэг хийсэн гэдэгт бид итгэхгүй байгаа. Хэнд ч гэм хор хүргэхээргүй даруу, төлөв, дуу цөөтэй хүн. Үнэн зөвийг хууль, хяналтын байгууллагынхан тогтоох биз. Ийм хэрэг гарсан талаар бидэнд мэдээлэл ирсний дараа бид шуурхай хуралдсан. Олон хүн гайхаж, эргэлзэж байгаа" гэсэн юм. Мөн өөр нэгэн эх сурвалж "Манай Онцгой байдлын ерөнхий газрын дэг журам, ёс зүй сүүлийн жилүүдэд их алдагдаж байна. Байгууллагаар нэг согтуу хүмүүс бие биедээ агсраад, хөл, гарыг нь хугартал зодож, архины мөнгө нэхээд байдаг сурагтай. Зарим нь ч арга хэмжээ авахуулж л байна. Түүнээс гадна хэд хэдэн хүний нэр дуулдана лээ. С.Золжаргалын хувьд тийм хэрэг хийсэн үгүйг мэдэхгүй ч манай байгууллагын нэр төрийг нэг мөсөн бузарлалаа. Хэрвээ үнэн бол тэр хүн гэр бүл, үр хүүхдийнхээ царайг харах ч эрхгүй болж байх шиг байна" гэв.Амьдралыг гэрэл гэгээ, цагаан цайлганаар төсөөлөн өдрөөс өдөрт тусад орж, дуу хуур болон найз нөхөдтэйгөө инээлдэн гүйж явсан хохирогч М өнөөдрийг хүртэл хэнтэй ч дуугарахгүй байгаагийн дээр өөрөө бие засах чадваргүй болсон тухай албаны эх сурвалж өгүүлэв. Сэтгэлзүйн гүн хямралд орсон охиноос ямар нэг зүйл асуух, шалгаахыг ЭНЭШТ-ийн эмч нар одоогоор хориглосон байна.Хичээлээ тараад харихаар явж байсан М-ийг сэжигтэн С.Золжаргал машиндаа хүчээр оруулж, хүчирхийлээд дур хүслээ хангасны эцэст нүцгэн чигээр нь гудамжинд орхиод хэргийн газраас зугтсан аж. Улмаар баруун хөл хөлдсөн байна. Охиныг хүчиндүүлсэн тухай иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн байна.Охин зөвхөн ээждээ л цэргийн цэнхэр хувцастай хүн өөрийг нь машиндаа чирч оруулсан тухай шивнэсэн гэнэ. Үүний дагуу Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагч гэдгийг цагдаагийн ажилтнууд тогтоож, С.Золжаргалыг саатуулсан байна. Зарим эх сурвалж "С.Золжаргал өчигдөр охиныг хүчирхийлсэн гэдгээ хүлээсэн" гэв. Тэрбээр цагдаа нар түүнийг баривчлахад огт эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд "Эхний мэдүүлэгтээ ийм хэрэг үйлдээгүй хэмээн мэдүүлсэн байна. Гэвч охины биед шинжилгээ хийхэд С.Золжаргалын үрийн шингэн илэрсэн нь тогтоогдсон гэдэг. Түүнд Эрүүгийн хуулийн 126.3 дугаар заалтаар эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Уг заалтад бага насны хүүхэд болон 14 нас хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 15-25 жил хүртэл хорих, эсвэл цаазаар авах ял тусгагдсан байдаг.